Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 1806088992205 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.О.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын маргаанаас үүдэн Ө.Баяржавхлангийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Баяржавхлангийн: “... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим би Ботаникийн эцэс дээр автобуснаас буугаад 27 дугаар сургуулийн урд талын хойшоо хардаг ТҮЦ-нүүдийн талаар явж байтал миний өмнөөс Улаанаа /буюу Д.О/ ах найзынхаа хамт ирж явсан. Тэгээд би өөдөөс нь хоёр гараа куртикныхаа халаасанд хийгээд явж байхад миний хажуугаар гарахдаа “чи юу гээд байсан бэ хоёулаа энд учраа олчихъё” гэхээр нь би ч гэсэн “учраа олмоор байна, таныг би дээр цагдаад дуудлага өгчихөөд буцаасан” гэсэн чинь “хоёулаа хүнгүй гудамж руу орох уу” гээд намайг дагуулан явж байхдаа миний хойноос хөл рүү 2-3 удаа өшиглөж байсан. Тэгээд хамт явж байсан найз нь Оыг авч явах гээд салгаад байсан. Тухайн үед бид хоёр муудалцаад заамдалцсан байсан юм. Тэгээд би О ахад “би танд хүнгүй газар зодуулахгүй камертай газар очъё” гэж хэлээд бид хоёр Ботаникийн эцсийн автобусны буудлын голд байдаг цагаан өнгийн камерны доор нь очсон чинь намайг О ТҮЦ-ний тэндээс дуудахаар нь би эргээд очсон чинь Д.О гараараа над руу зангахаар нь би хойш болоход миний нүүрэн тус газарт хоёр удаа цохиод, миний хамарнаас цус гараад цамцаараа цусаа дараад байж байхад дахин миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд намайг “яв” гэхээр нь би “явахгүй та яаж байгаа юм надад ямар эмчилгээний  мөнгө өгч чадах уу” гэж асуугаад автобусны буудал дээр байдаг нийтийн бие засах газарт ороод цусаа угаасан. Тэр үед Улаанаа найзынхаа хамт яваад өгсөн байсан. Улаанааг над руу дайрах үед нь найз нь салгаад байсан. Найз нь надад гар хүрсэн асуудал байхгүй. Тухайн үед миний хамраас цус гарсан, баруун нүд хавдсан, хөл рүү өшиглөж байсан боловч тэнд гэмтэл учраагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Нямдашийн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчим О манайд ирээд бид хамт Халдвартын эмнэлэг ороод “шинжилгээний хариу авъя” гээд бид нар хамт манай гэрээс гараад Ботаникийн эцсийн буудал орох гээд алхаж явахад 27 дугаар сургуулийн үүдэнд О бид хоёр юм яриад явж байтал хойноос нэг өндөр залуу гүйж ирээд учиргүй Оыг заамдаад авсан. Тэгээд би гайхаад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд хамаагүй” гэж хэлээд Отай хэрэлдээд “би чамайг алаад өгнө хоёулаа камертай газар очоод зодолдъё” гээд заамдсан гараа тавихгүй байхаар нь би салгаад “та хоёр эв зүйгээ олоод гараа бариад салчих” гэж хэлсэн чинь тэр залуу нь үгэнд орохгүй “зодолдъё” гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр Ботаникийн эцсийн эргэдэг цагаан өнгийн камерын доор очоод нэг нэгнийхээ нүүр, гар, хөл рүү нь гар болон гараараа болон хөлөөрөө өшиглөлцөөд байсан. Тухайн үед хэн хэнийгээ хэдэн удаа цохисон  талаар надад мэдэх зүйл байхгүй. Учир нь би тэр хоёрыг салгах гээд л байсан учир харж амжаагүй. Тэгтэл тэр залуу “чи мөнгөтэй юм бол намайг зод” гээд өөдөөс нь хэрүүл хийгээд бид хоёр таксинд суугаад явах гэтэл таксины өмнө гарч ирчихээд явуулахгүй байсан. Тэгээд тэр таксинаасаа буугаад тэр залуугаасаа нуугдаж байгаад автобусанд суугаад халдвартын эмнэлэг явсан. Тэр залууг би тухайн үед согтуу байсан юм болов уу гэж бодсон. Уруул нь хатчихсан амнаас нь архи уусан хүнийх шиг цагаан хөөс гарчихсан байсан. Манай найз Оыг тэр залуу нилээн хэл амаар доромжилж байсан. О бол тэр залууг хэл амаар доромжилсон асуудал байхгүй, аль болох эвээр хэлээд байхад заамдчихаад “алив зодолдъё” гээд дайраад байсан юм. Тухайн үед О бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Улаанаатай зодолдсон залуугийн нэг нүд нь хавдсан хамраас нь цус гарсан, Оын зүүн нүд нь хавдаагүй улайсан байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Мөрдөн байцаалтад Д.Оын яллагдагчаар: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын газрын Нямдаш гэдэг залуутай хамт Ботаникийн автобусны буудал руу явж байгаад 27 дугаар сургуулийн хашааны урд талд Баяржавхлантай тааралдсан. Тэгсэн Баяржавхлан надад “найз нар чинь чамайг өмөөрөөд байдаг, бусдаар бол чи юу ч биш гөлөг биз дээ хоёулаа одоо зодолдъё” гээд миний хувцасны захаар боохоор нь “наад газар чинь сургуулийн үүд, жаахан хүүхдүүдээс холдъё” гэж хэлсэн чинь Баяржавхлан “тэгвэл ботаникийн эцэс орж камертай газар зодолдъё” гэхээр нь би “чи зүгээр яв ямар ядаргаатай юм” гэж хэлэхэд “хоёулаа сайхан зодолдъё” гээд элдэв үгээр хэлээд байхаар нь би гараараа хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон. Чухам аль гараараа Баяржавхлангийн  аль шанаа руу цохисноо санахгүй байна. Учир нь намайг хэл амаар доромжлоод “тагжийсан, дарваасан, пизда” гээд өдөөд байсан. Тэрнээс гадна миний өмсөж явсан хувцасны захаар намайг заамдаад боогоод зогсоод байсан юм. Учир нь Баяржавхлан надаас нилээн өндөр залуу байгаа юм. Бараг 1 м 80 см байгаа байх, би 1 м 63 см өндөртэй. Тэгээд би буудлаас такси бариад явах гэсэн чинь машинд хойноос орж ирчихээд “хүнд мөнгө өгөөд зоддог юм чи мөнгөтэй болчихоод намайг зодоорой” гээд чарлаад байсан. Тэгээд би тэр таксинаасаа буугаад гэртээ харьсан. Нямдаш зүгээр хараад зогсож байсан. Миний хоолой тухайн үед улайсан байсан. Өөр гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №13276 тоот:

1. 2. Ө.Баяржавхлангийн биед баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-12/,

 

Шүүгдэгч  Д.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-17/, хохирлын баримтууд /хх-29/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-30/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 128.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын маргаанаас үүдэн Ө.Баяржавхлангийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Баяржавхлангийн: “...Хоёулаа хүнгүй гудамж руу орох уу гээд намайг дагуулан явж байхдаа миний хойноос хөл рүү 2-3 удаа өшиглөж байсан. Тэгээд хамт явж байсан найз нь Оыг авч явах гээд салгаад байсан. Тухайн үед бид хоёр муудалцаад заамдалцсан байсан юм. Тэгээд би О ахад “би танд хүнгүй газар зодуулахгүй камертай газар очъё” гэж хэлээд бид хоёр Ботаникийн эцсийн автобусны буудлын голд байдаг цагаан өнгийн камерны доор нь очсон чинь намайг О ТҮЦ-ний тэндээс дуудахаар нь би эргээд очсон чинь Д.О гараараа над руу зангахаар нь би хойш болоход миний нүүрэн тус газарт хоёр удаа цохиод миний хамарнаас цус гараад цамцаараа цусаа дараад байж байхад дахин миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарсан, баруун нүд хавдсан, хөл рүү өшиглөж байсан боловч тэнд гэмтэл учраагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Нямдашийн: “...Тэгээд тэр хоёр Ботаникийн эцсийн эргэдэг цагаан өнгийн камерын доор очоод нэг нэгнийхээ нүүр, гар, хөл рүү нь гар болон гараараа болон хөлөөрөө өшиглөлцөөд байсан. Тухайн үед хэн хэнийгээ хэдэн удаа цохисон  талаар надад мэдэх зүйл байхгүй. Учир нь би тэр хоёрыг салгах гээд л байсан учир харж амжаагүй...Улаанаатай зодолдсон залуугийн нэг нүд нь хавдсан хамраас нь цус гарсан, Оын зүүн нүд нь хавдаагүй улайсан байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Мөрдөн байцаалтад Д.Оын яллагдагчаар: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын газрын Нямдаш гэдэг залуутай хамт Ботаникийн автобусны буудал руу явж байгаад 27 дугаар сургуулийн хашааны урд талд Баяржавхлантай тааралдсан. Тэгсэн Баяржавхлан надад “найз нар чинь чамайг өмөөрөөд байдаг бусдаар бол чи юу ч биш гөлөг биз дээ хоёулаа одоо зодолдъё” гээд миний хувцасны захаар боохоор нь “наад газар чинь сургуулийн үүд, жаахан хүүхдүүдээс холдъё” гэж хэлсэн чинь Баяржавхлан “тэгвэл ботаникийн эцэс орж камертай газар зодолдъё” гэхээр нь би “чи зүгээр яв ямар ядаргаатай юм” гэж хэлэхэд “хоёулаа сайхан зодолдъё” гээд элдэв үгээр хэлээд байхаар нь би гараараа хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон. Чухам аль гараараа Баяржавхлангийн  аль шанаа руу цохисноо санахгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №13276 тоот: Ө.Баяржавхлангийн биед баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-12/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Д.О нь торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн 1806088992205 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЛЗОД