Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 124/2018/0036/З |
Дугаар | 221/МА2019/0390 |
Огноо | 2019-07-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0390
П.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа, даргалж, шүүгч Ц.Цогт, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу П.А-гийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: ”2017 оны Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч дотоод журмын нэмэлт өөрчлөлтийг батлаагүй гэж огтоос маргаагүй байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.
Шүүхээс бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулан, хөндлөнгийн байр сууринаас хандаагүй, нөлөөнд автаж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан.
Учир нь шүүгчийн хамаарал бүхий этгээд буюу нөхөр болох Увс аймгийн Засаг дарга Д.Б, нэхэмжлэгч П.А-гийн төрсөн эцэг болох Увс аймгийн Завхан сумын Засаг дарга Б.П нар нь дотно найз нөхөд, албан тушаалын хувьд нэг нь нөгөөгийнхөө шууд удирдлагад байдаг этгээдүүд байтал шүүгч өөрөө татгалзан гарах үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч П.А-д албан томилолтын хугацаа хэтрүүлсэн нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт зөрчсөн болохыг газрын дарга биечлэн уулзаж мэдэгдсэн бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь бичгээр тайлбар гаргаж өгсөн. П.А нь 2018 оны 05 сарын 17, 18, 21-ний өдрүүдэд ажил тасалсан нь цагийн бүртгэлээр тогтоогдсон, үүнийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан. ... Мөн Түүний гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан гэж заасныг зөрчсөн.
... Шүүх хуралдаан даргалагч шүүгч нотлох баримт судлан шинжилсний дараа “одоо яваад дотоод журам хэлэлцэн баталсан хурлын тэмдэглэлээ аваад ир, тэгээд шүүх хуралдааныг үргэлжлүүлье” гэж шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэр гаргалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
... Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч П.А-гээс “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга “сургалтад оролцож, албан томилолтын хугацаа хэтрүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 09, 10, 11-ний өдөр ажил тасалсан”,
“2018 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан” гэх үндэслэлээр тус газрын мэргэжилтэн П.А-д 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар “сануулах”, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар “ажлаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулж, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлжээ.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/-д зааснаар албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулна.
Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаас үзвэл тус газрын мэргэжилтэн П.А-д ногдуулсан сахилгын шийтгэл түүний зөрчлийн шинж байдалд тохироогүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, үүний тулд 24.3 /Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ/-д заасны дагуу оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан шийдвэрлэхээр,
26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/-д захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох учиртай.
Хариуцагч албан тушаалтны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-т “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй байхад байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчин давтан зөрчил гаргасан үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан” болохыг дурдсанаас үзвэл маргаан бүхий Б/13 дугаар тушаал нь дан ганц 2018 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчил бус түүний урьд сургалтад оролцож, албан томилолт хугацаа хэтрүүлэн 3 өдрийн ажил тасалсан гэх зөрчилд үндэслэн “ажлаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчийг урьд “сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн зөрчилд дахин шийтгэл ногдуулсан агуулгатай актыг гаргасан байна.
Хэдийгээр Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 05 дугаар сарын ажилчдын цалингийн хуудас, бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн газрын даргад гаргасан тайлбаруудаар нэхэмжлэгч П.А 2018 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан, энэ байдлаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг “2 буюу түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж зөрчил ногдуулсан шийтгэл түүний зөрчлийн шинж байдалд тохироогүй байна.
Тухайлбал, Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн П.А нь 2018 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн байгаль орчны хамгаалал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллого” сэдэвт сургалтад оролцсон, сургалтын унааны зардлыг төрийн байгууллагаас бус сургалтад оролцогчид өөрсдөө гаргасан, харин сургалтад оролцоод буцахдаа дайгдсан тээврийн хэрэгсэл саатсан, энэ талаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэнд мэдэгдсэнийг газрын даргадаа 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.
Нөгөөтэйгүүр, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дотоод журмын Арвын 10.2-т “Дараах зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 10.2.2-т “Хоёр буюу түүнээс дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан (45 хоногийн дотор)” тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан бөгөөд мэргэжилтэн П.А-гийн албан томилолт хэтрүүлсэн гэх дээрх асуудал нь түүнээс хамаарах, түүний буруутай үйлдлээс болсон гэж шууд дүгнэх боломжгүй.
Иймд энэ талаар хариуцагчийн “анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоогоогүй, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь зөв боловч маргаан бүхий захиргааны акт гарах үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглээгүй тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2017 оны” гэснийг хасаж, “тухай” гэсний дараа ”/2002 оны/” гэж нэмж, “48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3” гэснийг “26 дугаар зүйлийн 26.1.3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР