| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 166/2020/0299/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 164
Б.И-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, Б.И-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, Завхан аймаг Улиастай сум “**” сургуулийн нийгмийн ажилтан ажилтай, ам бүл 4, ***,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байсан, Ж овогт Б-н И-.
Б.И- нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах “Ахмадын хороо”-ны орчим Б.Б-тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт 2 удаа цохиж “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан,
мөн Н.С-ийг бүгдээрээ нийлж зодох гэлээ гэсэн шалтгаанаар араас нь дуудаж, эргэж харах үед нь нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий гэмтлийг учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хохирогч Б-ыг хохирогч С- зодсоноо хүлээн зөвшөөрч 2020.03.10-ны өдрийн 0013109 тоот шийтгэлийн хуудсаар торгуулсан байдаг. /1хх 167 хуудас/
Хохирогч Б. Б-ын 2019,12,24-ний өдрийн дахин мэдүүлэгт /1хх132х-ны арын нүүрний доороосоо 13-р мөр/ “Би их согтуу байсан учир хөл дээрээ тогтож чадахгүй байсан” ... Хохирогч Б- И- миний чих рүү цохисон гэж хэлдэггүй ба шүүгдэгчийг 2 хүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ... Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа хэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж хуульчилсан ... гэж дүгнэсэн.
Гэтэл дээрх дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн Хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон.
И- нь хөнгөн гэмт хэрэгт бүтэн 1 жил 5 хоног шалгагдсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, хохирол, иргэний нэхэмжлэлийн тухайд ... хохирогч Н.С- нь унасан шүдээ хийлгэж эмчлүүлээд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ ... гэж шийдвэрлэсний хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэгэнт хохирогч, иргэний нэхэмжлэгч 6,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилсэн ба шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө уг нэхэмжлэлээ татан аваагүй, шүүхийн шийтгэх тогтоол гартал нэхэмжилсэн байхад дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн үндэслэлгүй юм.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл. Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх 36.3 дугаар зүйлийн 1-т Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний (1) үндэслэл, (2) хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.
Нэхэмжлэлийн үндэслэл нь гэмт хэргээс учирсан хохирлын нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагыг хангаагүй
Нэхэмжлэлийн хэмжээний нотлогдсон байдал нь хохирлын хэмжээ буюу хэр хэмжээний хохирол учирсан нотлох баримт байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан ба иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх доорх 2 тохиолдлоос бусад үед эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Нэгт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл. Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх 36.3 дугаар зүйлийн 3-т Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.
Хоёрт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.
Энэхүү хэргийн иргэний нэхэмжлэл дээрх 2 тохиолдлын алинд ч хамаарахгүй буюу иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байдал үүсээгүй харин ч тодорхой үнийн дүнгээр 6,000,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч С- нь нэхэмжлэл гаргаагүй нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэлээ татан аваагүй, Нэхэмжлэлээ дэмжиж оролцсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 3 шүдээ хийлгэсэн нэг шүд нь 17000 төгрөгөөр хийлгэсэн баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10, 13-т заасан эрхээ эдлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан. Шүүгдэгчийн буруутай үйлдэл болон хоёр хохирогчид учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаан холбоотой. Хохирогч Б.Б-т гэмтэл учруулаагүй гэх боловч хохирогч Н.С-, гэрч н.Г- нараас хуульд заасан үндэслэн журмын дагуу бэхжүүлж авсан мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шалгаж байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхаар зохицуулсан. Дээрх асуудал нь Үндсэн хуулийн цэцээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Б.И-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Б.И-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт дэвсгэрт Б.Б-тай маргалдан, түүнийг зодож, мөн тухайн цаг хугацаанд Н.С-той маргалдаж, түүнийг зодож, улмаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх болон хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хүлээн авч, эцэслэн шийдвэрлэсэн анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл шүүгдэгч Б.И- нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй, тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хоорондоо маргалдсан, бие биенийхээ эрх чөлөөнд халдсан үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал, маргаанд оролцсон хүмүүсийн оролцоо, үйлдлийн шинж чанар зэргийг бүрэн тогтоож шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээс өмнө хэргийн шийдвэрлэлтийн талаар нэгдмэл болон харилцан өөр ашиг сонирхол бүхий гэрчүүдийг хоорондоо харилцах, мэдүүлгээ нэгтгэх, үйл баримтыг өөр өөрөөр мэдүүлж болох нөхцлийг бүрдүүлснээс шалтгаалж хэргийн үйл баримтын талаар эргэлзээтэй, харилцан эсрэг баримтат мэдээлэл хэрэгт авагдаж, мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоож чадаагүй байна.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж ажиллаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн гаргасан “...хэргийг түтгэлзүүлж шийдвэрлэх, мөн хохирол, иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэр үндэслэлгүй...” гэсэн агуулгатай гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН