| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0034/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 33
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Эрдэнэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818008910023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум Өргөө 17 дугаар баг 21 дүгээр хороолол 7а байрны 06 тоотод оршин суух, “Уулс ноён” ххк-д нярав ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Дондоогийн Эрдэнэбаяр РД:/ТЗ-80062419/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт орших Хэрээн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг Уулс Ноён ХХК-ний уурхайд ажиллаж байхдаа тус уурхайн ажилтан болох Ч.Түвшинжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт орших Хэрээн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг Уулс Ноён ХХК-ний уурхайд ажиллаж байхдаа тус уурхайн ажилтан болох Ч.Түвшинжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Эрдэнэбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Д.Эрдэнэбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Түвшинжаргалын 2018 оны 12 сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Хэрээн гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Уулс Ноён алтны уурхайд гагнуурчин ажилтай юм. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 07 цаг 30 минутын үед би босоод гал тогоонд цай уугаад сууж байхад гаднаас Д.Эрдэнэбаяр орж ирээд пизда минь тэр дизель хөдөлгүүрээ асаа гэж надад хэлсэн. Тэгээд би гараад дизелийг асаасан чинь чи маслын шүүргүй байхад нь асаалаа гээд уурлаад миний бөгс рүү өшиглөөд авсан. Тэгэхээр нь би та яахаараа дандаа намайг дээрэлхэж байдаг юм бэ гэж хэлсэн чинь түлшний маниулаар миний толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд би ухаан алдаад унасан. Намайг унасаны дараа миний толгой руу өшиглөөд байсан. Би хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй. Ухаан орсон чинь толгой руу өшиглөж байсан. Тэгээд би ахаа одоо болоо шүү дээ би үхлээ шүү дээ гэж хэлсэн чинь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
Гэрч М.Анхбаярын 2019 оны 01 дүгээр 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Д.Эрдэнэбаяр нь сургуульд байхдаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи тамхи хэрэглэдэггүй нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
Гэрч Б.Батхишигийн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ч.Түвшинжаргал нь хүлээн авах тасгаар ирж үзүүлсэн. Үзлэг хийхэд тухайн өвчтөний доод уруул дотор талдаа язарсан шархтай, шарх орчимд хавдартай байсан. Мөн зүүн чихний дэлбээ язарч урагдсан шархтай байсан. Тухайн өвчтөнд гэмтлийн талаасаа голомтлосон шинж байхгүй гавал тархины битүү гэмтэл байхгүй хүүхэн хараа 2 талд ижил байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
Гэрч Д.Дарханбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн орчимд би ажилдаа гарах гээд явж байтал миний өөдөөс Ч.Түвшинжаргалын хамар амнаас нь цус гарчихсан байдалтай ирсэн. Ч.Түвшинжаргал надад хэлэхдээ Д.Эрдэнэбаяр ах очоод дизель мотор асаа гэхээр нь очоод асаасан чинь Д.Эрдэнэбаяр ах араас ирээд өшиглөөд зодчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1152 дугаартай:
“1.Ч.Түвшинжаргалын биед тархи доргилт, доод уруулын язралт, толгойн баруун талын хуйх, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/
Дархан-Уул аймгийн Саран Элит клиникийн эмнэлэг дүрс оношлогооны тасаг, рентген оношлогоо /хх-ийн 40-50 дугаар тал/
Д.Эрдэнэбаярын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 61-62 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт орших Хэрээн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг Уулс Ноён ХХК-ний уурхайд ажиллаж байхдаа тус уурхайн ажилтан болох Ч.Түвшинжаргалыг моторын маниулаар толгой руу нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.Эрдэнэбаярын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.Түвшинжаргалын тархи доргилт, доод уруулын язралт, толгойн баруун талын хуйх, зүүн чихэнд зулгаралт тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Түвшинжаргалд шүүгдэгч Д.Эрдэнэбаярын зүгээс эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Эрдэнэбаярын тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Эрдэнэбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Монгол овогт Дондоогийн Эрдэнэбаярыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Дондоогийн Эрдэнэбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Эрдэнэбаярт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Эрдэнэбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Д.Эрдэнэбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Д.Эрдэнэбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ