Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01936

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр Дугаар 210/МА2023/01936

 

Б.М...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/02357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.М...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н...т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 03 дугаар сарын 23-ны 156 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00901 дугаартай шийдвэрээр Б.М...оос 499,838,470 төгрөгийг гаргуулж Э.... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

1.2. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 156 тоот Шинжээч томилох тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 42.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасныг зөрчин үнэлгээ хийх эрхгүй хуулийн этгээдийг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн.

1.3. Тухайн асуудлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.С...д гомдол гаргасан боловч 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/80 тоот хариу мэдэгдэх хуудсаар хууль зөрчөөгүй гэж үзсэн. Мөн Шийдвэр гүйцэтгэх алба буюу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О...т гомдол гаргасан ч хууль зөрчөөгүй гэж үзсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 156 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00901 дугаар захирамжаар Б.М...оос 499,838,470 төгрөг гаргуулж Эко капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203... дугаартай, Сүхбаатар дүүргийн ....-р хороо, ....-р хороолол, .... байрны зоорийн давхрын .... тоотод байрлалтай .... м.кв авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203... дугаартай, Сүхбаатар дүүргийн ... р хороо, ... -р хороолол, ... байрны ... тоотод байрлах 141,8 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 03 дугаар сарын 19301039/05, 19301039/07 дугаар тогтоолоор тус тус хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Б... ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 391,069,100 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоосон. Үнэлгээг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/10947 дугаар албан тоотоор талуудад мэдэгдсэн.

2.3. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/25, 5/26 тогтоолуудаар эрхийн улсын Ү-22030.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 369,980,391 төгрөгийн 70 хувь болох 258,986,687 төгрөг, эрхийн улсын Ү-2203.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 21,088,136 төгрөгийн 70 хувь болох 14,761,696 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй.

 

2.4. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 тогтоолуудаар эрхийн улсын Ү-22030.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 369,980,391 төгрөгийн 50 хувь болох 184,990,491 төгрөг, эрхийн улсын Ү-2203.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 21,088,136 төгрөгийн 50 хувь болох 10,544,068 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй.

2.5. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-185/4990 дугаар албан бичгээр худалдан борлогдоогүй, улсын эрхийн бүртгэлийн Ү-22030... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ....-р хороо, ....-р хороолол, .... байрны ... тоотод байрлах 141,8 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид санал болгосон.

Төлбөр авагч Э.... ХХК-иас санал болгосон дээрх хөрөнгийг төлбөртөө тооцож авах тухай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21-03/41 дугаар албан бичгээр тус хэлтэст ирүүлсэн.

2.5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Б.Б...ийн нэхэмжлэлтэй, Н...т холбогдох, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00522 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн. Мөн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 210/МА2022/00700 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Мөн, төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 03 дугаар сарын 23-ны 156 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэ мжлэгч Б.М...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/02357 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С...т шүүх хуралдаан болохоос 2 сарын өмнө мэдэгдсэн ба нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана гэж заасантай нийцэхгүй байна.

4.2. Шүүх хуралдаанд гэрч оролцуулах нэхэмжлэгч талын хүсэлтийг хангасан боловч гэрч оролцуулах хүсэлт гаргасан талаас асуулт асуух боломж олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

4.3. Шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5-8 дугаар зүйлийг ноцтой зөрчиж үйлдэгдсэн ба хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байхгүй, хөрөнгийн үнэлгээ хийж буй шинжээч нь даатгуулсан байх шаардлагыг хангаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан байна гэж дүгнэсэнд гомдолтой байна

4.4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг баримталсан мөртлөө нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/02357 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал бичгээр тайлбар гаргаагүй болно.

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Батсүх тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.М... 2020 оны 03 дугаар сарын 23-ны 156 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж, эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00901 дугаар захирамжаар Б.М...оос 499,838,470 төгрөг гаргуулж, Э... ХХК-д олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо,...-р хороолол, ... байрны зоорийн давхрын .... тоотод байрлалтай 15 м.кв авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-220302... дугаартай, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ....-р хороолол,... байрны 701 тоотод байрлах 141,8 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх барьцаа эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1-р хх. 25-28/

3.б. Дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 19301039/05, 19301039/07 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ...-р хороолол, ... байрны зоорийн давхрын 6 тоотод байрлалтай 15 м.кв авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030.... дугаартай, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ...-р хороолол, ... байрны 701 тоотод байрлах 141,8 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураажээ. /1-р хх. 41-42, 46-47/

3.в. Хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Б... ХХК-ийг томилж, эд хөрөнгүүдийн үнэлгээг 391,069,100 төгрөгөөр тогтоожээ. /1-р хх. 60-72/

3.г. Барьцаа хөрөнгүүдийг хоёр удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4-185/4990 дугаар албан бичгээр улсын эрхийн бүртгэлийн Ү-2203025751 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 32/1 байрны 701 тоотод байрлах 141,8 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид санал болгожээ.

Төлбөр авагч Э... ХХК-аас санал болгосон дээрх хөрөнгийг төлбөртөө тооцож авах тухай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21-03/41 дугаар албан бичгийг тус хэлтэст ирүүлжээ.

4. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нь барьцаа хөрөнгийн үнийн дүнд маргаантай байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилох тогтоол гаргаж, Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т тус тус заасантай нийцэж байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5. Түүнчлэн Б... ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул шинжээч томилохдоо хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

5.а. Анхан шатны шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-аар тогтоогдож байна. Нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирүүлээгүй байх ба хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан нийцсэн. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.б. Нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, гэрчээс асуулт асуух боломж олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний эрх ашиг сонирхол зөрчигдсөн, эрх хязгаарлагдсан болох нь тогтоогдоогүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/02357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д...гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД