Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01913

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр Дугаар 210/МА2023/01913

 

Д.Э...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02610 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Э...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н...т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н.., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 822 дугаар тогтоолоор Д.Э...өөс 45,665,721 төгрөг гаргуулж, М.Н...ад олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Дээрх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 203 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Б... хариуцан ажиллаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Б... нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эд хөрөнгө хураах тогтоол мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 8/10 дугаар Шинжээч томилох тухай тогтоол тус тус үйлдэн С... ХХК-ийг шинжээчээр томилсон.

1.2. С... ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүрэг, .... дугаар хороо, ... дугаар байрны 37 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204... дугаартай 79,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 173,248,499 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгч Д.Э... миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Учир нь миний амьдарч буй тус байрны өнөөгийн зах зээлийн үнэ нь 250,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэтэл Н...раас миний өмчлөлийн 2 өрөө байрыг 173,248,499 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй юм. Миний зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн ханшаар нь дахин үнэлүүлэх нь шударга ёс болон өмчлөлийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байрны 37 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204.... дугаартай 79,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн С... ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар шийдвэрээр Д.Э...өөс 45,665,721 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 297,500 төгрөг гаргуулж М.Н...ад олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Д.Э...өд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, .... дугаар хороонд байрлах .... дугаар байр, ... тоот /Ү-220402... орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2136013.... дугаар тогтоолоор битүүмжилж, дахин шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2136013... дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр С... ХХК-ийг томилон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 173,248,499 төгрөгөөр үнэлснийг талуудад 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/2506, 3/2505 дугаар бичгээр тус тус мэдэгдсэн.

2.2. Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг талуудад мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгч Д.Э...ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Тухайн байр нь 5 жилийн өмнө 91 сая төгрөгөөр үнэлэгдээд 50 хувийг өгөхөөр тохирч гаргасан. Өнөөдрийг хүртэл энэ хүн надад 5 жилийн хугацаанд 1 төгрөг ч төлөөгүй, намайг хохироож байна. Энэ байр нь ганцхан Д.Э...йн байр биш бас миний байр. Энэ байр одоог хүртэл дуудлага худалдаанд ороогүй, өнөөдөр шинээр 173 сая төгрөг гээд гараад ирсэн байгаа. Хэрэв 173 сая төгрөг нь нотолгоотой үнэлэгдээд гарсан байгаа учраас М.Н...д одоогийн үнэлгээгээр нь 50 хувь нь оногдох ёстой юм болов уу гэж би харж байна.

3.2. 5 жилийн өмнө энэ хүн мөнгөө өгсөн бол би ийм зүйл ярихгүй байсан. Ер нь нэгэнт ажиллагаа хийгдээд явагдаж байгаа учраас энэ байгаа үнээр нь үнэлгээг нь тогтоогоод ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Э...ийн хариуцагч Н...т холбогдуулан гаргасан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, .... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө .... тоот, 79,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 173,248,499 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02610 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Шүүхийн зүгээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Тодруулбал миний бие 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болохоо дурдаж, хүсэлт эмнэлгийн магадлагаа хавсаргаж өгсөн боловч тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хурлыг шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн байдаг.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйл 100.2 дахь заалт нь "нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж зохицуулсан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол хэрэглэгдэх зохицуулалт юм.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаандаа хүрэлцэн ирэх боломжгүй тухай дурдаж баримт хүргүүлсэн тул шүүхийн дээрх шийдвэр захирамж нь илтэд үндэслэлгүй болсон байна.

5.3. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хүндэтгэн үзэх шалтгаан гэх ойлголтыг тайлбарласан бөгөөд "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй" гэж тайлбарлаж өгсөн байдаг.

5.4. Шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02610 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч Д.Э... миний хуулиар олгосон "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ" гэх мэтгэлцэх зарчмыг зөрчсөн ба миний бие шүүх хуралдаандаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж оролцох, мэтгэлцэх хүсэлтэй байсан боловч энэхүү хуулиар олгосон эрхийг маань зорчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хэмээн заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг шүүх хуралдаан оролцох мэтгэлцэх боломжоор хангаж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

 

6.1. Шүүхийн хүчин төгөлдөр гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч Д.Э... анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу төлбөр төлөгдөөгүй байна.

 

6.2. Шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлсэн. Шүүх нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалттай олгосон. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 8 удаа хурал хойшилсон. Шүүх хуралдаанд өөрөө оролцох боломжгүй бол төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах боломжтой байсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Тус иргэний хэрэг 1 жилийн хугацаанд хэлэлцэхдээ нэхэмжлэгч Д.Э... 8 удаа эмнэлгийн акт ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Д.Э... 5 жилийн өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу надад олгох 46,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

 

7.2. Гэвч 5 жилийн дараа тухай орон сууцны үнэлгээ өссөн гэж маргаж байна. Тухайн орон сууцны үнэлгээ 250,000,000 орчим төгрөг болсон гэж үзвэл надад Гэр бүлийн тухай хуулийн дагуу үнийн дүнгийн 50 хувь оногдох учиртай. Нэхэмжлэгч орон сууцны үнэлгээ өссөн талаар баримт гаргаж өгөөгүй, харин төлбөр төлөхөөс зайлсхийж, хугацаа авч байна. Миний эрх ашиг маш их зөрчигдөж байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Э... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ. /1-р 1-3, 88/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ... тоотод байрлах, 79,84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас ноогдох хэсэг болох 45,665,721.5 төгрөгийг Д.Э...өөс гаргуулж, М.Н...ад олгож, шийдвэрлэсэн.

3.б. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 893 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00822 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1-р хх. 90-106/

3.в. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21360135/7 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 21360135/10 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ./1-р хх. 108, 113, 117/

3.г. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 8/10 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор С... ХХК-ийн үнэлгээчин Г.О...ыг шинжээчээр томилж, шинжээч С... ХХК-аас улсын бүртгэлийн Ү-2204.... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж ... дугаар байрны. ..тоот хаягт байршилтай 79,84 м.кв хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 173,248,499 төгрөг гэж тогтоожээ. /1-р хх. 129-147/

Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/2506 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Д.Энхтөгсөд хүлээлгэн өгч, тэмдэглэлээр баталгаажуулжээ.

4. Нэхэмжлэгч Д.Э... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргажээ.

5. Хөрөнгийг үнэлсэн дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт бага байна гэж маргасан.

Үнэлгээчин нь олон улсын үнэлгээний стандартын дагуу үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй байна.

6.а. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

6.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа хойшилж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй.

Мөн Д.Э...ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүхээс хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг шүүхээс хязгаарлаагүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э...ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД