| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0030/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 31
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Золзаяа
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Адъяагийн Гантөмөрт холбогдох 1802005060317 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл аав ээж, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 8 дугаар хэсгийн 059 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, боксын спортын мастер, 2000 онд Нийслэлийн шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Оросын холбооны улсын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 04 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан, Монгол овогт, Адъяагийн Гантөмөр, РД:/МЮ-80071776/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Гантөмөр нь 2018 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Хилийн 0101 дүгээр ангийн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор ачааны вагоны завсар нуугдаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсын чиглэлд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Гантөмөр нь 2018 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Хилийн 0101 дүгээр ангийн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор ачааны вагоны завсар нуугдаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсын чиглэлд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Гантөмөр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Т.Гантөмөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад улсын хилээр хууль бусаар нэвтрэх төлөвлөгөө зорилго байгаагүй. Согтуу явж байгаад вагонд суучихсан байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг
Гэрч С.Дөлгөөний 2018 оны 11 сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.... 2018 оны 11 сарын 02-ны өдөр Эрхүү-Улаанбаатар чиглэлийн MNG 102 дугаар аяллын онгоцны зорчигчийн бичиг баримт шалгах манааны ахлагч хийж байсан. Онгоцны хаалга нээгдэх үеэр тээврийн хэрэгслийн манаа нь зорчигчийн мэдээллийг асуухад А.Гантөмөрийн бичиг баримтыг нислэгийн багаар өгч явуулсан байсан. Тээврийн хэрэгслийн шалгах манаа нь А.Гантөмөрийн бичиг баримтыг надад авчирч өгсөн. Паспортыг шалгах явцад улсын хилээр гадагшаа явсан гэх мэдээлэл байгаагүй. Заставын дарга х/ч Д.Гэрэлт-Одыг дуудаж нарийвчлан шалгуулсан. Заставын даргыг ирж байх хооронд А.Гантөмөрөөс хэрхэн Монгол улсын хилээр гарсан талаар ауухад таньдаг хүнээрээ дамжуулан ижил төстэй хүнээр паспортыг олж авч ашигласан гэж ярьсан. Ашигласан хүнийхээ паспортын эзнийг тодруулж асуухад санахгүй байна гэж хариулсан. Эхэндээ хүний бичиг баримт ашиглан хилээр гарсан гэж ярьж байсан боловч ШНА-ын дарга , х/ч Хангай, ахлах ажилтан, Х/ч Б.Ариунболд, ажилтан Х/ч Г.Намсрай нар ирж нарийвчилсан шалгалт хийхэд ачааны вагоноор бичиг баримтгүй явж гарсан гэж ярьсан.....” гэх мэдүүлэг, /хх-ийн 114-115-р хуудас/
Гэрч Ч.Дэмбэрэлийн 2018 оны 11 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Миний үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас орой 08 сарын 26-ны 08 цагийн хооронд 9 хөдөлгөөн 438 ачааны вагоныг шалган нэвтрүүлсэн байна. Манай застав дээр олон улсын суудлын галт тэрэг зогсохгүй өнгөрдөг ба ачааны вагоныг манай застав шалгаж нэвтрүүлдэг. Ачааны галт тэргэнд ачааны гэлт тэрэг болон зүтгүүрэнд шалгалт хийдэг ба вагоны машинист нарыг шалгаж нэвтрүүлдэг. Тухайн өдөр хилийн ямар нэгэн зөрчил илрээгүй байна.....” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61-р хуудас/
Гэрч А.Лхагвадоржийн 2018 оны 11 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Тухайн үед би 2018 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 08 сарын 26-ны 08 цаг хүртэлх хугацаанд нийт 9 хөдөлгөөн 438 ачааны вагоныг шалган нэвтрүүлж хяналт тавьж ажилласан. Галт тэрэг орж ирсэн тохиолдолд зүтгүүрийн үзлэг хийж зорчигч буюу машинист нарыг шалгаж нэвтрүүлдэг юм. Надтай хамт гарсан хугацааг цэргийн албан хаагч нар вагон хооронд үзлэг шалгалтыг явуулсан ба ямар нэгэн зөрчил илрээгүй......” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/
Гэрч М.Санжидын 2018 оны 11 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Тухайн үед би 2018 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 08 сарын 26-ны 08 цаг хүртэлх хугацаанд штабын жижүүр, теле камерийн хянагчаар үүрэг гүйцэтгэсэн тухайн үед хяналтын камераар илэрсэн зөрчил байгаагүй. Тухайн үед үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнээс ямар нэгэн зөрчил илрүүлсэн хүн байгаагүй.....” гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-р хуудас/
Гэрч Б.Ариунболдын 2018 оны 12 сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Тухайн өдөр шалгалт хамгаалалтын 3 дугаар застав үүрэг гүйцэтгэж байсан. Ирэгч дээр С.Дөлгөөн үүрэг гүйцэтгэж байгаад бүртгэл мэдээллийн нэгдсэн ангид хэзээ гарсан тодорхойгүй нэг зорчигч байна гэж мэдэгдсэн, тухайн үед хошууч Г.Хангарьд, хошууч Б.Намсрай бид С.Дөлгөөн дээр очиход А.Гантөмөр гэх хүн байсан тухайн үед бид А.Гантөмөрөөс хэзээ хаагуур ямар боомтоор Монгол улсаас гарсан асуудлыг асуухад Алтанбулаг авто замын боомтоор гарсан гэж эхэлж хариулсан, тэгээд тухайн зорчигчийг заставын байршилд авчирч нарийвчилсан шалгалт хийж эхэлсэн. Шалгалт эхлэхэд тухайн зорчигч А.Гантөмөр нь Алтанбулаг авто замын боомтоор биш Төмөр замын ачааны вагонд нуугдаж ОХУ-ын Наушки өртөөд очсон гэж хэлсэн. Тухайн үед ачааны вагон дээр үсэрч суугаад, вагонд сууж явж байгаад вагон зогсохоор нь үсэрч бууж, вагон шалгалт дууссаны дараа вагон хөдлөхөөр дахин вагон дээр гарч сууж, Монгол улсаас ОХУ-н чиглэлд хилээр нэвтэрсэн талаар хэлсэн. Тэгээд тухайн зорчигчийн Монгол улсаас гарсан тухай мэдээлэл нь бүртгэл, мэдээллийн санд байхгүй байсан учир Хилийн зөрчлийн материал бүрдүүлэн Хилийн тагнуулын тасагт хүлээлгэж өгсөн. .....” гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67-р хуудас/
Гэрч Г.Хангарьдын 2018 оны 12 сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..... Хил хамгаалх ерөнхий газраас 2018оны 10 дугаар сарын 08-ны өдөр А.Гантөмөрийн талаар улсын хилээр нэвтрэх үед Хил хамгаалах ерөнхий газрын штабд мэдэгдэж, нарийвчилсан шалгалт явуулах чиглэл ирсэн. Тэгээд тухайн өдөр А.Гантөмөр ирсэн талаар Хил хамгаалах ерөнхий газрын штабд мэдэгдэж, тухайн хүнтэй уулзаж, ярилцаж үзэхэд тухайн хүн нь өмнө нь Монгол улсаас гарсан мэдээлэл нь зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан учир түүнээс энэ талаар асуухад А.Гантөмөр нь өмнө нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарсан талаар мэдүүлсэн. Тухайн үед уг асуудлын нарийвчлан шалгах шаардлагатай байсан тул заставын байрлалд аваачиж, нарийвчилсан шалгалтанд оруулахад А.Гантөмөр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс ачааны вагон дээр зүүгдэн сууж, хилийн Тавт шалгалт хамгаалалтын застав дээр очих үед вагоноос үсэрч бууж модонд орж хилийн шалгалтаас нуугдаж, вагон хөдлөх үед вагон дээр дахин зүүгдэж сууж Монгол улсын хилээр гарсан гэж мэдүүлсэн тул улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр хилийн зөрчлийн материал бүрдүүлж, хилийн тагнуулын тасагт актаар хүлээлгэн өгсөн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/
Гэрч Б.Намсрайн 2018 оны 12 сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Тухайн өдөр өрөөндөө ажлаа хийж байхад, хилийн цэргийн штабаас А.Гантөмөрийн талаар мэдээлэл авагдсан, тухайн үед уг хүнийг ОХУ-аас ял эдэлж байгаад Эрхүү хотоос буцах үнэмлэх авсан этгээд ирж байгаа уг хүний талаар мэдээлэл ирсэн. Тэгээд тухайн үед манай шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер Б.Ариунболд Эрхүү-Улаанбаатар чиглэлийн онгоцоор нөгөө А.Гантөмөр гэх хүн ирсэн байна, явж хамт шалгая гэж хэлсэн. Тэгээд тухайн үед очиход Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигч нар нь баримт бичиг шалгуулж улсын хилээр нэвтэрч дууссан байсан, харин А.Гантөмөрийг боомтын аюулгүй байдлын орлогч, ахмад С.Дөлгөөн шалгаж байсан. Тэгээд бид нар очиж С.Дөлгөөнийг хамт А.Гантөмөрийн баримт бичиг шалгаж, буцах үнэмлэх дээрх зургийг албан хэрэгцээнд ашигладаг бүртгэл мэдээллийн сангаас шүүж үзэж, зургийн тулгалт хийж үзэхэд тухайн иргэн мөн байсан, мөн тухайн иргэнээс хэзээ, хаагуур Монгол улсын хилээр гарсан талаар тодруулж асуухад А.Гантөмөр нь эхлээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор өдрийн санахгүй байна, 08 дугаар сард гарсан, тухайн үед бид нар тухайн хүний хил нэвтрэлийг албаны хэрэгцээнд ашигладаг программ дээрээс шүүж үзэхэд тухайн хүний овог нэр, нэрээр 2018 оны 06 дугаар сард Монгол улс руу орж ирсэн, харин Монгол улсаас гарсан мэдээлэл байхгүй байсан тул А.Гантөмөрөөс дахин хэзээ, хаагуур, ямар хүмүүстэй ямар машинтай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарсан талаар асуухад тодорхой зүйл яриагүй. Тэгээд бид нар А.Гантөмөрөөс дахин Монгол улсаас гарсан асуудлыг тодруулах зорилгоор албаны өрөө рүү авч явсан, албаны өрөө рүү аваачиж дахин Монгол улсаас хэзээ, ямар боомтоор гарсан талаар тодруулж асуухад Сэлэнгэ аймаг дээрээс ачааны вагон дээр сууж хил нэвтэрсэн талаар хэлсэн, тухайн үед, яаж хил нэвтэрсэн талаар асуухад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сэлэнгэ зочид буудлын хавьцаа байдаг төмөр, замаас ачааны вагон дээр гарч, вагоны завсарт байрлах тавцан дээр сууж улсын хил нэвтэрсэн гэж хэлсэн. Тухайн үед явж байгаад нэг удаа зогссон, зогсоод байж байхад хүний хөлийн чимээ гарахаар нь бууж бургас руу орж нуугдан, өнгөрсөний дараа буцаад суусан, тэгээд явж байгаад их гэрэлтэй газар ирэх үед вагоноос үсэрч буусан гэж хэлж байсан. Тэгээд бид нар тухайн хүний хилийн зөрчлийн материал бүрдүүлж хилийн тагнуулын тасагт хүлээлгэж өгөх талаар тасгийн дарга үүрэг өгч бид нар явсан....” гэх мэдүүлэг, /70-72-р хуудас/
Гэрч А.Ганзоригийн 2018 оны 12 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар аав ээжээс зургуулаа юм. А.Гантөмөр нь дээрээсээ 2 дахь хүүхэд юм, манай ах 1980 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын баазын цэцэрлэгт хүмүүжсэн, дунд боловсролоо Сэлэнгэ аймгийн 2 дугаар арван жилийн дунд сургуульд суралцаж төгссөн, Улаанбаатар хотод ирээд Боксын алдар клубт тоглож, Боксын улсын шигшээний тамирчин болсон тэгээд өөрөө Баянхонгор аймагт боксын клуб нээгээд уг клубт багш дасгалжуулагч хийж байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 78-79-р хуудас/
Хилийн зөрчлийн материалын хуулбар /хх-ийн 4-18 дугаар тал/
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар тал/
Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай тогтоол /хх-ийн 12 хуудастай/
А.Гантөмөрийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-93 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч А.Гантөмөрийн гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна.
Гэвч Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч урд өмнө ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон, шүүгдэгч зөвхөн энэ гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх зарчмын дагуу шүүгдэгч А.Гантөмөр гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Гантөмөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч А.Гантөмөрийн ОХУ-аас Монгол улс руу нэвтрэх Т0026766 тоот дугаар бүхий түр үнэмлэхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Монгол овогт Адъяагийн Гантөмөрийг мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Адъяагийн Гантөмөрт мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Гантөмөрийг 02 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Гантөмөр уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч А.Гантөмөр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А.Гантөмөрийн ОХУ-аас Монгол улс руу нэвтрэх Т0026766 тоот дугаар бүхий түр үнэмлэхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шүүгдэгч А.Гантөмөрийн урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ