Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01953

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01953

 

 

М.Б....ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21ий өдрийн 183/ШШ2023/02488 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Б...гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.З...д холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.С...тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Х... дүүргийн ... дугаар хороо, Х. хороолол, Их Монгол улс гудамж, ... дугаар байрны . дугаа..р тоот хаягт байрлах 55,04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206.... дугаарт бүртгэгдсэн 001127501 дугаар гэрчилгээ гаргуулан авсан.

 

1.2. Орон сууц худалдан авсан төлбөрийг гэрээ байгуулах үед худалдан авагч Б.С...д бүрэн төлж барагдуулан байрандаа орох гэсэн боловч уг байранд Э.З... гэгч түрээслэн амьдарч байгаа гэсэн тайлбар хэлж байр чөлөөлж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан.

 

1.3. О.Н... гэгч түүнд байрыг түрээсэлсэн гэх бөгөөд уг этгээд нь орон сууцыг бусдад түрээслэх эрх бүхий этгээд биш бөгөөд М.Ба...г орон сууцыг худалдан авах үед байрны өмчлөгчөөр зөвхөн Б.С... бүртгэлтэй байсан.

Иймд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Х... хороолол, Их Монгол улс гудамж, ... дугаар байрны ... дугаар тоотод орших 55,04 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг Э.З...ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П.., О.Н. нараас .маргаж буй сууцыг 5 жилийн хугацаатайгаар хөлсөлсөн.

 

2.2. Ингэхдээ гэрээний хугацаа дуусахаас өмнө хөлслөгчийг хууль бусаар орон сууцнаас чөлөөлөх гэх мэт асуудал гарахаас сэргийлэн зуучлагч компаниар дамжуулан жил бүр гэрээг сунгадаг байсан. Мөн хөлслөгч миний бие 5 жил тогтвортой хөлслөх баталгаа болгон хөлсийг бүхэлд нь урьдчилан төлсөн.

 

2.3. Уг сууцыг худалдаж, худалдан авч буй талуудын хэн аль нь надад урьдчилан мэдэгдээгүй, орон сууц хөлслөх гэрээгээ цуцлах, хөлсийг буцаан төлөх гэх мэт ямар ч арга хэмжээ аваагүй.

 

2.4. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд уг гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан төлөөгүй, өмчлөх эрх олж авсан этгээдийн өмчлөл маргаантай, шударгаар өмчлөх эрх олж авсан нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б...гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Х... хороолол, Их Монгол улс гудамж, ... дугаар байрны ... дугаар тоот орон сууцыг хариуцагч Э.З...ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.З...аас 907 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б...д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 08 дугаар сарын 16-ний өдрийн 02902 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

4.1. Миний бие Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П.. (P.), О.Н... нараас маргаж буй сууцыг 5 жилийн хугацаатайгаар хөлсөлсөн бөгөөд нялх хүүхэдтэй зэрэг хувийн шалтгааны улмаас удаан хугацаанд хөлслөх сонирхолтойгоо хэлж уг байрыг сонгосон. Гэрээ байгуулахдаа ярилцаж тохиролцсон. 5 жил тогтвортой хөлслөх баталгаа болгон хөлсийг бүхэлд нь урьдчилан төлсөн.

 

4.2. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад "өмчлөгч нь би болсон байрнаасаа гар" хэмээн М.Б... гэх хүн хэл амаар доромжилж, амгалан тайван байдал алдагдуулж эхэлсэн.

 

4.3. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнтэй гэр бүл гэх Б.С...ы нэр дээр дүр үзүүлсэн хуурамч хэлцэл хийн, Б.С... нь цааш дамжуулан хуурамч хэлцэл хийх замаар эрх зөрчиж байна.

 

Цагдаагийн байгууллагад М.Б... зах зээлийн үнээс илт доогуур хуурамч хэлцлээр уг байрыг авсан тухай шалгаж байна. Мөн тус байгууллагаас хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй тул чөлөөлөхгүй байж болно гэсэн. М.Б... гэх этгээдийн өмчлөх эрхтэй эсэх маргаан шийдэгдээгүй байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М.Б... нь хариуцагч Э.З...д холбогдуулан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Х... хороолол, Их Монгол Улсын гудамж ... байрны ... тоотод оршин байрлах, 55,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 1-21, 16-17/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206... дугаартай, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Х... хороолол, Их Монгол улс гудамжны ... байрны ... тоот хаягт байрлах, 55,04 м.кв, 2 өрөө сууцны өмчлөх эрх М.Б...гийн нэр дээр шилжин бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тухай баримт хэрэгт авагдсан. /1-р хх. 5/

3.б. Б.С.., М.Б... нар нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.С... нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Х... хороолол, Их Монгол Улсын гудамж ... байрны ... тоотод оршин байрлах, 55,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, М.Б... нь 150,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх. 6/

4. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П.., О.Н... нартай орон сууц хөлслөх гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан гэх үйл баримтаа хариуцагч Э.З... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6. Хариуцагчийн Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй, уг гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан төлөөгүй, өмчлөх эрх олж авсан этгээдийн өмчлөл маргаантай гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

П..н, О.Н.., Э.З... нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлс шилжүүлсэн гэж тайлбарлах боловч орон сууц хөлслөх гэрээ болон хөлс төлсөн баримт авагдаагүй тул шүүх 5 жилийн хугацаагаар гэрээ байгуулсан, эзэмшил хууль ёсны гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21ий өдрийн 183/ШШ2023/02488 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД