Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Б-д холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08-р сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Д-н эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…2018 оны 08-р сарын 30-ны өдөр төв сааданд сууж байтал согтуу ирээд нүдийг чинь ухна гээд байхаар нь уур хүрээд мөр рүү нь өшиглөх гэсэн халтираад чих рүү нь өшиглөсөн…” гэв.

 

     Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Д гэх хүн согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод нүдийг чинь ухна гээд байхаар нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

 

     Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Д ирээд намайг нүдийг чинь ухна гэж хэлээд байхаар нь Ч.Д-ийг сууж байхад нь би чих рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

  Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..., ...Би Ч.Д-ийн зүүн чих хавьцаа нэг өшиглөсөн..., ...би Ч.Д-ийн биед үүссэн гэмтлийг үүсгэсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч хийсэн зүйлээ ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

 

      Хохирогч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргалдан Д.Б гэх хүн намайг түлхэж цементэн шалан дээр унагаад миний зүүн чих рүү гутлаараа өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/

 

      Хохирогч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төв сааданд Д.Б гэдэг хүн шоогоор шигшдэг тоглоом тоголж байсан. Тэгээд би тэр тоглоомон дээр 2000 төгрөг тавиад хожсон чинь надад мөнгө өгөөгүй ...мөнгө авъя гэсэн Д.Б өгөхгүй гээд тэрнээсээ болоод маргалдсан чинь Д.Б намайг түлхэж унагаад миний зүүн талын чихрүү нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

 

          Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай: “...Ч.Д-ийн биед зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Д-ийн биед учирсан зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл нь цэвэрлэгээ, эмчилгээ дутагдсанаас болж үрэвсэж идээлсэн байх ба цэвэрлэгээ, эмчилгээг тухай бүр хийлгэсэн бол энэ шарх нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаа буюу түр хугацаанд сарниулах боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08-р сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Д-ийн эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан, түүний орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Б-ын орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хавтаст хэргийн 11-р хуудаст хохирогч Ч.Д нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА