Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/00913

 

Б.Амарбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00365 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 904 дүгээр магадлалтай,

Б.Амарбатын нэхэмжлэлтэй,

“Жаст групп” ХХК, “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, У.Энххүү нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 13/1060/007/4 тоот батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндсэн,

05 тоот гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Амарбат, хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Амарбат, хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан,  “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Амарбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2005 онд Жаст групп ХХК-д ажилд орсноос хойш өнөөг хүртэл 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ байдлыг үнэлээд “Жаст групп” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 тоот орон сууц эзэмшүүлэх гэрээгээр надад өөрийн барьж ашиглалтад оруулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 57,4 м.кв талбай бүхий орон сууцыг 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсний дагуу 2011 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц эзэмших эрхийн 74 тоот гэрчилгээний дагуу өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байна.

“Жаст групп” ХХК-тай байгуулсан орон сууц эзэмшүүлэх гэрээгээр намайг тус компанид тасралтгүй 10 жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажилласан тохиолдолд орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Иймд дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хадгаламж банк ХХК нь батлан даалтын гэрээ байгуулахдаа дээрх орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан нь буруу. 2011 оноос хойш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан миний зөвшөөрөлгүй гэрээ хийсэн нь Хадгаламж банк ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 13/1060/007/4 тоот батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Жаст групп” ХХК-ийн төлөөлөгч Ш.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа:Тус компани нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Амарбаттай орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ажилтанг тогтвортой, үр бүтээлтэй, сайн ажилласан нөхцөлд компани нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг хямдруулсан үнээр түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тодорхой нөхцөл байдлын улмаас компани нь өөрийн өмчлөлийн энэхүү орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг У.Энххүүгийн нэр дээр түр шилжүүлсэн байсан ба уг хөрөнгийн зохих ёсны өмчлөгч нь “Жаст групп” ХХК юм. Тус компани нь рон сууц эзэмшүүлэх гэрээний дагуу дээрх 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэрээнд заасан нөхцөл  бүрэн биелэгдсэн тул Б.Амарбатыг уг орон сууцны өмчлөгч гэдэгтэй маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч У.Энххүү шүүхэд гаргасан тайлбартаа:“Жаст групп” ХХК нь өөрийн ажилтнууддаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн орон сууцнуудын гэрээгээр тохирсон хугацаа, нөхцөл хангагдах хүртэл эдгээр орон сууцнуудын гэрчилгээг түр хугацаанд тус компанид ажиллаж байсан У.Энххүү миний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотын 2 өрөө орон сууц болон хэд хэдэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг миний нэр дээр гаргуулсан.

Миний хувьд “Жаст групп” ХХК-ийн Б.Амарбаттай байгуулсан орон сууц эзэмшүүлэх гэрээний талаар мэдэхгүй, энэ талаар маргаан байхгүй бөгөөд дээрх орон сууцны хууль ёсны эзэмшигч биш тул Б.Амарбатыг уг орон сууцыг шилжүүлэн авч өмчлөх эрхтэй талаар гаргах ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн У.Энххүү нь Хадгаламж банктай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 13-1060/007/4 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан.

Тус гэрээний 1.1-д зааснаар 12-1060/78 тоот Зээлийн шугам нээх гэрээ болон тус гэрээний нэмэлт гэрээний дагуу зээлж авсан 2.500.000 ам.долларын зээлийн үүргийн биелэлтийн баталгаа болгож гэрээний 2.1-д заасан хөрөнгийг банкинд барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.Эдгээр барьцааны хөрөнгүүдэд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц багтсан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор Ш.Батсайхан, У.Энххүү нарын батлан даалтын гэрээгээр барьцаалуулсан орон сууцуудыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Жаст Групп” ХХК болон иргэн Б.Амарбат нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тус гэрээ нь байгуулагдсан хугацааны хувьд Хадгаламж банк, иргэн У.Энххүү нарын хооронд 13-1060/007/4 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан өдөр болох 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацаанд хамаарч байгаа буюу 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагджээ.

2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулахдаа тус орон сууцны хууль ёсны барьцаалагч Хадгаламж банкнаас зөвшөөрөл авалгүйгээр гэрээг байгуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй байна.

Дээрх орон сууцны өмчлөгч нь У.Энххүү болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог.

Иймд “Жаст Групп” ХХК, Б.Амарбат нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Амарбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 тоот гэрээнд үндэслэж байгаа тул энэ маргаанд уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот гэрээ хамаагүй. Энэ үүднээсээ “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “Жаст групп” ХХК болон У.Энххүү нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргаж буй шаардлага үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00365 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Б.Амарбатыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоотод байршилтай 57,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Б.Амарбатын нэхэмжлэлээс “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 171 дүгээр зүйлийн 171.2-т зааснаар Б.Амарбат, “Жаст Групп” ХХК нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 05 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Амарбатаас тэмдэгтийн хураамжид төлсөн 141.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Жаст групп” ХХК, У.Энххүү нараас 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Амарбатад олгож, “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 904 дүгээрмагадлалаар:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “Жаст групп” ХХК, У.Энххүү нарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Амарбатын нэхэмжлэлийн шаардлагыг, Б.Амарбат, “Жаст Групп” ХХК нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 05 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Амарбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4-р сарын 10-ны өдрийн дугаар 904 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би 2005 онд “Жаст групп” ХХК-д ажилд орсноос хойш өнөөг хүртэл 12 дахь жилдээ ажиллаж байна. “Жаст групп” ХХК нь 2011 оны 5-р сарын 30-ний өдрийн ЖГ/05-11 тоот орон сууц эзэмшүүлэх гэрээгээрБаянзүрх дүүрэг 14-р хороо, 14-р хороолол, ЭТӨЧ 516 байрны 51 тоотод байршилтай 57,4 м.кв талбай бүхий орон сууцыг 10-н жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.Уг гэрээгээр намайг тус компанид тасралтгүй 10-н жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд орон сууцыг Б.Амарбат миний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оны 05-р сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 тоот гэрээнд үндэслэж байгаа тул банк, У.Энххүү нарын хооронд 2013 оны 06-р сарын 24-ний өдөр байгуулсан “Батлан даалт”-ын гэрээний хугацаанаас хойшхи хугацаанд хамаарахгүй. Анхан шат болон нийслэлийн давах шатны шүүхээс “Жаст групп” ХХК болон Б.Амарбат нарын хооронд орон сууцныөмчлөх эрх шилжүүлэх агуулга бүхий гэрээг байгуулахад Хадгаламж банкнаас зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байхгүй тул “Хадгаламж банк” ХХК- дахь банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Жаст групп” ХХК, У.Энххүү нар тодорхой нөхцөл байдлын улмаас У.Энххүүгийн нэр дээр хэд хэдэн айлын орон сууцыг Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг. У.Энххүү нь ...хэдийгээр хэд хэдэн байрны Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр байдаг боловч энэ нь миний өмч биш “Жаст групп” ХХК-ийн балансаас гадуурх өмчөө, захиран зарцуулах асуудал нь компанийн мэдлийн асуудал гэж шүүх хуралд бичгээр нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Жаст групп” ХХК-нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед захиран зарцуулах этгээд байсан нь тогтоогдохгүй байна гэсэн нь хуульд нийцээгүй үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 05-р сарын 11-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нь маргаан бүхий уг 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 100-р зүйлийн 100.1-д заасныг зөрчөөгүй.

Нэхэмжлэгчийн  хувьд "Жаст групп” ХХК-тай байгуулсан 2011 оны 05-р сарын 30-ний өдрийн ЖГ/05-11 тоот орон сууц эзэмших  гэрээ, Иргэний хуулийн 90-р зүйлийн 90.1-д заасны дагуу уг орон сууцыг шударгаар эзэмшиж, гэрээний үүргээ биелүүлж өнөөг хүртэл амьдарч байна. Гэрээнд заасан нөхцлийн дагуу өмчлөх эрх нээгдсэн гэж үзэж байна.Аливаа нэгэн хэлцэл, 2 байгууллагын хоорондын асуудлаас болж иргэн хүн хохирох ёсгүй.Миний бие өдийг хүртэл сэтгэл санааны хохирол амсаж, ажиллах, амьдрах эрхээ хасуулж байна. Гэтэл энэ зорилгын маань нэг хэсэг болсон эзэмшиж байгаа орон сууцыг маань Б.Амарбат миний өмчлөлөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 904 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалтад “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж, мөн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь заалтад “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж иргэний үндсэн эрхийг хуульчлан баталгаажуулсан.

“Орон сууц эзэмшүүлэх тухай гэрээ”-нд заасны дагуу иргэн Б.Амарбат нь 2005 онд Жаст групп ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү байрны шударга эзэмшигч, тэргүүн ээлжид давуу эрхтэйгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ- 516 байрны 51 тоот орон сууцны өмчлөгч, анхнаасаа байр ашиглалтад орсон үеэс өнөөдрийг хүртэл эзэмшин ашиглаж байна.

Иргэн Б.Амарбат нь энэхүү орон сууцны өмчлөгч гэдэгтэй  хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргаан үүсгэдэггүй. Үүний нотолгоо нь Жаст групп ХХК, Б.Амарбатын хооронд 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Орон сууц эзэмшүүлэх тухай” Ж/05-11 дугаартай гэрээнд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар л маргадаг. Мөн энэхүү орон сууц нь Жаст групп ХХК-ийн өмч болохыг иргэн У.Энххүү хүлээн зөвшөөрдөг, банкнаас зээл авах зорилгоор халхавчлан өмчлөгч болсон гэдгийг илэрхийлэн тайлбарласан. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан “Улсын бүртгэл үнэн бодитой байх зарчим”-д тулгуурлан өмчийг шилжүүлэн аваагүй гэдгийг иргэн У.Энххүү болон хариуцагч Жаст групп ХХК нь тайлбарласан байхад шүүх мэдүүлэг гаргаагүй, бүртгүүлээгүй гэж хуулийг буруу тайлбарласан байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх/хуучин нэрээр/-ийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 12342 дугаар захирамжаар Жаст групп ХХК-д холбогдох иргэний хэргийг үүсгэсэн байна. Харин хариуцагч У.Энххүүд холбогдуулан иргэний хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаагүйгээр У.Энххүүг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулан түүнтэй холбогдуулан дүгнэлт хийж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00365 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 904 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч  Б.Амарбатын  “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ...батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Жаст групп” ХХК, У.Энххүү нар хүлээн зөвшөөрчээ. Харин хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөхдөө  “...орон сууцнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн...” гэж марган, улмаар “...2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”  сөрөг шаардлага гаргажээ.

“Жаст групп” ХХК нь нэхэмжлэгч Б.Амарбатыг 10 жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан тохиолдолд эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 51Б байрны 51 тоотын 2 өрөө орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Талууд дээрх гэрээнд  2013 оны 08 дугаар сарын 1-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж,  ажилтан 10 жилээс үлдсэн 1.9 жилд ногдох 18.368.000 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцыг хугацаанаас нь өмнө өмчлөлд шилжүүлэхээр тохирчээ /хэргийн 4-7 дугаар тал/.

Дээрх орон сууцыг “Жаст групп” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд У.Энххүүгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Хариуцагч “Жаст групп” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хадгаламж банк ХХК-с 3.400.000.000 төгрөг зээлж авсан, хариуцагч У.Энххүү 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг барьцаалжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3638 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр тогтоолоор “Жаст групп” ХХК-с 4.749.270.896 төгрөг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, зээлийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн, үүнд маргааны зүйл болох орон сууц багтсан нь  хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. 

Харин нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Б.Амарбат нь гэрээнд заасан нөхцлийг хангасныг  хариуцагч “Жаст групп” ХХК  үгүйсгээгүй, энэ тохиолдолд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тодруулбал орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед “Жаст групп” ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч байгаагүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүйгээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Тухайн орон сууцыг “Жаст групп” ХХК барьж гүйцэтгэсэн хэдий ч тодорхой шалтгааны улмаас У.Энххүүгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар хариуцагч нар тайлбар гаргасан ба энэ талаар маргаагүй байна.

Б.Амарбат болон “Жаст групп” ХХК-ийн хооронд  гэрээ байгуулахад  өмчлөгчөөр бүртгэгдсэн У.Энххүү оролцоогүй хэдий ч  тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй тул Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Түүнчлэн магадлалд дурдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалт нь улсын бүртгэлд бүртгэх эрх,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахад бүрдүүлэх баримт бичиг,  эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх асуудлыг зохицуулсан байхад  давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэсэн нь буруу.

Хариуцагч Хадгаламж банк ХХК дах банкны эрх хүлээн авагч нь 2011 онд хийсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 171 дүгээр  зүйлд зааснаар барьцаалагчаас зөвшөөрөл авалгүй хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан боловч нэхэмжлэгч Б.Амарбатын өмчлөх эрх нь хариуцагч “Жаст групп” ХХК-тай 2011.05.11-ний өдөр байгуулсан гэрээгээр үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,  үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр үндэслэл бүхий дүгнэлт хийж,  нэхэмжлэгч Б.Амарбатыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан тул нэхэмжлэгч Б.Амарбатыг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй талаар шийдвэрт тодорхой дурджээ.

Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид хариуцагч У.Энххүүгийн нэрийг бичээгүй боловч шүүх түүнд нэхэмжлэлийг гардуулан өгч, холбогдох шаардлагыг хянан хэлэлцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч “Жаст групп” ХХК-ийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах”  тухай “Жаст групп” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 904 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “Жаст групп” ХХК-с төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ