Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 374

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Хайрхан сумын 1-р багт оршин суух Шинчүүд овогт Эрдэнэцогтын Мягмарсергейн /РД:АК92081104/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуульд холбогдох

Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Мягмарсергей, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Баярбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Э.Мягмарсергей шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Архангай аймгийн Багшийн сургуулийг 2014 оны 06 сарын 09-ны өдөр төгсөөд 2015 оны 09 сарын 07-ны өдөр  Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд мэдээлэл зүйн багшаар түр томилогдон ажилласан. Мэдээлэл зүйн багшаар ажиллаж байх хугацаандаа математикийн багшийн орон тоо гарахад тус ажлын орон тоон дээр намайг шилжүүлэн ажиллууласан. Тэгэхдээ тушаал гаргаагүй. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, илүү цагаар сургуулийнхаа мэдээлэл харилцаа, холбооны асуудлыг шийдвэж ажилладаг байсан. Гэтэл 2016 оны 04 сарын 05-ны өдөр тус сургуулийн захирал Г.Баярбат Х.Цэрэнханд гэдэг хүнийг ажилд авахын тул намайг ажлаас халсан. Иймд Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Баярбат шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Мягмарсергей  2015 оны 09 сарын 09-ний өдрийн Б/26 тоот тушаалаар мэдээлэл зүйн багш Л.Нарантөгсийг жирэмсний амралттай байх хугацаанд түр томилогдож ажиллаж байсан. 2016 оны 01 сарын 11-ний өдрийн б/03 тоот тушаалаар Л.Нарантөгс ажилдаа буцаж орсон. Тус сургуулийн математикийн багш Г.Нансалмаа нь Солонгос улс руу яваад ирэхгүй байсан учир математикийн багш сонгон шалгаруулж авахаар болсон. Сургалтын менежер Б.Доржпүрэв нь сонгон шалгаруулалт зарлан тус саналаа Боловсрол соёлын газар хүргүүлсэн. Сонгон шалгаруулалт болох хугацаанд багш хэрэгтэй байсан болохоор Э.Мягмарсергейг түр авч ажиллуулах болсон юм. ... Э.Мягмарсергейг ажлаас нь чөлөөлж сонгон шалгаруулалтанд оруулах шаардлагатай болсон тул 2016 оны 04 сарын 05-ны өдрийн б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлж өөрт нь танилцуулан сонгон шалгаруулалт 2016 оны 04 сарын 07-нд болохыг хэлсэн. Э.Мягмарсергей нь сурагчидын  өргөдөл болон тушаалтай танилцаад гарсан. 2016 оны 04 сарын 07-ны өдөр шалгалт авч, хариуг 2016 оны 04 сарын 08-ны өдөр БСГазраас e_mail хаягаар авч шалгалтын комиссын гишүүд болох Доржпүрэв, Оюунтуяа, Цоггэрэл, Нэргүй, Саруултөгс нарын нүдэн дээр нээж хэвлэсэн. Тус сонгон шалгаруулалтанд Э.Мягмарсергей 0 оноо, Чанцалдулам 1 оноо авсан байсан. Сонгон шалгаруулалтын дүнгээр Чанцалдуламыг цагийн багшаар авсан. Мөн 2016 оны 08 сард 2016 оноос 2017 оын хичээлийн жил эхлэхээс өмнө дахин сонгон шалгаруулалт зарлаж математикийн багш авах болсон талаар тус 2 багшид хэлсэн. Манай сургуульд Х.Цэрэнханд гэдэг нэртэй багш болон ажилтан байдаггүй болно. Иймд Э.Мягмарсергей 08 сард болох сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй ба тэрхүү сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авч чадвал математикийн багшаар авч ажиллуулах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Нэхэмжлэгч Э.Мягмарсергей шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. 2016 оны 4 сарын 5-ны өдөр надад энэ  ажлаас халсан гэсэн тушаалыг өгөөгүй. 2016 оны 4  сарын 12-ны өдөр би тушаалаа гардаж авсан.  Нарийн бичиг надад өгөөгүй, 4 сарын 7-ний өдөр өөрөө ороод захирал нэг хувиа аваарай гэж хэлсэн, тэрийгээ авъя гэхэд бланк байхгүй гээд манаачаа явуулж бланк авчруулаад тэгээд надад хэвлэж өгсөн. Тэгээд манай сургуулийн багш нар ямар үндэслэлээр халсан юм  үзье гэхээр нь үзүүлсэн. Тэгсэн  залуу хүнийг цаашид ажиллуулах хэрэгтэй гээд бүгдээрээ захиралын өрөөнд орж саналаа хэлсэн. Тэгээд өрөөнөөс нь гарч явахдаа тэр тамга тэмдэггүй тушаалыг нь орхиод гарсан. Тухайн үедээ намайг сонгон шалгаруулалтанд орох ёсгүй байсан гэсэн тайлбар хэлж байна. Тэр үед би гомдол гаргах хугацаа гэж нарийн юмыг мэдэхгүй байсан учраас сонгон шалгаруултанд орсон. Би 2015 оны 5 сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа учир 2016 оны 4 сарын 5-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож,  математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2016 оны 5 сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр Мягмарсергей нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 заалтыг үндэслэн 2015 оны 9 сарын 9-ний өдрийн Б/26 тоот тушаалаар мэдээлэл зүйн багшийг өвчтэй байх хугацаанд  ажиллахаар түр томилогдсон байдаг. Ингээд ажиллаж байх хугацаандаа өвчтэй байсан багш нь  ажилдаа орсон. Ингээд  2016 оны  1  сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна.  Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын  2016 оны 1 сарын 12-ны өдрийн Б/84 тоот тушаалаар Мягмарсергейг  Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг үндэслэн математикийн багшийн ажилд сонгон шалгаруулалт болтол түр томилон ажиллуулсан байдаг. Тэгээд 2016 оны 4 сарын 5-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах гэсэн байдаг. Э.Мягмарсергей гэдэг хүнийг 2015 оны 9 сарын 9-ний өдөр түр ажилд аваад дараа нь нөгөө өвчтэй байсан хүн нь ажилдаа ирэхэд ажлыг нь хүлээлцээд, дараа нь математикийн багшийн сонгон шалгаруулалт болтол гэсэн болзолтойгоор түр математикийн багшийн ажилд авч ажиллуулсан байдаг. Ингээд болзол тавьж ажилд авчихаад дараа нь ажлаас халахдаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор гээд халсан байна. Энэ тушаал бол буруу юм. Яагаад буруу байна гэхээр үнэхээр сонгон шалгаруулалт болоод нөгөө хүн нь тэнцээд Мягмарсергей тэнцээгүй бол ажлаас нь чөлөөлж болно. Гэтэл сонгон шалгаруулалт нь болоогүй байхад буюу 2016 оны 4 сарын 5-ны өдөр  ажлаас нь халсан байна. Сонгон шалгаруулалт нь 2016 оны 4 сарын 8-ны өдөр болсон байдаг. Дараагийн асуудал нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хууль тогтоомж баримтлаагүй байна гэж үзэж байна. Ер нь ажилд авсан болон ажлаас халсан тушаалууд хууль буруу хэрэглэсэн байна. Одоо энэ ажилд авсан тушаалын талаар ярихгүй. Ажлаас халсан тушаалын талаар маргаж байгаа. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч энэ ажлаас халсан тухай 2016 оны 4 сарын 5-ны өдрийн тушаалыг 2016 оны 4 сарын 12-ны өдөр гардаж авсан байдаг. Тэгээд шүүхэд 2016 оны 5 сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байсан учраас нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 2016 оны 4 сарын 5-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Баярбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Э.Мягмарсергей нь 2015 оны 9 сарын 9-ний өдрийн Б/26 тоот тушаалаар Нарантөгс багшийг өвчтэй байх хугацаанд нь түр ажиллахаар томилогдсон. Тэгээд 2016 оны 1 сарын 11-ний өдөр Нарантөгс багш ажилдаа орсон учир Э.Мягмарсергейн ажлыг хүлээлцүүлж ажлаас чөлөөлсөн. Манай сургууль 2015 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн математикийн багшийн нэг орон тоо дутуу байсан. Нэг багш маань Солонгос яваад ирэхгүй байсан. Тэгээд нэг орон тоо сул учир Э.Мягмарсергейг математикийн багшийн сонгон шалгаруулалт зарлатал гэсэн болзолтойгоор  2016 оны 1 сарын 12-ны өдрийн  Б/04 тоот тушаалаар математикийн багшийн орон тоонд түр ажиллуулсан.  Ингэж ажилд томилохдоо манайх одоо сонгон шалгаруулалт зарлана, тэр сонгон шалгаруулалтанд ороод тэнцэх юм бол эндээ үргэлжлүүлээд ажиллаж болно гэсэн. Э.Мягмарсергей энэ тухай мэдээд хамгийн түрүүнд материалаа бүрдүүлж өгсөн.  Ингээд математикийн багш хэрэгтэй байгаа талаараа 2016 оны 1 сарын 18-ны өдрийн 31 тоот албан бичгээр Архангай аймгийн Боловсрол соёлын газар мэдэгдсэн. Мөн 2016 оны 2 сарын 5-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл Архангай телевизээр зар явуулсан. Э.Мягмарсергей 5 ангид математикийн хичээл зааж байх хугацаанд 2 ангиас багшийн заах ур чадвар муу, мэдлэг дутуу байна, өөр багшаар хичээл заалгах хүсэлттэй байна гэсэн бичиг ирсэн. Ингээд дунд боловсролын сургалт хариуцсан менежер  Доржпүрэв багштай ярилцаад 2 сард сонгон шалгаруулалт зарлах талаар ярилцсан. Тэгээд 3-р улирлын амралт гээд 14 хоног амарч орж ирээд 4 сард сонгон шалгаруулалтаа авахаар болсон. Тэгээд 2016 оны 4 сарын 5 өдөр Б/25 тоот ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, өөрийг нь дуудаж танилцуулаад нэг хувийг нь бичиг хэргийн ажилтнаас аваарай гэж хэлсэн. Тэгээд 4 сарын 7 өдөр сонгон шалгаруулалтын комиссийг томилох тушаал гараад бичиг хэргээсээ Э.Мягмарсергей тушаалаа авсан уу? гэж асуухад аваагүй байгаа гэсэн. Тэгэхээр нь ямар ч байсан  маргааш сонгон шалгаруулалт болохоос өмнө тушаалыг нь гардуулж өг гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 4 сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалт болсон. Сонгон шалгаруулалт авах комиссын бүрэлдэхүүнд нь ахлах дунд ангийн сургалтын менежер Доржпүрэв, бага ангийн сургалтын менежер Энхтуяа, гадаад хэлний багш Цоггэрэл, номын санч Саруултөгс гэсэн хүмүүс байсан. Манайх энэ сонгон шалгаруулалтын материалыг боловсруулаагүй, Боловсрол соёлын газраас материалыг 8-ны өглөө аваад тэрнийгээ бодуулсан. Энэ бодлогыг 1 цагаас 1 цаг 30 минутанд бодуулсан. Энэ бодолтыг бид нар засаагүй буцаагаад Боловсрол соёлын газар руу явуулсан. Ингээд 5 цагийн үед шалгалтын хариу ирсэн. Үүн дээр Э.Мягмарсергей багш 0 оноо авсан, нөгөө багш нь 1 оноо авсан байсан.  Э.Мягмарсергей багшийг цааш нь үргэлжлүүлээд ажиллуулах гэхээр 2 ангиас өргөдөл ирсэн учир нөгөө 1 оноо авсан багшийг түр тушаал гаргаад ажиллуул, 8 сард дахин сонгон шалгаруулалт зарлана гэж Боловсрол соёлын газрын дарга Амгаланбаатар дарга хэлсэн. Ингээд Чанцалдулам гэдэг багшийг түр ажиллуулахаар болсон. Одоо 2016 оны 8 сарын 20-ны өдөр дахин сонгон шалгаруулалт зарлана. Манай суманд Цэрэнханд нэртэй багш байхгүй. Манай суманд Цэрэнханд нэртэй нэг л хүн байдаг тэр нь эмнэлгийн их эмч хүн байдаг. 2016 оны 4 сарын 5-ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргаж өөрт нь мэдэгдсэн байхад  2016 оны 4 сарын 12-ны өдөр авсан гэж байгаад нь гайхаж байна. 2016 оны 5 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 4 сарын 5-ны өдөр Б/25 тоот тушаал гаргаж, Э.Мягмарсергейг өрөөндөө дуудаад танилцуулсан. Мөн хүүхдүүдийн өргөдлийг уншуулсан. Тэгээд өөрөө хүүхдүүд ингэж өргөдөл гаргасан юм чинь яахав дээ гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 4 сарын 7-ны өдөр сонгон шалгаруулалт авах комисс томилох тушаалаа  гараад бичиг хэргээсээ Э.Мягмарсергей  тушаалаа авсан уу? гэж асуухад аваагүй гэж байсан. Тэгээд маргааш нь сонгон шалгаруулалт болох учир тушаалыг нь гардуулж өгөхгүй бол болохгүй гэж бичиг хэргийн ажилтандаа хэлсэн гэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:      Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 4 сарын 5 өдрийн Б/25 тоот тушаал, 2016 оны 4 сарын 7-ны  өдрийн комисс томилох тухай тушаал зэрэг тушаалуудын хүрээнд өмгөөллийн үгээ хэлнэ. Нэхэмжлэгч өөрөө эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн үеэс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд 2016 оны 4 сарын 8-ны өдөр болсон сонгон шалгаруулалтанд орсон байдаг. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж байсан бол тэр сонгон шалгаруулалтанд орох шаардлагагүй байсан. 2016 оны 4 сарын 5-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байдаг. Тэгээд 4 сарын 7-ны өдөр сонгон шалгаруулалт авах комисс томилох тушаал гаргасан байна. Энэ тушаал гарснаас хойш сонгон шалгаруулалт явуулаад  Мягмарсергей шалгалт өгсөн тухай баримтууд байна. Нэхэмжлэгч тушаалаа 4 сарын 12-ны өдөр гардаж авсан гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 4 сарын 5-ны өдөр ийм тушаал гарсан гэдгийг мэдсэн байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн  129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн үеэс эхлэн гомдол гаргах хугацаа тооцогддог. Гэтэл тухайн тушаал гарснаас хойш гомдлоо гаргаагүй, тэр сонгон шалгаруулалтанд орсон байгаа нь тогтоогдсон. Иймд ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2016 оны 4 сарын 5-нд мэдээд хариуцагч тал тушаалаа аваарай гэж хэлсэн зэргээс харахад нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа энэ өдрөөс эхлэн тооцогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Э.Мягмарсергей нь Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуульд холбогдуулж  тус сургуулийн захирлын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн б/25 тоот Э.Мягмарсергейг ажлаас чөлөөх тухай тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2016 оны 05 сарын 11-ний өдөр гаргажээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч А.Мягмарсергей нь өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 04 сарын12-ны өдөр гардан авсан хэмээн нэхэмжлэлд тусгасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч Э.Мягмарсергей нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хэдэн сарын хэдний өдөр гардан авсан буюу шүүхэд хуулийн хугацаанд гомдол гаргасан гэдгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт бүрдүүлэх тухай санал хүсэлт гаргаагүй болно.

          Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ нотлоогүй учир шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар  Шинчүүд овогт Эрдэнэцогтын Мягмарсергейн /РД:АК92081104/ хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын  Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захиралын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН