Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
Хэргийн индекс | 152/2016/00124/и |
Дугаар | 01 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 01
Д.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 241 дүгээр шийдвэртэй, Увс аймгийн Наранбулаг сумын 01 дүгээр багт оршин суух, Баргад овогт Доржийн Дэнсмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын сумын 01 дүгээр багт оршин суух, Их тугтан овогт Пэрэнлэйн Наран-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Дэнсмаа, хариуцагч П.Наран-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4.800.000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие амаржсаны тэтгэмжийн 1.298.000 төгрөгийн эмнэлгийн хуудсыг авахаар очиход ажил олгогч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэнэ гарын үсэг, байгууллагын тамга дарж баталгаажуулж өгөөгүй тул 2015 оны 04 дүгээр 28-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 386 дугаар шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 116 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 988 дугаар тогтоолоор П.Наран-Эрдэнийн буруутай үйлдэл болох нь тогтоогдсон. Энэ хэргийг шийдвэрлүүлэхээр Улаангом Наранбулаг сумын хооронд 38 удаа, Улаанбаатар луу хөлсний машинаар явж, нийтдээ 4.800.000 төгрөгийн мөнгөн хохирол болон сэтгэл санааны хохирол учруулсан тул тус хохирлыг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “Иргэн хүн шүүхэд хандах эсэх нь тухайн хүний сонголтын асуудал бөгөөд шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлсний төлөө гарсан зардлыг би биш нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой. Д.Дэнсмаагийн амаржсаны хуудас нь төрөлтийн түүхтэй зөрүүтэй буюу хуурамч байсан учраас эрх мэдлийнхээ дагуу гарын үсэг зурахаас татгалзсан ба энэ үйлдэл бол би иргэн хүний хувьд хийсэн үйлдэл биш, харин Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын хувьд хийсэн үйлдэл юм. Одоо би тухайн ажлаас гарсан, ажилгүй байгаа тул тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хариуцагчаар оролцох учиртай. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасны дагуу иргэн П.Наран-Эрдэнэ би хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Д.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Наран-Эрдэнэд холбогдох гэм хорын хохирол 4.800.000 /дөрвөн сая найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дэнсмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 /ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “П.Наран-Эрдэнийн хувийн үзэл , бодол, албан тушаалын эрх мэдлээ ашигласан санаатай буруутай үйлдлээс болж 2 жил гаруй хугацаанд би 3.800.000 төгрөгийн мөнгөн хохирол, сэтгэл санаагаар хохирч байна. Хариуцагчийн дээрх үйлдэл нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалын 3.13, 3.23 дугаар заалт болон Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн. Иймд миний хохирч үлдсэн шалтгаан илт харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр зардлын нотлох баримтгүй шалтгаанаар миний хохирлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь хөдөө орон нутагт явдаг хөлсний унаа нь билетгүй зорчигч тээвэрлэдэг. Улаангом-Наранбулаг сумын чиглэлд явдаг тээврийн хэрэгсэл нь мөн хувийн хөлсний унаагаар явдаг тул билет өгдөггүй. Иймд Улаангом-Наранбулаг, Наранбулаг-Улаангом сумын чиглэлд миний явж байсан унааны жолооч нарыг шүүхэд гэрчээр татан оролцуулах хүсэлтэй байна. Иргэн би бусдын буруутай үйлдлээс болж мөнгөн болон эд материал сэтгэл санаагаар хохирч үлдэхийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 21 дүгээр зүйлийн 21.4, 21.9 дэх заалтын дагуу надад учирсан гэм хорын хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын дунд үүссэн иргэний эрх зүйн маргааныг зөв тодорхойлж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Д.Дэнсмаа нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан П.Наран-Эрдэний гэм буруутай үйлдлээс болж шүүх хуралдаанд оролцохоор Увс аймгийн Улаангом сум, Наранбулаг сумын хооронд 38 удаа, мөн Улаанбаатар хот руу хөлсний унаагаар тус тус явсан зардалд 4.800.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Д.Дэнсмаа нь шүүхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас /хэргийн 4 дүгээр хуудаст/, Баян-Өлгий, Увс Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 116 дугаар магадлал /хэргийн 5-8 хуудаст/, Улсын Дээд Шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 988 дугаар тогтоол /хэргийн 9-13 хуудаст/, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 386 дугаар шийдвэр /хэргийн 28-33 хуудаст/ зэрэг баримтыг ирүүлжээ. Тус баримтууд нь нэхэмжлэгч Д.Дэнсмааг Увс аймгийн Улаангом сум Наранбулаг сумын хооронд, мөн Улаанбаатар хот руу хөлсний машинаар явж, хөлсөнд нь 4.800.000 төгрөг төлснийг шууд нотолж чадахгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “Хөдөө орон нутагт явдаг хөлсний машинууд нь билетгүйгээр зөрчигч тээвэрлэдэг тул Улаангом-Наранбулаг сумуудын хооронд миний явж байсан унааны жолооч нарыг шүүхэд гэрчээр оролцуулж өгнө үү” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчид анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх ёстой бөгөөд хэргийн 20-22 дугаар хуудаст авагдсан эрх үүрэг тайлбарласан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Дэнсмаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход энэ талаар эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дэнсмаагийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.ЖАМБАЛСҮРЭН