Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 07

 

Захиргааны зөрчилтэй
материалын талаар

    Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч гаргасан Н.*******, Л.******* нарын давж заалдсан гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Зөрчил гаргагч ******* овгийн *******, Шар хиргис овгийн ******* нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 /гуч/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, зөрчил гаргагч Н.*******, Л.******* нарт баривчлах шийтгэл ногдуулсан шийтгэвэрийг Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтэс биелүүлэхээр тогтоож, баривчлах шийтгэлийн хугацааг Н.*******, Л.******* нарыг баривчлах байранд очсон өдрөөс эхлэн тоолж, зөрчил гаргагч Н.*******, Л.******* нарт захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэрийн хувийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардуулахыг шүүгчийн туслах Н.*******т даалгаж, зөрчил гаргагч Н.*******, Л.******* нарыг баривчлах байранд хүргэхийг Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтэст даалгаж, зөрчлийн материалд эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн хайсны мод 1 ширхэг, машины хаалганаас ховхорч унасан гэх бор шаргал өнгийн замаскны хэлтэрхий 1 ширхэг зэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаанд гомдол гаргаагүй тохиолдолд Цагдаагийн хэлтэст буцаан хүргүүлж, зөрчил гаргагч Н.*******, Л.******* нар нь шийтгэвэр йг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Зөрчилд гаргагч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зөрчил гаргагч Н.******* миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот шийтгэвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Зөрчил гаргагч нарын үйлдлийн шинж чанар, үйлдэл, эс үйлдэхүйг тал бүрээс нь тодорхой бүрэн шалгаагүй байна. Тухайлбал: Таксины жолооч Л.*******ааг хэн зодсон, Б.*******ийн албан шаардлагыг хэн эсэргүүцэж хэрхэн хувцсыг нь урж чирсэн болохыг баримтаар бүрэн нотлогдоогүй байна. 
2. Миний хувьд Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, хэн нэгний эрх чөлөөнд халдаж, бусдын эд зүйлийг эвдэж гэмтээсэн зүйл байхгүй байтал 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Би тухайн үед Л.*******аа таксины жолоочид машины МР-ны мөнгийг нь авчих, таксины мөнгөө авчих гэсэн өөр хэн нэгэнтэй маргаагүй. Архи уусаны хувьд уусан байсан нь үнэн. 
3. Миний аав, ээж 2 биеийн байдал муу Улаанбаатар хотод эмчилгээнд байгаа, мөн хүүхэд маань 01 сартай ОХУ-ын Тува улсад амьдардаг тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан шийтгэвэрийг 07 хоног болгон өөрчилж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.  

Зөрчил гаргагч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн иргэн Лувсанцэрэн овогтой ******* миний бие 1984 онд төрсөн. 2017 оны 01 дүгээр сарын 12-нд архи ууж, эрүүлжүүлэгдэж Захиргааны хариуцлагын тухай хуулиар 30 хоногийн хугацаагаар баривчилгаа авсан. Энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр хууль ёсны үндэслэлтэй болжээ. Зөрчил гаргагч Л.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаан толгой багийн иргэн Л.*******ааг “хулгайд хардлаа” гэсэн шалтгаанаар “Баян-Уул” зоогийн газарт түүний зүүн шанаа орчим нь цохиж, улмаар заамдаж чирэн бөөр лүү нь өшиглөж зодсон, мөн Л.*******аагийн эзэмшлийн автомашины толь, хаалгыг хайсны модоор цохиж, толийг хагалан, хаалганы замасктай хэсгийг нь ховхолж гэмтээсэн, 
Мөн зөрчил гаргагч Н.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Баян-Уул” зоогийн газарт иргэн Л.*******ааг хэл амаар доромжлон 20000-тын мөнгөн дэвсгэртээр ороолгосон, мөн хууль ёсны шаардлага тавьж очсон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн ахлах шинжээч Б.*******ийг хэл амаар доромжлон тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн дүрэмт хувцаснаас нь татаж чангаасан болох нь материалд авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1741 минутад мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөн иргэн Л.*******аа, Б.*******, Д.*******, С.******* нарын Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эдгээр зөрчлүүдэд нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авахуулахаар шүүхэд материалыг нь ирүүлжээ. 
Шүүх захиргааны зөрчил гаргагч Л.Мөнхбааатар, Н.******* нарт холбогдох материалыг хянаж үзээд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг нь 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулжээ. 

Шүүхийн энэ шийтгэвэрийг эс зөвшөөрч захиргааны зөрчил гаргагч Л.*******, Н.******* нар нь баривчлагдсан 30 хоногийг багасгаж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан байна. 

Л.*******, Н.******* нарын гаргасан үйлдлүүд нь олон нийтийн газар бусадтай хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг эвдэлж гэмтээсэн, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан зэрэг нийгмийн аюулын шинжийг агуулсан байх тул захиргааны зөрчил гаргагч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна.

Шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргагч Л.*******, Н.******* нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийтгэвэрийг хэвээр үлдээж, Н.*******, Л.******* нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЖ.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ