| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0039/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 38
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ж.Гэрэлтбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 46 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 4 дүгээр хэсэг 088 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 03 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 164 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 132 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн хорих 435 дугаар ангиас 01 жил 05 сар 02 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Сартуул овогт Жамъянсамбуугийн Гэрэлтбаатар РД:/МП-73111076/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Гэрэлтбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын орчимд хохирогч Б.Элбэгсайханы баруун гарын алгыг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Гэрэлтбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын орчимд хохирогч Б.Элбэгсайханы баруун гарын алгыг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Гэрэлтбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Ж.Гэрэлтбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр хүн надаас “хот явах машин байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй” гэхэд тэр залуу намайг “битгий хуцаад байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа биедээ авч явсан хутгаараа айлгах санаатай бариад очтол тэр залуу миний хутга барьсан гарнаас бариад авсан. Би гараа авах санаатай татахад тэр залуугийн гар зүсэгдсэн...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Элбэгсайханы 2019 оны 01 сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төмөр замын вокзал дээрээс Улаанбаатар хот явах унаа хайгаад такси зогсоол дээр байхад үл таних согтуу хүн гэнэт араас хөөе бацаанаа нааш ир гэх дуунаар эргэж хартал баруун гартаа хутга барьчихсан чамайг ална шүү гээд ямар ч үгийн зөрүүгүй над руу дайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/
Гэрч Ц.Нямхүүгийн 2019 оны 01 дүгээр 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би оройн 23 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн автобус тосоод төмөр замын буудлын арын зогсоол дээр өөрийн 92-61 СЭҮ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхад мангар хочтой Гэрэлээ гэх залууг унагасан байдалтай гарыг нь мушгисан байхаар нь тэр залуугаас асуухад намайг зүгээр явж байхад араас дуудаж миний баруун гарыг хутгаар зүслээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
Гэрч Д.Мөнхбатын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орой 19 цаг 30 минутын үед үүрэг авч цагдаагийн дэд ахлагч Ө.Энхтөрийн хамт Сүхбаатар сумын 7 дугаар багт нийтийн хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөх чулуут хүнсний дэлгүүрийн орчимд Ж.Гэрэлтбаатарыг нэг танихгүй хүн газар унагааж өчсөн байдалтай байхаар нь нөгөө залуугаас юу болсон талаар асуухад энэ залуу миний баруун гарыг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. Тухайн үед Ж.Гэрэлтбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч Т.Ууганчимэгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ж.Гэрэлтбаатар нь манай багийн Сэтгэцийн групптэй иргэдийн бүртгэлд байдаг. Хааяа багийн байраар ирдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь таарч байгаагүй. Ж.Гэрэлтбаатар нь манай багт бүртгэлтэй боловч хаяг дээрээ байхгүй, бүртгэл нь өөр айлын хаяг юм. Өөрийн гэсэн гэр орон байхгүй тэнэмэл хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Нэдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 22 дугаар тал/
Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай:
“1.Б.Элбэгсайханы биед баруун сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №26/19
1.2.Иргэн Ж.Гэрэлтбаатар нь сэтгэцийн оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй болно.
3.4.Иргэн Ж.Гэрэлтбаатар нь сэтгэцийн Оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч архидан согтуурсан болон уурлаж бухимдсан үедээ өөрийн үйлдлээ удирдан жолоодож, хариуцах чадвартай болно.
5.6.Иргэн Ж.Гэрэлтбаатар нь Архины хамааралтай байна. Энэ нь сэтгэцийн өвчний олон улсын ангилалын F10 бүлэгт хамаардаг болно.
7.Иргэн Ж.Гэрэлтбаатар нь сэтгэцийн оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.
8.Иргэн Ж.Гэрэлтбаатар нь сэтгэцийн оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/
Ж.Гэрэлтбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар тал
Захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай таслан шийтгэх тогтоолын хуулбар 53-63 дугаар тал/
Нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 66-68 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Гэрэлтбаатар нь хохирогч Б.Элбэгсайхантай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж баруун гарын алгыг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Гэрэлтбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ж.Гэрэлтбаатарын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Элбэгсайханы баруун гарын алга зүсэгдсэн гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Эрбэгсайханы зүгээс шүүгдэгч Ж.Гэрэлтбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Гэрэлтбаатар нь урд өмнө ял шийтгэл хүлээж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон, шүүгдэгч зөвхөн энэ гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх зарчмын дагуу түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ хүрээнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлтбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Сартуул овогт Жамъяансамбуугийн Гэрэлтбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Жамъяансамбуугийн Гэрэлтбаатарт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан Ж.Гэрэлтбаатарт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ж.Гэрэлтбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ж.Гэрэлтбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Ж.Гэрэлтбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ