| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0033/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | а.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 32
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Очирбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003550282 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, дэнжийн 1-05 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хөх овогт Төмөржавын Очирбат РД:/ЧБ-76011714/
Шүүгдэгч Т.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг явуулан газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Очирбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Т.Очирбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Оюунсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т.Очирбат гэх хүнийг танихгүй. Т.Очирбат нь Хүдэр сумын Засаг даргатай ямар нэгэн гэрээ байгуулж зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Гэрч Б.Мягмардоржийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоос 3 хоногийн өмнө манай ахын найз Очирбат ах эксковаторын жолоочийн ажил байна гэхээр нь би энэ газарт ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж энэ газарт алт олборлох зорилгоор шаргал өнгийн эксковатор дээр ажиллаж уг газрын хөрсийг хуулж ухах ажил хийсэн. Би та нарын хэмжилт хийсэн газрыг ухсан. Би алт олборлох зорилгоор газрын хэвлийг ухсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
Гэрч Э.Мягмарсүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны үед Т.Очирбат эксковатор түрээслэхээр болж би эксковатороо дагаж ирсэн юм. Түүнээс хойш ажиллаагүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энэ газарт Т.Очирбат ах зааж өгсөн газарт эксковатороор газрын хөрсийг ухах ажил хийсэн. Би шөнөөр эксковатор жолооддог бөгөөд өдрөөр Б.Мягмардорж гэж залуу жолоодож газрын хөрсийг ухдаг юм. Би ухсан газрын хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Би алт олборлох зорилгоор газрын хэвлийг ухсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/
Гэрч М.Мөнхцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүдэр сумын Цагаан зүрийн гол гэх газарт Т.Очирбат нь ашигт малтмал хайх олборлох ашиглах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Уг газар нь усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагддаг. Т.Очирбат нь ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зорилгоор Хүдэр сумын засаг даргатай гэрээ байгуулаагүй. Миний хувьд байгаль хамгаалагч Ж.Баасанбатын хамтаар шалгалтаар явсан. Энэ үед Т.Очирбат хууль бусаар ашигт малтмал олборлосон, техник зогссон байсан. Ажил явагдаагүй эксковатор усан буу гэх төхөөрөмжүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/
Гэрч Ж.Баасанбатын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Очирбат нь ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зорилгоор Хүдэр сумын засаг даргатай гэрээ байгуулаагүй. Шалгалтаар очиход үйл ажиллагаа зогссон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/
Гэрч Ж.Наранбаярын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Очирбат ах бид хоёр тохиролцоод 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүдэр суманд Т.Очирбат ах эксковатор авчирсан байгаа. Ингээд Хүдэр сумын Цагаан зүрийн гол гэх газарт очиж байрлаж үйл ажиллагаа явуулсан. Уг газарт ирээд бараг 9 хонож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18-05-038/57 дугаартай:
“...Т.Очирбатын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал /84360+3850470+756000/=4690830 нийт /Дөрвөн сая зургаан зуун ерөн мянга найман зуун гуч/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-32 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ТХҮ/118-150 дугаартай үнэлгээний тайланд:
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, төгрөгөөр | Нийт үнэ, төгрөгөөр | Тайлбар |
| 1 | Hyundai LG 300 маркийн эксковатор | ш | 1 | 9.000.000 | 9.000.000 |
|
| 2 | Алт угаах төхөөрөмж | ш | 1 |
|
| Гар аргаар хийсэн учир үнэлгээ гаргах боломжгүй. |
|
| Нийт дүн |
|
|
| 9.000.000 |
|
Ашигт малтмал газрын тосны газрын албан тоот /хх-ийн 47-48 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 64 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Очирбат нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг явуулан газрын хэвлийд халдсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Очирбатын гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.Очирбатын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 4.690.830 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль экологид 4.690.830 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Т.Очирбат нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Очирбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Очирбат цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Очирбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатаор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Т.Очирбатын гэмт үйлдэлдээ ашигласан Хюандай ЛЖ-300 маркийн эксковаторын үнэ 9.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Т.Очирбатын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хөх овогт Төмөржавын Очирбатыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хөх овогт Төмөржавын Очирбатыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Очирбатад оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Очирбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Т.Очирбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар шүүгдэгч Т.Очирбатаас 9.000.000 /есөн сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Ялтан Т.Очирбат урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ