Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01914

 

 

 

 

 

 2023 11 01 210/МА2023/01914

 

М.М....ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22ы өдрийн 101/ШШ2023/03718 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.М...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А.нд холбогдох

 

2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М..., хариуцагч Б.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.А....тай авто машин худалдах зарын дагуу түүнтэй холбогдож, X-Trail маркийн ... УНЗ улсын дугаартай автомашиныг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 2,200,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрт банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан.

 

1.2. Б.А...гийн 54060... дугаарын ХААН банкны дансанд 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Машинд хийх зүйл байхгүй гэж худалдсан боловч доогуураа бага зэрэг дуутай, чекны гэрэл асахгүй байсан. 3 хоноод машин хүчгүй болсон. Доголдоод байгааг цаг тухайд хэлсэн өмнөх авсан хүнээсээ асууж өгье гэж хэлдэг байсан.

 

1.3. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр автомашиныг буцааж өгсөн, машиныг банк бус санхүүгийн байгууллагад хураалгасан гэж байсан. Б.А...аас 500,000 төгрөгийг авсан нь үнэн, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.       Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. М.М...д 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр X-Trail маркийн ... УНЗ улсын дугаартай автомашиныг худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 2,200,000 төгрөгийг авсан.

 

2.2. Автомашиныг худалдан авчихаад доголдоод байна гэсэн учир машиныг авч 500,000 төгрөгийг буцааж өгсөн.

 

2.3. Автомашин Е... ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан ба 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн төлбөрт хураалгасан. М.М....д автомашиныг худалдсан хэдий ч 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр оношилгоонд оруулж, 350,000 төгрөгийг би төлсөн. Надад ч гэсэн хохиролтой байна. Хэрэв түрээслэсэн бол өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэх боломжтой байсан. М.М...ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А...гаас 1,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.М...д олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 50,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А...гаас 42,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.М...д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. М.М... нь 1,700,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 850,000 төгрөг Е... ХХК-д би төлсөн. 350,000 төгрөгийг Nissan X-Trial Т31 машины засварт төлсөн. Нийт надаас 1,000,000 төгрөг гаргасан. Ийм учраас М.М...д 1,700,000 төгрөг өгч чадахгүй учир хэргийг минь үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Хариуцагчийн зүгээс банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийг төлсөн гэж худал тайлбар гаргаж байна. Анх тухайн төлбөрийг төлөх өдөр нь миний бие уг автомашиныг худалдаж авсан. 2,200,000 төгрөгийг шилжүүлж, худалдан авснаас хойш банк бус санхүүгийн байгууллагын төлбөр төлөгдөөгүй.

 

5.2. Тухайн автомашиныг засварт өгч, янзлуулж авахаар тохиролцсон. Гэтэл тухайн автомашины засварын төлбөр 1,000,000 гаруй төгрөгийг хариуцагч төлж чадахгүй гэж хэлсэн. Мөн уг автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад буцааж өгч, миний мөнгийг орой 5 цагт өгье гэж тайлбарласан. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч М.М... нь хариуцагч Б.А...д холбогдуулан гэрээнээс татгалзсан тул гэрээгээр шилжүүлсэн 2,200,000 төгрөгтйш буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...оношилгооны 350,000 төгрөг төлсөн, өдөрт 50,000 төгрөгөөр түрээслэх боломжтой байсан гэж маргажээ. /1-р хх. 1, 13/

2.а. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр дээрхи хэмжээгээр нэхэмжлэлээ багасгаж 1,700,000 төгрөгийн хэмжээнд шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Нэхэмжлэгч М.М... нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр X-Trail маркийн .... УНЗ улсын дугаартай авто машиныг хариуцагч Б.А...гаас худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй. /1-р хх. 1, 13/

3.б. Нэхэмжлэгч нь машины урьдчилгаа 2,200,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь дансны хуулга болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Мөн 500,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлсөн байна. /1-р хх. 4, 13/

3.в. Гэрээний зүйл доголдолтой байсны улмаас гэрээнээс татгалзсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогджээ./1-р хх. 1, 13/

4. Зохигч дараах үйл баримтад маргаантай байна.

4.а. Хариуцагч нь маргааны зүйл болох авто машиныг оношилгоонд оруулж илүү зардал гаргасан, түрээслэх боломжтой байсан тул 1,700,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэж маргажээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн. Гэвч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирол шаардах ерөнхий хэм хэмжээг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

5.а. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

М.М... нь авто машиныг биет байдлын доголдолтой гэж үзэж, гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Иймд гэрээнээс татгалзах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан 1,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан 1,700,000 төгөргийг буцаан өгөх боломжгүй талаархи давж заалдах гомдол үндэслэлгүй. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/03718 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД