Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01988

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01988

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/02528 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 249,859,670 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн талбайг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А ХХК нь Б ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр NR/20/78 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Сэнтоза дэлгүүрийн байранд байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын В1 давхрын 450,2 м.кв, 1 давхрын 767,8 м.кв, 2-р давхрын 87,7 м.кв буюу нийт 1,305.7 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 10 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн. Түрээсийн төлбөр нь 1 м.кв талбайг 16,300 төгрөгөөр тооцож нэг сарын 21,282,910 төгрөг байхаар тохирсон.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан NR/20/93 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн ** тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143,1 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 10 жилийн хугацаатайгаар, түрээсийн төлбөр нь 1 м.кв-т талбайг 9,000 төгрөгөөр тооцож нэг сарын 1,287,900 төгрөг байхаар харилцан тохиролцож шилжүүлсэн.

 

Түрээслэгч Б ХХК 2020 оны 02 дугаар сарын 04, 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус түрээсийн талбайг хүлээн авч ашиглаж, үйл ажиллагаа явуулсан боловч 2021 оны 10 дугаар сараас эхлэн огт түрээсийн төлбөр төлөөгүй.

2.2. Б ХХК-иас түрээсийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/06 тоот албан бичгээр 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээнүүдийг цуцалж, анхны байдалд нь оруулж талбайг хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд хариу ирүүлээгүй.

Дахин 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/07, 07 дугаар сарын 20-ны өдрийн 01/08, 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/09 тоот албан бичгээр удаа дараа шаардлага хүргүүлсэн ч мөн хариу ирүүлээгүй.

2.3. Иймд Б ХХК-тай байгуулсан NR/20/78, NR/20/98 дугаартай гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн NR/20/78 дугаар түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 234,404,870 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн NR/20/93 дугаар түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 15,454,800 төгрөг, нийт 249,859,670 төгрөг гаргуулж, түрээсийн зүйл болох худалдаа үйлчилгээний талбайг Б ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээнд талбайн хэмжээг 1,305.7 м.кв гэж заасан боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд 1,052 м.кв гэж тодорхойлсон байгаа тул үнийн дүнгийн зөрүү гарна.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын түрээсийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанаас харвал талбайн хэмжээ 247,7 м.кв-аар зөрүүтэй байна. Мөн 1 м.кв-ийн үнийг 16,300 төгрөгөөр үнэлж, нэг сарын 4,037,514 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэлд дурдсан 2022 оны 09 сар хүртэл хугацаанд тооцож үзвэл 31 сар буюу 125,162,810 төгрөг байна.

Хэдийгээр 1,305.7 м.кв талбайг түрээсэлсэн гэж байгаа боловч тухайн зөрүү м.кв талбайг А ХХК өмчилдөг эсэх талаар баримтгүй, гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус. Иймд талбайн зөрүүг тодорхой болгож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

2.2. Мөн ковид-19 цар тахлын хатуу хөл хорионд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 хоног, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 14 хоног, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хөл хорио тогтоосон тул түрээсийн гэрээний 13.1-т зааснаар талууд үүргээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон.

2.3. Түрээсийн зүйлийн одоогийн байдлаар Номинтав трейд ХХК эзэмшиж ашиглаж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 222,399,600 төгрөг гаргуулан А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,225,060 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205025*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн ** тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв талбайг, улсын бүртгэлийн Ү-2205015*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Сэнтоза дэлгүүрийн байр хаягт байрлах, 1,058 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус чөлөөлж, нэхэмжлэгч А ХХК-д хүлээлгэн өгөхийг Б ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,547,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 1,269,948 төгрөгийг, улсын орлогоос 277,702 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Гэхдээ шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт товлож өмгөөлөгчид хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж оролцох боломжит хугацаа олгоогүй.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлоход Дархан-Уул аймаг руу томилолтоор явж байгаа тул шүүх хуралдааныг 2 өдрөөр хойшлуулах тухай санал гаргасан боловч шүүх хүлээж аваагүй

4.2. Б ХХК-ийн ажил хэргээ байнга явуулдаг хаяг нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 89-ийн 2 дугаар давхарт шилжсэн бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх авч хэлэлцээгүй.

4.3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Уянга Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан. Гэвч шүүхээс хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаснаар тухайн шүүгчийн ерөнхий шүүгч хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Өмгөөлөгч Д.Уянга урд өмнө шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүхэд огт гаргаж байгаагүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн татгалзал шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй.

4.4. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх талд тусгагдсанаар хариуцагчийн өмгөөлөгчөөс тус дүүргийн бүх шүүгчдээс татгалзах тухай хүсэлт гаргасан боловч шүүх тухайн хүсэлтийг хянан шийдвэрлээгүй байх ба хүсэлт шийдвэрлэсэн мөн өдрийн 14976 дугаар захирамжид хүртэл энэ талаар тусгаагүй. Шүүгч тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзсан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.5. Түрээсийн талбайн зөрүүгээс шалтгаалж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцвол 80,750,200 төгрөгөөр нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад шүүх энэ талаар тайлбарлаагүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь үндэслэл бүхий шийдвэр гаргах эрхтэй байсан атал хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан.

Хэрвээ шүүхээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгийг баримталсан бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгөн дүнгээр нэхэмжлэлийг багасгах, эсвэл хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхэд NR/20/78 дугаартай гэрээний м.кв-н зөрүүг эцэслэн шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх боломж байсан.

4.6. Ковидын 19-ийн хатуу хөл хорио 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 хоног, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 14 хоног, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 14 хоног гэх мэтчилэн албан бус мэдээллийн сайтаас харахад сар гаруй хугацаанд хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий тул энэ хугацаанд түрээсийн гэрээний 13.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч үүргээс чөлөөлөгдөхөөр байна. Шүүх хэт нэг талыг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуралдаан нийт 13 удаа товлогдсоноос хариуцагчийн хүсэлтээр 11 удаа хойшлогдсон. Уг хугацаанд өмгөөлөгч авах болон хэргийн материалтай танилцах, баримт гаргаж өгөх боломжит хугацаа байсан.

Анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн нь хэрэг шилжүүлэх үндэслэл болохгүй.

Улсын Дээд шүүхийн тайлбарт ижил төрлийн үндэслэлээр дахин татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзаж үл болох талаар тусгасан. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хүсэлтийн үе шат дууссаны дараа шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь үндэслэлтэй.

5.2. Бодит нөхцөл байдалд түрээслүүлсэн объектын гэрчилгээг 2002 онд авсан байдаг. Уг гэрчилгээнд тусгагдсан зоорийн давхар буюу В1 давхрыг улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгадаггүй байсан. Энэ талбайг хариуцагч ашигласан.

Мөн шүүх хуралдааны явцад түрээсийн зүйлийн талбайн хэмжээний талаар хэн аль нь хүсэлт гаргаагүй тул шүүх санаачилгаараа нотлох баримт гаргахгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.1-т түрээслүүлэгч түрээсийн байрыг хэсэгчлэн түрээслэх эрхтэй бөгөөд уг нөхцөл байдлаас үүссэн аливаа асуудлыг бүрэн хариуцна гэж тохиролцсон. Хэрэгт түрээсийн зүйлийг Номин сүлжээ дэлгүүр түрээсэлж байгаа талаарх баримт байхгүй тул гуравдагч этгээдээр оролцуулах талаар гаргасан хариуцагчийн хүсэлт үндэслэлгүй.

Ковид-19 цар тахлын хөл хорионы үед хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь хэвийн ажиллаж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 249,859,670 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

3. А ХХК болон Б ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан NR/20/78 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр А ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Сэнтоза дэлгүүрийн байр хаягт байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын В1 давхрын 450.2 м.кв, 1 давхрын 767.8 м.кв, 2 давхрын 87.7 м.кв буюу нийт 1,305.7 м.кв талбайг 10 жилийн хугацаатайгаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Б ХХК нь 1 сар тутам 1 м.кв талбайн төлбөрт 16,300 төгрөг, нийт 21,282,910 төгрөг төлөхөөр,

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан NR/20/93 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр А ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн ** тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв талбайг 10 жилийн хугацаатайгаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Б ХХК нь 1 сар тутам 1 м.кв талбайн төлбөрт 16,300 төгрөг, нийт 1,287,900 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ.

Талуудын байгуулсан гэрээний онцлог шинж, тохиролцоо, гэрээг бичгээр байгуулсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлбэл зохих гэрээг бүртгүүлсэн зэргийг үндэслэн зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан NR/20/78, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан NR/20/93 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг цуцлуулах нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагад бус үндэслэлд хамаарч байна.

Гэрээний хэрэгжилтийн явцад Б ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй тул А ХХК нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж 2022 оны 04 дүгээр сарын 11, 07 дугаар сарын 17, 20, 22-ны өдрүүдэд албан бичгийг хүргүүлжээ /хх 21-27/.

 

Ийнхүү гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдэж, үүний дараа түрээслүүлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар урт хугацаатай байгуулсан гэрээг урьдчилан сануулж, нэмэлт хугацаа тогтоосны эцэст цуцалсан гэж үзнэ.

Зохигчийн байгуулсан гэрээ цуцлагдсан, хариуцагч түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан хэвээр тул түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

Харин анхан шатны шүүх нь түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг зөвтгөж өөрчлөнө.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түрээслэгчийн түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрийг төлөөгүй үйл баримтыг зөв тогтоож, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан NR/20/78 дугаартай гэрээний 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 206,944,800 төгрөг,

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан NR/20/93 дугаартай гэрээний 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 15,454,800 төгрөг, нийт 222,399,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв.

Харин нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон үнийн дүн 27,460,070 төгрөгийг шийдвэрийн тогтоох хэсэгт 24,225,060 төгрөг гэж алдаатай бичснийг зөвтгөх нь зүйтэй.

Дээрх 27,460,070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй. Гэхдээ ийнхүү түрээсийн талбайг бууруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буй нь хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүйг дурдвал зохино.

 

4.1. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан NR/20/78 дугаар гэрээнд түрээсийн талбайн хэмжээг 1,305.7 м.кв гэж заасан боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 1,058 м.кв гэж бүртгэгдсэн үндэслэлээр түрээсийн төлбөрийг хэмжээг бууруулах, урьд төлөгдсөн төлбөрийг илүү төлсөн тул хасч тооцох агуулгаар тайлбар гаргасан, мөн давж заалдах гомдлын үндэслэл болгожээ.

Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, мөн түрээсийн зүйлийг хүлээн авснаас хойш талбайн зөрүүний доголдлын талаар шаардлага гаргаагүй тул урьд төлсөн түрээсийн төлбөрөөс хасалт хийх гомдлыг хангахгүй.

Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 1,058 м.кв гэж бүртгэгдсэн боловч түрээсийн талбайн бодит хэмжээ нь 1,305.7 м.кв хүрэхгүй болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Шүүх хуралдааны хүсэлт хүлээн авах үе шатны өнгөрсний дараа хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах, шинээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар зохигч хүсэлт гаргаагүй, мэтгэлцээний харилцан эсрэг байр суурийг илэрхийлээгүй тул шүүх хуралдаан үргэлжилж байх явцад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан түрээсийн зүйлийн талбайн хэмжээтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг харгалзан шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхгүй.

Дээрх үндэслэлээр гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

5. Хариуцагчийн гаргасан дараах гомдлуудыг хангахгүй.

 

5.1. Хариуцагчийн гаргасан Номинтав трейд ХХК нь түрээсийн зүйлийг ашиглаж буй тул гуравдагч этгээдээр оролцуулах байсан гэх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авахгүй.

Учир нь түрээсийн гэрээний 6.1.1-д түрээслэгч нь ...түрээсийн байрыг хэсэгчлэн түрээслүүлэх эрхтэй бөгөөд үүнээс аливаа үүдсэн асуудлыг бүрэн хариуцна гэж заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр Н ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй.

 

5.2. Ковид-19 цар тахлын хөл хорионы хугацаанд холбогдуулан хариуцагч гомдол гаргасан ч хөл хорионы үед үйл ажиллагаа явуулаагүй болохоо нотлоогүй, тухайлбал бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллахыг хориглосон үйл ажиллагааг тухайн түрээсийн талбайд эрхэлж байсан эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Түүнчлэн хэрэв үйл ажиллагаа явуулаагүй бол ямар хугацаанд хэдий хэмжээний түрээсийн үүргээс чөлөөлөгдөх байсан талаар тодорхой мэтгэлцээний байр суурийг илэрхийлээгүй тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр заасан бөгөөд талууд уг хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, улмаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр товлосон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 16, 02 дугаар сарын 10, 03 дугаар сарын 01, 04 дүгээр сарын 14, 06 дугаар сарын 21, 23, 08 дугаар сарын 23-ны өдрүүдийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй.

Иймд өмгөөлүүлэх эрхийг хэлбэрийн төдий хангасан, мэтгэлцэх эрхээр хангаагүй, биечлэн оролцуулаагүй зэрэг гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

5.4. Хариуцагчийн хүсэлтээр уг хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2022/18976 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.

Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан харъяалал өөрчлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

5.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүгч Д.Энхцэцэгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзсныг тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ЕШ2023/01684 дүгээр захирамжаар хангахгүй орхисон,

2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн шүүхийн бүх шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ЗТ2023/01239 дүгээр тогтоолоор хангахгүй орхижээ.

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Уянга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгч болон тухайн шүүхийн бүх шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Иймд урьд гаргаж шийдвэрлэгдсэн үндэслэлээр шүүгч, тухайн шүүхийн бүх шүүгчийг дахин татгалзсан хүсэлт гаргасныг хүсэлт гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа алдаатай хуваариласан, мөн холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэснийг залруулж өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/02528 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 24,225,060 төгрөгийг гэснийг 27,460,070 төгрөг гаргуулах хэсгийг гэж,

2 дахь заалтын 295 дугаар зүйлийн 295.1-д гэснийг 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,547,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 1,410,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,410,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ