Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 270

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, А.Ү, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

“... А.Ү, Д.Б нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/558 дугаартай захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. 

Д.Б, А.Ү нарын нэхэмжлэлтэй “Ф” ХХК-д холбогдох “...2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6х8 харьцаатай 48 м.кв павилоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэл, “Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд нэхэмжлэгч Д.Б, А.Ү нар нь хариуцагч “Ф” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эвлэрч эвлэрэлийн гэрээг байгуулсан.  Тус эвлэрэлийн гэрээг Хяналтын шатны шүүхийн 01/ХТ2017/00308 дугаартай тогтоолоор баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бминий бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан байх тул Д.Б, А.Ү нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/558 дугаартай захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ү, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/558 дугаартай захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Ү, Д.Б нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/558 дугаартай захирамжийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА