Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01895

 

 

 

 

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01895

 

 

 

Г.Э...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16ы өдрийн 102/ШШ2023/02902 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Э...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.А...д холбогдох,

 

5,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч А.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Нэхэмжлэгч нь гүний худгийн өрөмдлөгийн мастер бөгөөд 2022 оны 10 дугаар сард А.А...тай анх ажлын талаар уулзаж байсан. А.А...ын ажилладаг өрөмдлөгийн компани нь Төв аймгийн Аргалант сумын нутагт үхрийн фермийн төслийн гүний худгийг өрөмдөж байгаа гэсэн ба орос өрмийн машинаар ажлаа хийж гүйцэтгэх явцад 74 метрийн гүнээс хадан хөрс гарч цааш нь өрөмдлөг хийх боломжгүй болоод байгаа гэсэн юм.

 

Уг цооногийг цааш нь үргэлжлүүлэн 100 тууш метр хүртэл өрөмдүүлэх шаардлагатай байгаа гэсэн ба хадан хөрсөнд өрөмдөх зориулалттай БНСУ-д үйлдвэрлэгдсэн супер-700 загварын өрмийн машинаар нэмж өрөмдүүлэх ажил гүйцэтгүүлэхээр амаар ярилцаж тохиролцсон.

 

1.2. Тухайн үед би Аргалант сумын ойролцоо ажил гүйцэтгэж байсан ба А.А...тай гэрээ бичгээр хийх боломж нөхцөл байгаагүй. Амаар харилцан ярилцаж тохирсон ёсоор ажлыг нь хийж гүйцэтгэсэн. 74 тууш метр өрөмдлөг хийгээд байсан цооногт нь 26 тууш метр нэмж өрөмдлөг хийж гүйцэтгээд, 100 метр ПВС хоолойг худгийн цооногт нь суулгаад гүйцэтгэсэн ажлаа түүнд хүлээлгэж өгсөн.

1.3. 219 милметрийн диаметр бүхий үйлдвэрлэл усалгааны зориулалтын өрөмдлөгийн ажлын хөлсний зах зээлийн өртөг нь 1 тууш метр нь 300,000-350,000 төгрөг байдаг ба А.А... нь тухайн фермийн төслийн ажлыг 350,000 төгрөгт хийж гүйцэтгэсэн байсан. Гэтэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг маань төлж барагдуулаагүй ба утсаа авахгүй харилцаа холбоогүй болсон. Улмаар би А.А... нь намайг залилсан байна гэж үзэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан боловч иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан бүхий асуудал гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Иймд А.А...аас 26 метр өрөмдлөгийн ажлын хөлс 7,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 5,720,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. А.А... нь орос өрмөөр гүний худаг гаргах ажил эрхэлдэг. 2022 оны 10 дугаар сард Төв аймгийн Аргалант сумын нутагт Х... ХХК-ийн худгийг өрөмдөж байгаад ус багатай байсан учир их устай болгож хүлээлгэн өгөхийн тулд 91... дугаартай Ш.Г...тай ярьж Солонгос өрмөөр жоохон дараад өгөхгүй биз гэж асуусан.

 

Ш.Г... зөвшөөрч тохиролцоод 20 хэдэн метр даруулаад дууссан. Тэрнээс биш 100 метр ПВС хоолой тэднийхээр гаргуулж цооногт суулгасан юм байхгүй.

 

Х... ХХК-тай 1 тууш метрийн 300,000-350,000 төгрөгийн хооронд өрөмдөөгүй шалгасан ч болно. 1 тууш метрийг 200,000 төгрөг орчим өрөмдөж өгсөн. Анхнаасаа 7,800,000 төгрөгийг нэхсэн бол хэзээ ч ухуулахгүй байсан. Ярьсан тохирсондоо байж чадахгүй, их хэмжээний мөнгө нэхэж байгааг эсэргүүцэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А...аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,720,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э... олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А...аас улсын тэмдэгтийн хураамжид 106,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э...т олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 08 дугаар сарын 16-ний өдрийн 02902 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

4.1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

4.2. Төв аймгийн Аргалант сумын нутагт худаг гаргаж байх үед Худаг усны компанийн захирал гэх Ш.Г...тай 20-30 метр 159 диаметртэй труба татаж өгөх ажил гүйцэтгүүлэхийг хүссэн тул би хүлээн зөвшөөрч энэ ажлын хөлсөнд нь манай ухаж байсан худгийг устай болтол өрөмдүүлэх санал тавихад Ш.Ганбат зөвшөөрсөн. Түүнээс хойш Г.Э... гэдэг хүн ирж манай худагийг ухаж өрөмдлөг хийсэн боловч хөлс өгөх талаар тохиролцоогүй.

 

Г.Э... гэдэг хүнтэй худагийн ажил гүйцэтгүүлэх болон ажлын хөлс төлөхөөр бидний хооронд ямар нэгэн тохиролцоо байхгүй атал анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 1 тууш метрийг 300,000-350,000 төгрөгөөр тохирсон гэх баримт гаргаж өгөөгүй атал ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,720,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

 

4.3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага 5,720,000 төгрөг болгож багасгасан байх бөгөөд хариуцагчид нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг гардуулж, танилцуулаагүй атлаа хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн шүүхэд мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Э... нь хариуцагч А.А...д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 7,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шаардлагаа 5,720,000 төгрөг болгон багасгасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Г.Э...тай гэрээ байгуулаагүй гэж маргажээ. /1-р хх 1-2, 16/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Хариуцагч А.А... нь 2022 оны 10 дугаар сард Х... ХХК-ийн захиалгаар Төв аймгийн Аргалант сумын нутагт 100 метр гүний худаг өрөмдөж гаргах ажил гүйцэтгэж байсан, орос өрмийн машинаар ажлаа хийж гүйцэтгэх явцад 74 метрийн гүнээс хадан хөрс гарч цааш нь өрөмдлөг хийх боломжгүй болж хадан хөрсөнд өрөмдөх зориулалттай өрмийн машинаар нэмж өрөмдүүлэх шаардлага гарсан тухайд зохигчийн хэн аль нь маргахгүй тайлбарлаж байна. /1-р хх. 1-2, 16/

 

3.б. Уг хатуу хадан хөрсөнд Г.Э...ын ажиллуулж байсан техник хэрэгслээр 26 метрыг ухуулсан, ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаангүй, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /1-р хх 1-2, 16, 64-65/

3.в. Дээрхи 26 метр хатуу хадан хөрсөнд өрөмдлөг хийлгэх ажлын талаар бичгээр гэрээгүй байгуулагдаагүй.

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь Г.Э....тай гэрээ байгуулаагүй, Ш.Г.ттай тохиролцсон, 100 метр ПВС хоолойг гаргуулж суулгуулаагүй, 5,720,000 төгрөгийн ажлын хөлс өндөр байна гэж маргажээ.

 

4.б. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэргийн баримтаас талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулахаар заагаагүй.

Хэргийн баримтаас үзэхэд 26 метр хатуу хадан хөрсний өрөмдлөгийн ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсан, ямар нэгэн гомдлын шаардлага гаргасан гэх баримтгүй байна.

 

4.в. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. Хариуцагч нь ажлын үнэлгээ хөлс хэт өндөр гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.

 

Нэхэмжлэгч нь 219 милметрийн диаметр бүхий үйлдвэрлэл усалгааны зориулалтын өрөмдлөгийн ажлын хөлсний зах зээлийн өртөг нь 1 тууш метр нь 300,000-350,000 төгрөг байдаг гэж тайлбарласныг хариуцагч няцаасан баримт гаргаагүй.

 

Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх үүрэгтэй. Ажлын хөлс 5,720,000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

4.г. Хариуцагч нь Ш.Г...тай гэрээ байгуулсан гэх боловч гэрч Ш.Ганбат А.Ариунжаргалын ажлыг хийлгүүлэхээр Г.Э...тай холбож өгсөн талаараа мэдүүлжээ. Иймд Г.Э...ыг гэрээний тал бөгөөд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж үзнэ.

 

5. Хариуцагч А.А... нь ажлын хөлсийг бэлэн мөнгөөр бус 20-30 метр 159 труба татаж өгөхөөр тохиролсон гэх боловч энэ татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгах нь шаардлагаас татгалзахын нэг хэлбэрт хамаарна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага 7,800,000 төгрөгийг 5,720,000 төгрөг болгон багасгасан. Анхан шатны шүүх энэ хэмжээнд шийдвэрлэсэн нь талуудын зарчим болон мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Ариунжаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16ы өдрийн 102/ШШ2023/02902 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.А...ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД