| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0012/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Д.Т,
Шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Т, Б овогт О.З нарт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Д.Т
Монгол Улсын иргэн, Б овогт О.З
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория бааранд хохирогч О.З-ын эрх чөлөөнд халдаж түүний толгойн тус газарт толгойгоороо мөргөн, бороохойгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.З нь 2018 оны 11-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория бааранд хохирогч Д.Т-ын эрх чөлөөнд халдаж түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “…Тэр өдөр би бааранд ажилтай байсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад О.З талбай дээр бүжиглээд эмэгтэй хүмүүсийг чангаагаад байгаа нь анзаарагдсан. Нэг мэдсэн 3 дугаар ширээний 3 эмэгтэй дээр очоод суучихсан байсан. Гэтэл уг 3 эмэгтэй намайг дуудаад энэ согтуу залууг эндээс холдуулаад өгөөч гэхээр нь би О.З дээр очоод чи ширээндээ суу эсвэл гар гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд чиний цагдаа байсан чинь надад хамаагүй шүү гэхээр нь би татаад гаргасан. Би зөөгчтэй юм яриад зогсож байтал гаднаас орж ирээд араас шууд хүзүүдсэн. Хөгжим чанга дуугарч байсан болохоор би чихээ өгөхөд урдаас тонгойхоор нь хазах гэж байна гэж бодоод зайлахад О.З миний толгойнд хамраа цохисон юм шиг байгаа юм. Би энэ залуу яагаад жорлон руу явчихав гээд гадуур хувцсаа өмсөөд бороохойгоо бариад уулзах гээд гараад очтол ширээнд сууж байсан 3 хүүхэн дуудахаар нь очиж байтал араас шууд ирээд миний зүүн нүд рүү цохисон, миний нүдний шил бутраад унасан, цохиод шууд тэвэрч аваад зууралдаад байсан. Би олны дунд танил, цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж байсан учраас аливаа зүйлийг өөр өнцгөөс хардаг. Би доор нь унаж болохгүй гээд ташиж унагаагаад, зүүн талынх нь мөр рүү 2 удаа бороохойгоор цохисон. 2016 онд зүүн нүдний болрын хагалгаанд орж байсан. Тийм болохоор би нүдийг маань сохолчихлоо гэж бодсон. Өрөөсөн нүд харахгүй байсан. Манай бааранд хүний чихийг хазаж байсан. Тиймээс энэ согтуу нөхрийг мөн хазах гэж байна гэж бодсон. Гэтэл өөрөө зайлаад толгой мөргөсөн юм шиг байгаа юм. Мөрдөн байцаагч намайг барьж аваад мөргөсөн юм шиг зүйл бодоод байгаа юм. Би мөргөөгүй. Яагаад гэвэл миний нүдний шил, малгай хөдлөөгүй байсан. Санаатайгаар мөргөөгүй. Энэ хүн намайг хазах гэж байх шиг болохоор нь би зайлсан. Миний нэг нүд таглагдчихаад байхад намайг ална гээд зууралдсан болохоор нь би бороохойдсон. Би архи ууж үзээгүй, одоо ч уудаггүй. Энэ хүнд яв эсвэл зүгээр суу гэж аятайхан хэлж байхад явахгүй зууралдсаныг нь ойлгохгүй байна. Одоо болтол надаас уучлалт гуйгаагүй. Би энэ хүнээс хохирлын мөнгө нэхэмжлээгүй. Гарцаагүй хагалгаанд орвол 150000 төгрөг ордог. Нийт 500000 төгрөг болдог. Чи 500000 төгрөг өгч чадах уу гэж хэлж байсан ч энэ хүн чадваргүй юм шиг байсан. 5 хоног хүлээгээд өргөдөл өгөх үү, болих уу гээд за болъё гэж байтал Цагдаагийн дарга олон нийтийн цагдаагаар ажиллах уу гэсэн санал тавиад дуудсан. Очиж уулзахад таны нүд яасан юм бэ, хэн зодсон юм бэ гээд энэ хүнийг гаднаас дуудаж оруулаад манай ахмад цагдааг зодсон байна гээд баахан загнасан чинь энэ хүн эд нар намайг ялтан болгох юм шиг байна гээд давхар өргөдөл өгсөн юм билээ. Одоо энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ миний нүд улаан байгаа, яваандаа яахыг мэдэхгүй. Хэрвээ хагалгаанд орвол хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ…гэм буруугийн талаар маргаан байхгүй, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад баарнаас гар гэсэн шаардлага тавихаар нь би угаасаа гарах гэж байна гэхэд би цагдаа хүн шүү гээд маргасан. Би гарлаа гээд мөрөн дээр нь гараа тавиад эргэж гарах гэтэл би мөрдөстэй хүн шүү гээд намайг татаж байгаад мөргөсөн. Би арагшаа суугаад өөдөөс нь ямар ч үйлдэл хийхгүйгээр угаалгын өрөө рүү орж цусаа угаагаад харахад хамар монхойсон байсан. Уурлаад эргэж гарч ирээд араас нь тэврээд солгой гараараа цохисон. Гэхдээ би гараа сайн атгаж цохиогүй. Тэгэхэд миний толгойн баруун тал руу бороохойгоор 2 удаа цохисон. Би хана налаад арагшаа ойчсон. Одоо хүртэл толгой дээр бондгор байгаа. Хамгийн сүүлд цээж рүү хөлөөрөө нэг жийгээд бороохойн ард талаар миний нүдийг хөх болтол хатгасан. Зөөгч ирээд намайг аваад гарахад ажлын маань дүү гадаа байсан. Яасан бэ, юу болсон бэ гэхээр нь би зодуулчихлаа гэж хэлэхэд намайг машинд суулгасан. Тэгэхэд таны араас төмөр бариад гарч ирж байна гэж хэлж байсан. Төмөр байсан гэдгийг надтай хамт явж байсан 2 дүү гэрчилнэ. Дараа нь ажлаас утасдаад Д.Т гэдэг хүнийг зодсон байна гээд дуудсан. Уулзчихаад гараад явж байтал ах яриад чи надтай уулзахгүй юм уу гэж хэлэхээр нь очиж уулзахад чи яаж миний хохирлыг барагдуулах гэж байна гэж хэлэхээр нь та ч намайг зодсон гэж хэлсэн. Маргааш нь цагдаагаас гомдол ирсэн гэхээр нь очиж уулзаад би ч мөн зодуулсан гэж хэлэхэд ямар ч гэсэн хэргийг чинь бүртгээд шалгана гэж хэлсэн. Тэр үед Түмээ ах над руу чи миний хохирлыг барагдуулж надтай уулзахгүй юм уу? цагдаа дээр хүрээд ир гэхээр нь очтол даргын өрөөнд ороод ир гэж хэлсэн. Намайг ороход надаар юу ч хэлүүлэхгүй, загнуулаад гарсан. Дараа нь би чамаас 2 сая төгрөг авч сална гэж хэлсэн. Мөнгөний боломж байхгүй байна, эхнэр жирэмсэн, 2 нялх хүүхэдтэй гэхэд чи машинаа зараад өгөхгүй юу гэж хэлсэн. Би өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад өмгөөлөгч авсны хэрэггүй гээд зөвлөгөө өгсөн. Тэрний дараа Т ах чи өмгөөлөгч авч байгаа юм уу, ах нь чамд гомдолгүй гэхээр нь би аваагүй гэхэд хоёулаа бие биедээ гомдолгүй юм чинь өмгөөлөгчгүй оръё гэж хэлж байсан ч өнөөдөр бас л худлаа зүйл мэдүүлээд зогсож байна...би Т ахаас 2 ч удаа уучлалт гуйсан, ер нь бие биенээсээ уучлалт гуйгаад энэ хэргээс салъя гэж тохирчихоод одоо сонин юм яриад байх юм” гэв.
Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.З орж ирээд чихэнд юм хэлэх гэхээр нь ойртсон чинь хазах гэж дайрахаар нь би зайлаад нүүр рүү нь мөргөчихсөн чинь О.З жорлон руу орсон. Тэгсэн чинь хүн дуудахаар нь би явж байсан чинь араас хүн татахаар нь эргээд хартал О.З миний зүүн талын нүд рүү гараараа цохиод намайг ална гээд зууралдаад байхаар нь би тонгорч унагаад зүүн мөр рүү нь 2 удаа бороохойгоор цохисон чинь манай зөөгч Б ирээд О.Зыг чирээд гаргахаар нь би араас нь гарсан чинь О.З машинд суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Шүүгдэгч О.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг цохих гэсэн, би өөрийгөө хамгаалах гэж байгаад зүүн гараар тухайн хамгаалагчийн зүүн нүд рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/
Хохирогч О.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд ажлынхаа газрын А, Д нарын хамт Виктория бааранд ороод 0.5 литртэй архи, 3 пиво захиалсан ...баарны хамгаалагч ах ирээд аятайхан суулдаа болохгүй бол гаргана шүү гээд шаардлага тавихаар нь та яагаад гаргах гээд байгаа юм бэ, би удахгүй гарлаа шдээ гээд маргааны шинжтэй яриад би мөрөн дээр нь гараа тавьсан чинь хамгаалагч ах намайг мөргөж унагаад чи миний мөрөн дээр гараа тавьдаг хэн бэ, би мөрдөстэй хүн шүү гэхээр нь би хамраас цус гарсан байхаар нь нойл руу орж цусаа угаагаад гарч ирээд ах та яаж байгаа юм бэ гэсэн чинь чи муу юу гээд байгаа юм бэ гээд бороохойгоо гаргаад ирэхээр нь би зүүн гараараа зүүн нүд рүү нь цохисон чинь бороохойгоор миний толгой руу 3 удаа цохиод намайг хөлөөрөө жийгээд газар унасан чинь бороохойныхоо бөгсөөр баруун нүд рүү цохисон чинь хамраас дахиад цус гарахаар нь босоод гараад гүйсэн чинь араас гарч ирэх шиг болсон. Тэгээд гадаа Хэрлэн машинтайгаа байж байхаар нь машинд нь суугаад гэрлүүгээ харьсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг хүн араас чинь гэхээр нь эргээд хартал О.З миний нүд рүү гараараа цохичихоод намайг зуурч аваад тавихгүй байхаар нь би тонгорч унагаад зүүн талын мөр рүү нь резинен бороохойгоор 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/
Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд А бид 2 гадаа тамхи татаад байж байсан чинь О.З ах хамраас нь цус гарчихсан гараад ирэхээр нь би О.З ахыг та чинь яачихваа гэсэн чинь араас нь Виктория баарны хамгаалагч хөгшин ах урт төмөр барьчихсан гараад ирэхээр нь би А, О.З ах хоёрыг М-н машинд суулгаад нөгөө хамгаалагчийг тэврээд авсан чинь тэр хамгаалагч ах намайг тавьж бай би наадахыг чинь алчихъя гэхээр нь би та яагаад байгаа юм бэ зүгээр бай гээд нөгөө хэд дээр буцаж ирээд харьцгаая гээд А, М, О.З ах 3 М-н машинд сууж яваад би таксидаад харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.З ах хамгаалагчид нь зодуулчихлаа гээд гарч ирсэн. О.З ахыг баарнаас зөөгч залуу гаргаж ирсэн санаж байна. Бид нар баарны гадаа байж байтал баарны хамгаалагч араас гарч ирээд О.З-ыг барьж авах гээд дайраад байсан. Бид нар баарны хамгаалагчийг хорьж байгаад би О.З ахыг машинд суулган авч яваад гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Гэрч Б.Б-н “...тухайн саарал цамцтай залуу хамгаалагчийн араас нь ирээд хамгаалагчийн нүүрэн тус газар руу нь цохичих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11-р сарын 15-ны өдрийн “...О.Зын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.З-ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0378 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “...Д.Т-ын биед зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Т-ын биед учирсан зүүн нүдний дотор салстын цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Т-ын биед учирсан гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой эдгэрч буй хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 4-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-71-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория бааранд хохирогч О.З-ын эрх чөлөөнд халдаж түүний толгойн тус газарт толгойгоороо мөргөн, бороохойгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория бааранд хохирогч Д.Т-ын эрх чөлөөнд халдаж түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь “...би О.З-ыг цохиогүй, өөрөө л миний толгойд мөргөсөн байх, ...яагаад гэвэл миний нүдний шил, малгай хөдлөөгүй байсан. Санаатайгаар мөргөөгүй. Энэ хүн намайг хазах гэж байх шиг болохоор нь би зайлсан,... гэм буруугийн талаар маргаан байхгүй, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...араас шууд ирээд миний зүүн нүд рүү цохисон, миний нүдний шил бутраад унасан, цохиод шууд тэвэрч аваад зууралдаад байсан...,гэсэн мэдүүлэг, Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.З орж ирээд чихэнд юм хэлэх гэхээр нь ойртсон чинь хазах гэж дайрахаар нь би зайлаад нүүр рүү нь мөргөчихсөн чинь О.З жорлон руу орсон. Тэгсэн чинь хүн дуудахаар нь би явж байсан чинь араас хүн татахаар нь эргээд хартал О.З миний зүүн талын нүд рүү гараараа цохиод намайг ална гээд зууралдаад байхаар нь би тонгорч унагаад зүүн мөр рүү нь 2 удаа бороохойгоор цохисон чинь манай зөөгч Б ирээд О.З-ыг чирээд гаргахаар нь би араас нь гарсан чинь О.З машинд суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...нэг хүн араас чинь гэхээр нь эргээд хартал О.З миний нүд рүү гараараа цохичихоод намайг зуурч аваад тавихгүй байхаар нь би тонгорч унагаад зүүн талын мөр рүү нь резинен бороохойгоор 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд А бид 2 гадаа тамхи татаад байж байсан чинь О.З ах хамраас нь цус гарчихсан гараад ирэхээр нь би О.З ахыг та чинь яачихваа гэсэн чинь араас нь Виктория баарны хамгаалагч хөгшин ах урт төмөр барьчихсан гараад ирэхээр нь би А, О.З ах хоёрыг М-н машинд суулгаад нөгөө хамгаалагчийг тэврээд авсан чинь тэр хамгаалагч ах намайг тавьж бай би наадахыг чинь алчихъя гэхээр нь би та яагаад байгаа юм бэ зүгээр бай гээд нөгөө хэд дээр буцаж ирээд харьцгаая гээд А, М, О.З ах 3 М-н машинд сууж яваад би таксидаад харьсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.З ах хамгаалагчид нь зодуулчихлаа гээд гарч ирсэн. О.З ахыг баарнаас зөөгч залуу гаргаж ирсэн санаж байна. Бид нар баарны гадаа байж байтал баарны хамгаалагч араас гарч ирээд О.З-ыг барьж авах гээд дайраад байсан. Бид нар баарны хамгаалагчийг хорьж байгаад би О.З ахыг машинд суулган авч яваад гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын хүсэлтээр шинжлэн судлагдсан баарны камерын бичлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч О.З, Д.Т нар нь бие биенийхээ эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11-р сарын 15-ны өдрийн “...О.З-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.З-ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0378 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн “...Д.Т-ын биед зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Т-ын биед учирсан зүүн нүдний дотор салстын цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Т-ын биед учирсан гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой эдгэрч буй хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрч “ШС” гэрээт харуул хамгаалалтын газрын албаны дарга ажилтай Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Т зэвеста хамгаалалтын албанд ажиллаж байгаад хамгаалалтын албанаасаа гарч Виктория бааранд хамгаалагчаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм билээ. Виктория баар урьд нь манайхтай гэрээ байгуулан манайхаас хамгаалагч ажилладаг байсан юм, одоо бол гэрээ дуусгавар болсон, манай хамгаалалтын албанаас ямар нэгэн үүрэг гүйцэтгэхгүй байгаа...Д.Т манайд хамгаалагчаар ажилд орох хүсэлтэй байгаа гээд цаашид гэрээ байгуулан ажиллахаар тохиролцож үнэмлэх бичүүлж аваад явсан...албан ёсоор гэрээ байгуулж манай ажилтнаар ороогүй болохоор албаны хувцас, тусгай хэрэгсэл олгоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг, гэрч “ГШ” ХХК-ийн менежер ажилтай Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Т 2017 оны 12 сараас эхлэн манай “ГШ” ХХК-тай амаар гэрээ байгуулан Виктория бааранд хамгаалагчаар өдрийн 25000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа манай ажилтан...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Т-ыг Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3.1.4-т заасан харуул хамгаалалтын алба хаагч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч М овогт Д.Т, Б овогт О.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.З нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний мэдүүлэг нь тогтвортой ба хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн талаар маргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын цалин хөлс, эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ял оногдуулж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Т, О.З нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, О.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Д.Т, Б овогт О.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, О.З нар торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, О.З нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Т, О.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, О.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА