Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0266

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0266

Улаанбаатар хот

 

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч С.Л, түүний өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй, М.Б-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, М.Б-ын урьд эрхэлж байсан Мянгад сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа /2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр/-ын цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг хариуцагчид даалгаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.О давж заалдах гомдолдоо: ... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Сум, дүүргийн засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх ба 31.1.2-т “Засаг дарга нь орлогчийг тухайн Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж,чөлөөлөх”-өөр журамласан байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын  тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд “Хурлын чөлөө цагт дараа тайлагнахаар хэрэгжүүлэх эрх болон өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх эрх”-ийг журамлажээ. Үүнд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлаар хэрхэн зөвшилцөх, Хурлын Тэргүүлэгчдийн санал эрх зүйн актын ямар хэлбэрээр гарах, Тэргүүлэгчдийн тэрхүү асуудлаар гаргасан саналыг сумын Засаг дарга хэрхэн хүлээж авах эсэх асуудлыг хуульд тодорхойлон зохицуулаагүй байх бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан асуудлаар “хэрхэн зөвшилцөж, шийдвэрлэх” талаар хуульчлаагүй байх тул хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай зөвшилцөн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар Тогтоол гаргах бөгөөд түүнийг олонхийн саналаар батална” гэж заажээ. Хурал болон Хурлын Тэргүүлэгчдээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэлэлцсэн асуудлаар Тогтоол гарах бөгөөд Тогтоол нь тухайн орон нутагтаа заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байх тул “зөвшилцөх” гэсэн ойлголтод хамаарахгүй болно.

Засаг даргын орлогчийг зөвшилцөх журмыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байх бөгөөд “зөвшилцөх” гэдэг нь Засаг дарга саналаа Хурлын Тэргүүлэгчдэд хүргэж, хуралдаанаар тухайн асуудлыг шийдвэрлэсэн тогтоол гаргах ёстой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр 2019 оны 02 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын аппаратын хуралд М.Б-ыг оролцуулан түүнийг ажпаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөд “шүүх өөрөө очиж нотлох баримтыг цуглуулж авна” гээд хүлээж аваагүй тухай тайлбарласан байх бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бичиг хэрэгт үзлэг хийсэн байдаг. Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг хэргийн архивт үзлэг хийж, нотлох баримт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-т зааснаар хэргийн оролцогч нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй ч 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх хүлээхээр мөн зохицуулжээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг шүүх санаачлагаараа гэрчээр асуусан байх боловч Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг аваагүй байна.

Хариуцагчийн шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгч М.Б-г өөрийг нь оролцуулан Засаг даргын Тамгын газрын аппаратын хурлыг хийсэн” гэсэн  тайлбарыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан “шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, уг ажиллагааг хийх эрхийг шүүх эдлэхээр” зохицуулсан атал анхан шатны шүүх нь нэмэлт нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх хууль зүйн боломж, эрхээр нь хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.”

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 07 дугаар Шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3 4, 121.3.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч М.Б-ын хүчингүй болгуулахыг хүссэн Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг үндэслэн түүнийг Засаг даргын орлогчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.

             Хариуцагч нь “... төрийн байгууллагын албан байранд архи уусан тул Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг биелүүлсэн” гэж тайлбарласан боловч Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг бичгээр гаргахаа бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг хангасан байна” гэж заасны дагуу маргаан бүхий актад М.Б-г архи уусан сахилгын зөрчлийн талаар болон холбогдох Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслээгүй байна.

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу Засаг даргын орлогчийг чөлөөлөхдөө “сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн” байх шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлсэн нь тогтоогдохгүй байх тул хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

             Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн хувьд дээрх хуулийн дагуу Хурлын даргатай зөвшилцөн санал солилцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, ... өмнөх сумын Засаг дарга нарыг чөлөөлөхөд тогтоол гарч байгаагүй гэх боловч хэрэгт Хурлын Тэргүүлэгчид рүү зөвшилцөхөөр хүргүүлсэн албан бичиг, ямар нэгэн баримт байхгүй байх тул “Тэргүүлэгчидтэй зөвшилцөх” гэсэн хуулийн шаардлага биелсэн гэж үзэхгүй.

          Мөн хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... засаг даргын орлогчийг зөвшилцөх журмыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй, улс төрийн албан хаагчийн сахилгын зөрчлийг Төрийн албаны хуулиар зохицуулаагүй, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаггүйгээс Хөдөлмөрийн хуулийг баримтлахгүй тул энэ хуулийг баримталж чөлөөлсөн” гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж зааснаар холбогдох хуулийг хэрэглэх боломжтой. 

          Түүнчлэн маргаан бүхий актыг сахилгын зөрчилд арга хэмжээ авсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн архи уусан талаар нотлох баримтыг дутуу цуглуулсан, мөн Тамгын газрын ажилтнуудыг гэрчээр асуугаагүй, мэдэгдэх сонсох ажиллагааны талаар баримт цуглуулаагүй, анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу маргаан бүхий акттай холбоотой нотлох баримтуудыг хангалттай цуглуулж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй,... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.