Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 346

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Давхар энгэр гэх газар оршин суух Хорчин овогт Нямдуламын Одгэрэлийн /РД:АЖ85122203/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух Цорс овогт Доржсүрэнгийн Банзрагчид /РД:АЖ82110511/ холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Одгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Н.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бид 2006 оны 06 сарын 27-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2004 оны 01 сарын 23-ны өдрийн охин О.Батцэцэг, 2013 оны 01 сарын 09-ний өдөр охин Лхагвапагма төрсөн. Том охиноо төрүүлээд хэсэг хугацаанд амьдралын таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаад бага охиноо төрөхийн үед буцаж нийлсэн. Бидний амьдрал маргаантай байсан болохоор бага охиноо өөрийн ээждээ үрчлүүлсэн. Бид тусдаа амьдраад 2 жил гаран болж байна. Цаашид хамт амьдрахгүй тул бидний гэрлэлт цуцлуулж, охин О.Батцэцэгийг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эвлэрүүлэх арга хэмжээ авахгүй хэргийг шийдэж өгнө үү  гэжээ.

 

          Хариуцагч Д.Банзрагч шүүхэд болон 2016 оны 04 сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.Одгэрэл бид хоёр гэр бүл болон амьдарч байсан нь үнэн. Би гэрлэлтээ цуцлуулах бодолгүй байна. Дахиж архи дарс ууж, зодож нүдэж байхгүй. Том О.Батцэцэг охинтойгоо сумын төв орохоороо байнга уулздаг. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Бага охин Лхагвапагмыг Н.Одгэрэлийн ээжид үрчлүүлсэн. Би хэдэн мал маллаж хөдөө амьдарч байна гэжээ.

           

Нэхэмжлэгч Н.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би нөхөртэйгөө 2006 онд гэр бүл болсон. Одоо тусдаа амьдраад 2 жил гаран болж байна. Би сумандаа нэг ажил хийдэг боловч ажил дээр ирээд янз бүрийн юм яриад хэрүүл, маргаан гаргадаг. Одоо Банзрагчаас байнга зугтааж амьдарч байна. Банзрагчийг ирлээ гэхээр нь айдас хүрч зутгаадаг болсон. Хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Одоо би ээж, том охинтойгоо хамт амьдарч байна. Бага охиныг хавар авч яваад өгөхгүй байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулмаар байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банзрагч, Одгэрэл нар нь 2006 оноос  хойш гэр бүл болон хамт амьдарсан. Дунд нь нэг удаа салж байсан байна. Салах болсон шалтгаан нь хариуцагч Банзрагч удаа дараа байнга зодож байсан байна. Өмнө нь шүүхэд өгөөд эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрэх хугацаа

 

өгсөн боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах үндэслэлтэй байна

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Н.Одгэрэлийн хариуцагч Д.Банзрагчид холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

          Нэхэмжлэгч Н.Одгэрэл, хариуцагч Д.Банзрагч нар нь 2006 оны 06 сарын 27-нд гэр бүл болж 2007 оны 01 сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн гэрчилгээний хуулбараар, тэдний охин О.Батцэцэг 2004 оны 01 сарын 23-нд төрсөн болох нь 014 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

          Д.Банзрагч, Н.Одгэрэл нарын өрхийн бүртгэлд том  охин Б.Лхагвапагма бүртгэлгүй, түүнийг үрчлүүлсэн болох нь  Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 151/003138 тоот Цорс овогт Банзрагчийн Лхагвапагмыг  /РД:АЖ13210904/ үрчлэгч эх Хорчин овогт Дамдинжавын Нямдуламд үрчлүүлсэн талаар Архангай аймгийн Хотонт сумын үрчлэлтийн 6516000001-рт 2015 оны 01 сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэсэн лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч Д.Банзрагч охин Лхагвапагмыг өөрийнх нь зөвшөөрөлгүй үрчлүүлсэн гэсэн утгастай тайлбар шүүхэд өгсөн боловч 2016 оны 03 сарын 14-нд нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 2016 оны 06 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан хүртлэх хугацаанд охин Лхагвапагмын үрчлэлтийн хүчинтэй эсэх талаар холбогдох бусад байгууллагад  хандаж шийдвэрлүүлсэн тухай баримт шүүхэд ирүүлээгүй, энэ талаар хүсэлт шүүхэд гаргаагүй тул охин Лхагвапагмын үрчлэлт хүчинтэй байна, үрчлэлтийн асуудлаар маргаан гаргаагүй гэж дүгнэлээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж гэрлэгчид эвлэрээгүй болох  нь эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтын үр дүнгийн талаарх тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар  зэргээр тогтоогдож байна. Гэрлэгчид шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй, тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул  Д.Банзрагч, Н.Одгэрэл нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, охин О.Батцэцэгээс өмгөөлөгч байлцуулж асуусан санал зэргийг харгалзан одоо 12 нас 04 сартай О.Батцэцэгийг эх Н.Одгэрэлийн асрамжинд үлдээж, эцэг Д.Банзрагчаар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Одгэрэлийн гэрлэлт цуцлуулах, охин О.Батцэцэгийг асрамжиндаа авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Н.Одгэрэлийн нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Банзрагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Одгэрэлд олгох нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч Н.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэсэг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Д.Банзрагчаас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөр зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28627 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.  Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

Хариуцагч Д.Банзрагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хоёр дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг баримтлан хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Цорс овогт Доржсүрэнгийн Банзрагч /РД:АЖ82110511/, Хорчин овогт Нямдуламын Одгэрэл /РД:АЖ85122203/  нарын гэрлэлтийг цуцласугай.

 

  2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 2004 оны 01 сарын 23-ны өдрийн өдөр төрсөн охин Одгэрэлийн Батцэцэгийг эх Н.Одгэрэлийн асрамжинд үлдээсүгэй.

 

  3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  охин О.Батцэцэгийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Банзрагчаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн болон охин Нямдуламын Пагмадуламын үрчлэлийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

 

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Банзрагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Одгэрэлд олгосугай.

 

 7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагч Д.Банзрагчаас гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

9.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар,  гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Ууганбаяр/-т даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН