Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Г.Цолмонгэрэл

 Хохирогч                                   Д.Бямбасүрэн

 Хохирогчийн өмгөөлөгч           М.Гансүх

 Шүүгдэгчийн өмгөөлөгч           А.Мөнхбат

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ж.Ганбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002950268 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 06-нд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 3, охин зээгийн хамт Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар баг Шимт элс сувилалын задгайд оршин суудаг, Сэлэнгэ аймгийн “Гэгээлэг трэйд” ХХК-д тоо бүртгэгч ажилтай байсан, улсаас авсан гавяъа шагналгүй, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Жадамбын Ганбат /РД:ГВ-61100678/

        

Холбогдсон хэргийн талаар:

 

   Яллагдагч Ж.Ганбат нь өөрийн ажил үүргийн хуваарьт зааснаас гадуур ажил гүйцэтгэж Agco MT665 DV маркийн тээврийн хэрэгсэл /трактор/ жолоодож байхдаа болгоомжгүй үйлдлийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Зүүн ширээ гэх газар тариалангийн талбайд Д.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Ганбат нь өөрийн ажил үүргийн хуваарьт зааснаас гадуур ажил гүйцэтгэж Agco MT665 DV маркийн тээврийн хэрэгсэл /трактор/ жолоодож байхдаа болгоомжгүй үйлдлийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Зүүн ширээ гэх газар тариалангийн талбайд Д.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Бямбасүрэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ганбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-нд 12 цагийн үед би ажил дээрээ байсан. Миний асаасан тракторын жолооч нь хадлангийн талбай руу явчихсан байсан юм. Би чиргүүл холбох гээд тракторынхаа тоормосонд дээр гишгэх гэж байгаад хаазан дээр нь гишгээд Д.Бямбасүрэн ахыг чиргүүл дугуй 2-ын хооронд хавчсан. Тэгээд би энэ талаар захиралд хэлсэн. Удалгүй манай ажилчид маань 5-10 минутын дараа ирсэн. Д.Бямбасүрэн ахад өвчин намдаах эм уулгасны дараа ар гэрийнхэнд нь хэл чимээ дуулгахад 30-40 минутын дараа Д.Бямбасүрэн ахын эхнэр хүүхдүүд нь ирээд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг

Хохирогч Д.Бямбасүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө би ажил дээрээ ажлаа хийгээд будаагаа зөөх гээд чиргүүлээ салгаад эргэж холбох гэж байтал Ж.Ганбат трактортой ухарч ирээд намайг чиргүүл машин 2-ын дунд хавчуулсан. Эмчилгээний төлбөрт 4.700.000 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөрийг авахаар эвлэрч тохиолцсон байгаа. Одоо энэ хүнд гомдол саналгүй, хөнгөн ял шитйгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг

Гэрч Л.Ганхуягийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д.Бямбасүрэнг ирж ажилд гарах талаар хэлэхэд бригад дээр ирээд Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байхад нь би тариалангийн талбай руу явсан. Би үдийн хоолыг хээрийн бригадаас аваад тариалангийн талбайд очиход Д.Бямбасүрэн зил-130 маркийн 70-92 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ирсэн байсан. Намайг очиход тракторын жолооч Ж.Ганбат, Д.Бямбасүрэн нар нь сууж байхаар нь би хоолыг нь өгөөд хээрийн бригад дээр байж байхад дарга Ц.Чулуун над руу залгаад наана чинь юу болов Д.Бямбасүрэн гэмтсэн юм шиг байна би сумын төвд явж байна. Чи ойрхоноороо очоод үзээдэх гэж хэлсэн. Намайг очиход Д.Бямбасүрэн нь тракторын ард байх ногоон өнгийн чиргүүлийн хажууд суугаад тракторт чиргүүл угсрах гэж байсан юм. Уул нь трактор зөөлөн ухарч байсан аа гэнэт ухас хийгээд би чиргүүл дугуй хоёрын завсар хавчуулагдчихлаа, одоо миний цээжээр өвдөөд байна. Амьсгалахад хүндүүртэй байна гэж хэлсэн. Харин хажууд нь Ж.Ганбат зогсож байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Д.Бямбасүрэнг тэндээс сумын эмнэлэг цаашаа аймгийн эмнэлэгт хүргэсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

      Гэрч Ц.Чулууны 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Челенжер маркийн 6385 УБ улсын дугаартай тракторыг Ж.Ганбат жолоодож чиргүүл холбох гэж байгаад Д.Бямбасүрэн нь чиргүүл трактор хоёрын завсар хавчигдаж гэмтэл авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/

Гэрч Ц.Бямбацогтын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тракторын жолооч Г.Гантөгс тэр үед хадлангийн талбай руу юм хүргэж өгчихөөд ирэх хооронд манай тоо бүртгэгч дур мэдэн тракторыг хөдөлгөж чиргүүл холбох гэж байгаад Д.Бямбасүрэн гуайг чиргүүлийн завсар хавчуулж гэмтээсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч Г.Гантөгсийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 6385 УБ улсын дугаартай “agco MT665 DV” маркийн тракторыг жолооддог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэнд:

“Ж.Ганбат 57/эр” цусанд спирт илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №11466 дугаартай:

1.Д.Бямбасүрэнгийн биед зүүн 2-9-р хавирга хоёрлосон, гурвалсан зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн далны их биеийн бяцарсан, хэлтэрхий үүсгэсэн далд хугарал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/

Д.Бямбасүрэнгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн баримтын хуулбар /хх-ийн 32-38 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18-06-018/62 дугаартай дүгнэлтэнд:

1.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Тээврийн хяналтын улсын оайцаагч, Автотээврийн салбарын Монгол улсын зөвлөх инженер, Харчу овогтон Ойдовын Уртнасан миний бие улсад 35, авто механик инженер мэргэжлээрээ 24 жил гаруй ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Боржигон овогтой Даваагийн Машбат миний бие Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар 11 жил гаруй ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт осолд холбогдсон САТ Challenger МТ665В маркийн 63-85УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 46\1- 3424 дугаартай албан бичиг, “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолыг үндэслэн тавьсан асуултын дагуу аюулгүй ажиллагаа, техникийн байдалд дүн шинжилгээ хийж дараах дүгнэлтийг гаргалаа.

Дүгнэлт гаргахад үндэслэсэн баримтууд:

1.“Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол /2018.09.18/

2.Цагдаагийн газраас Зүүнбүрэн сумын “Дунд ширээт” гэх газар тариалангийн талбайд байгаа тээврийн хэрэгсэл, түүний гэрэл зураг, холбогдох баримт бичгүүд.

Дүгнэлт гаргуулахаар шинжээчид тавьсан асуултууд:

1.Осол гаргасан 63-85УБ улсын дугаартай САТ Challenger МТ665В маркийн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?

САТ Challenger МТ665В маркийн 63-85УБ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ №0249417, арал № С023032, шар өнгөтэй, хаяг нь Улаанбаатар хот, СБДүүрэг-05, “Вагнер ази автомотив”ХХК-ний байр, ”ВАГНЕР АЗИ ЛИЗИНГ” ХХК-ний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна.

Тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгийн тухай мэдээллийг авахад САТ Challenger МТ665В маркийн 63-85УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2015 оны 1-р сарын 14-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдснаар бүртгэгдсэн байна.

Энэ нь САТ Challenger МТ665В маркийн тээврийн хзрэгсэл техникийн хяналтын үзлэгт хуулийн хугацаандаа бүрэн бүтэн байдлаа шалгуулаагүй байна. 2011 онд Франц улсад үйлдвэрлэсэн, Монгол улсад 2012 оны 3 дугаар сарын 20-нд импортлогдсон байна.

Иймд осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хуульд заагдсан хугацаандаа хамрагдаагүй байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн суурин оношлогоонд оруулж техникийн бүрэн бүтэн байдлыг нь тодорхойлох боломжгүй байв.

2.Уг тээврийн хэрэгсэлд осол гарах үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх? Хэрэв эвдрэлтэй байсан бол ямар эд анги нь эвдэрсэн байна вэ?

САТ Challenger МТ665В маркийн 63-85УБ улсын дугаартай хөдөө аж ахуйн чирэгч механизмын хувьд осол гарах үед эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тодорхойлох зорилгоор ослын дараа хийсэн техникийн ерөнхий үзлэгээр эвдрэл гэмтэл тодорхойлогдсонгүй.

3.Уг эвдрэл, гэмтэл нь осолд нөлөөлөх эсэх?

Асуулт 2-т тодорхой хариулсан болно.

4. “Гэгээлэг трөйд” ХХК-ийн “Дунд ширээт” гэх газар тариалангийн талбайд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэх?

Ажилтан Д.Бямбасүрэнд “Гэгээлэг трейд” ХХК нь аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгөөгүй, мөн зааварчилга аваагүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг зөрчсөн байна.

5.Хэрэв хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн бол хэний буруутай үйл ажиллагаанаас болж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байна вэ?

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т гэм буруутай нь хууулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан байна. Иймд шинжээчид тавьсан уг асуултанд хариулах боломжгүй байна.

6.Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурдагдаагүй нөхцөл байдлууд илэрвэл тусгай мэдлэг, мэргэшлийнхээ хүрээнд дүгнэлтэнд дурьдана уу?

1.Тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно.” гэсэн заалтыг биелүүлээгүй нь техникийн хяналтын үзлэгт хамрагдах хугацаа хэтэрсэн байна.

2.“Гэгээлэг трейд” ХХК нь ажилтан Д.Бямбасүрэнгийн өртсөн үйлдвэрлэлийн ослыг Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №18-06-018/62 дугаартай:

“...Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч цолтой Ц.Батсүхээс ирүүлсэн нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат би судлан үзээд дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх Мөрдөгчийн тогтоолд эдгээр асуултууд тавигдсан байна.

Асуулт 1: Хохирогч Д.Бямбасүрэн нь “Гэгээлэг трейд” ХХК-нд түр ажиллахаар ямар нэгэн гэрээний дагуу ажилладаггүй, тухайн өдөр хүрч ирсэн ба чиргүүл толгой холбоход туслахаар очсон мөн Ж.Ганбат нь компаний зүгээс ямар нэгэн ажлын чиглэл өгөөгүй байхад дур мэдэн тракторыг жолоодож чирүүл холбох гэж байгаад бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх?

Хариулт: 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж зааснаас үзэхэд хохирогч Д.Бямбасүрэн нь үйлдвэрлэлийн осолд өртөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Асуулт 2: “Гэгээлэг трейд” ХХК-ийн эд хариуцагч, бүртгэгч ажилтай Ж.Ганбатын ажил үүргийн хуваарьт трактор жолоодох ажил, үүрэг байгаа эсэх?

Хариулт 2: 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Гэгээлэг трейд” ХХК-ийн Ц.Чулуунтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хариуцагч, бүртгэгч ажилтай Ж.Ганбатын ажил үүргийн хуваарьт трактор жолоодох ажил, үүрэг байхгүй байна.

Асуулт 3: Хөдөө аж ахуйн чирэгч механизмыг хөдөлгөх, ухрах хөдөлгөөн хийх зэрэг үйлдлийн үеийн аюулгүй ажиллагааг хэн, хэрхэн ханган ажиллах талаар ямар нэгэн заавар журам байдаг эсэх? /Жолоочоос гадна чиглүүлэгч, дохио өгдөг ажилтан байдаг эсэх/

Хариулт 3:Хоёр ба түүнээс дээш хүн ажиллаж байгаа агрегат дээр ажиллагчдын дотроос агрегатын ахлагч томилж ажиллуулна. Ахлагч нь өөрөө явагч механизмын жолоочтой хоёр талын дуут дохиогоор холбогдож машин механизмд гэмтэл гарсан, осол тохиолдсон үед дохио өгч зогсоохоос гадна аюул ослоос бусдыгаа сэрэмжлүүлэх үүрэгтэй байна гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайд, Хөдөө аж ахуй үйлдвэрийн Сайдын 1996 оны а/288 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгын 5 дугаар зүйлд заасан байна.

Асуулт 4: Хэрэв заавар, журам байдаг бол хэн хэрхэн зөрчсөн эсэх?

Хариулт 4: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т "... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...” гэж заасан байна. Иймд шинжээчид тавьсан уг асуултанд хариулах боломжгүй байна.

Асуулт 5: Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурдагдаагүй нөхцөл байдлууд илэрвэл тусгай мэдлэг, мэргэжлийнхээ хүрээнд дүгнэлтэндээ дурьдана уу?

Хариулт 5: Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурдагдаагүй нөхцөл байдал илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/

Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай:

“1.Иргэн Ж.Ганбат нь 63-85 УБ улсын дугаартай “Agco MT-665DV” маркийн трактор жолоодож байгаад осол гаргасан үйлдэл нь “Замын хөдөлгөөн”-нийтийн хэрэгцээн дэх зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжиж үйл ажиллагаа юм. Ж.Ганбатын гаргасан үйлдэл нь тариалангийн талбай дээр болсон байх тул зам тээврийн осол биш гэж үзэж байна.

4.Ж.Ганбат нь ВСД ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй механизм жолоодох М ангиллын эрхийн үнэмлэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/

Ж.Ганбатын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ганбат нь өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил буюу зил-130 машины чиргүүлийг тарктортой холбох үйлдэл хийх явцдаа  болгоомжгүй байдлаар хандаж буруу үйлдэл хийн чиргүүл дугуй 2-ын завсарт хохирогч Д.Бямбасүрэнг хавчиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.Ганбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Ж.Ганбатын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Бямбасүрэнгийн биед зүүн 2-9-р хавирга хоёрлосон, гурвалсан зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн далны их биеийн бяцарсан, хэлтэрхий үүсгэсэн далд хугарал, цээжинд зулгаралт үүсснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Бямбасүрэнд шүүгдэгч Ж.Ганбатын зүгээс эмчилгээний зардалд 4.700.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос нэхэмжилж буй 4.300.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн болохыг дурьдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ганбатыг хохирогчид төлөх хохирол төлбөрийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг үүрэг болгов.

   

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийн зарим хэсгийг нөхөн төлсөн үлдэх хэсгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуухагүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Ганбат уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.           

      Шүүгдэгч   энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Олхонууд овогт Жадамбын Ганбатыг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Олхонууд овогт Жадамбын Ганбатыг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  шүүгдэгч Ж.Ганбат хохирогч Д.Бямбасүрэнд 2019 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарын дотор 4.300.000 төгрөг төлөхөөр эвлэрэн хэлэлцснийг дурьдаж, дээрх хугацаанд хохирлыг төлж барагдуулах, хохирогчид учирсан хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Ганбат уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч Ж.Ганбат энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүгдэгч Ж.Ганбатад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 ДАРГАЛАГЧ                                           Б.ЭРДЭНЭХИШИГ