Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0260/и |
Дугаар | 377 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 377
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р хороо, хос өргөө хайрганы үйлдвэрийн гудамж, 29Б тоотод оршин суух Даш овогт Гэндэнжавын Сүрэнжавын /РД:ЦГ47020208/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Өгийнуур сумын 1-р багт оршин суух Өөлд овогт Эрдэнэсүмбэрэлийн Ариунтуяад /РД:АЕ68062969/ холбогдох
1.640.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, хариуцагч Э.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2014 оны 03 сарын 22-ны өдөр Э.Ариунтуяа надаас 1.640.000 төгрөгийг 2014 оны 05 сард буцааж өгнө гээд зээлийн гэрээ хийж надаас зээлсэн. Э.Ариунтуяа нь мөнгөө өгнө гэж явсаар өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагч Э.Ариунтуяагаас 1.640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:.. Г.Сүрэнжав гэдэг лам хүнтэй утсаар танилцаж найз нөхөд болсон. Улмаар надад 4 гутал зараад өгөөч гэж бодсон. Бас 500.000 төгрөг зээлж аваад 900.000 төгрөг болгоод 2014 оны 06 сард өөртэй нь ярьж байгаад өгсөн. 2014 оны 08 сард 200.000 төгрөгийг миний хүүгээс авсан. Үлдсэн 540.000 төгрөгийг нь 2016 оны 06 сард төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч Э.Ариунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1.640.000 төгрөг авсан нь үнэн. 1.640.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнжав хариуцагч Э.Ариунтуяагаас 1.640.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ариунтуяа 1.640.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Э.Ариунтуяа 1.640.000 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаар зохигчид тохиролцоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Г.Сүрэнжавы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.190 төгрөгөөс 41.190 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ариунтуяагаас 41.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Сүрэнжавд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Даш овогт Гэндэнжавын Сүрэнжавын /РД:ЦГ47020208/ нэхэмжлэлтэй, Өөлд овогт Эрдэнэсүмбэрэлийн Ариунтуяад /РД:АЕ68062969/ холбогдох 1.640.000 /нэг сая зургаан зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Ариунтуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Сүрэнжавын улсын тэмдэгтийн хураамжинд 41.190 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ариунтуяагаас 41.190 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Сүрэнжавд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН