Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00810

 

М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд холбогдох,

жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Саранхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ч.Саранхүү, өмгөөлөгч Р.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд 2006 оны 10-р сард галчаар орж, 2009 оны 10-р сараас эхлэн жолоочийн орон тоонд ажиллаж, 2016 оны 06-р сарыг хүртэл 10 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажил үүргээ чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2016 оны 6-р сарын 30-ны өдрийн 32 тоот Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Гаалийн хорооны дарга Ч.Саранхүү нь 2016 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн 06-р сарын 01-ний өдөр галлагаа зогсох хүртэл галчаар ажиллуулахаар тогтоосон. Би тухайн үед буюу 03-р сарын 01-нээс 04-р сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх зорилгоор 1 сарын чөлөө авсан. Тэгээд чөлөөний хугацаа дуусаад жолоочийн ажилдаа эргэн орох гэтэл чөлөөтэй байх хугацаанд жолоочийн орон тоонд Г.Золзаяа гэж жолооч авсан байсан. Хэрэв жолоочийн орон тоо нь цомхтгогдсон бол шинээр хүмүүсийг ажилд авахгүй, миний ажил албан тушаалыг хэвээр хадгалах байсан. Би 2016 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт авч, 22 хоног амарсан. Ээлжийн амралтаа дуусаад ажилдаа орох гэтэл галлагаа зогссон, та гэрээт болсон тул зуны 3 сар ажил байхгүй, 09-р сарын 01-ээс эхлэн ажилдаа орно биз гэсэн. 09-р сарын 01-ний өдөр ажилдаа орох гээд очтол 09-р сарын 15-нд ажилд авна гэж дарга Ч.Саранхүү хурал дээр хэлсэн. Гэтэл 2016 оны 09-р сарын 24-нд ажлаас чөлөөлсөн тул тушаалаа ирж ав гэж Гаалийн ахлах байцаагч Ганбат хэлэхээр нь очтол 2016 оны 06-р сарын 30-ны өдөр жолоочийн ажлаас чөлөөлсөн тухай даргын тушаалыг өгсөн. Миний ХААН банкны 50905048177 тоот дансанд 2016 оны 09-р сарын 27-ны өдөр 1.105.000 төгрөгийг 9-р сарын цалин гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

Иймд Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 07-р сарын 29-ний өдрийн 38/б тоот тэтгэмж олгох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Саранхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын харьяа Ханх дахь гаалийн хорооны бүтцэд жолоочийн ажлын байр 2009 оноос эхлэн байнгын 2 орон тоотой байсан боловч 2016 оны ГТЕГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/91 тоот тушаалын хавсралтад Ханх дахь гаалийн хорооны 2016 онд ажиллах орон тооны хязгаарыг /17/ баталж жолоочийн орон тоо 1 байхаар цөөрүүлсэн тухай ТЗУГ-ын даргаас мэдэгдсэн. М.Бат-Эрдэнэтэй биечлэн уулзаж автомашины жолоочоор ажиллуулах боломжгүй гэрээг цуцалж галчаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2016 оны 04 сарын 08 өдөр өгсөн, 2016 оны 6-р сарын 1-нээс ээлжийн амралтын мэдэгдлийг өгсөн, дээрх 2 сарын хугацаанд галчаар ажиллуулж цалинг жолоочийн албан тушаалын ангиллаар олгосон. Нэгэнт тус гаалийн хороонд 1 жолооч ажиллахаар заасан тул тухайн 2 жолоочийн мэргэжлийн ур чадвар ажил гүйцэтгэлийн чанар жолооч сонгон шалгаруулсан дүн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийн биелэлт, хамт олны болон даргын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг харгалзан М.Бат-Эрдэнэтэй холбогдож ирж уулзах талаар 6 сарын 27-нд бичиг хэрэг Г.Мөнхзулд үүрэг өгч хэлүүлсэн боловч хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй ба дээрх хугацаанд галчаар ажиллах хүсэлтээ бичгээр өгөөгүй. М.Бат-Эрдэнэ нь ажил явдалтай байсан учраас гаргасан тушаалыг ирж аваагүй, ажил явдал дууссаны дараа ирж ав гэж хэлэхээр ажлын утаснаас 6 сарын 30-нд болон 7 сарын 01-ний өдөр залгахад утас нь холбогдох боломжгүй байсан, тушаалыг аваагүй тул менежер П.Бат-Эрдэнэд хүргүүлсэн. Менежер П.Бат-Эрдэнэтэй М.Бат-Эрдэнэ утсаар ярьж тушаал ирснийг мэдэгдэж 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагт хүү Б.Золжавхланд тушаалыг гардуулж өгсөн. Иймд халагдах тушаалыг хуулийн хугацаанд өгсөн. Тушаалыг явуулсны дараа нягтлан шалгаж үзэхэд бичиг хэрэг 40.1.1 гэж бичихийг 46.1.1 гэж техникийн алдаа гаргасныг анзааралгүй баталгаажуулж алдаа гаргасан тул тушаалд өөрчлөлт оруулах тухай А/32 тоот тушаал гаргаж залруулсан. А-32 тоот тушаалыг 7 сарын 18-25 хооронд хорооны дарга миний бие Ханх суман дахь АЗШНБ дээр ажиллахдаа М.Бат-Эрдэнэд гардуулж өгөхөөр дуудуулсан боловч ирээгүй. 2016 оны 3 дугаар улирлын цалингийн сан хүрэлцээгүй байгааг харгалзан тэтгэмж олгох тухай тушаалыг 7 сарын 29-ний өдөр гаргаж нябо-д өгсөн ба санхүүжилтийн байдлыг харгалзан 9 сарын 27-нд тэтгэмжийн мөнгийг олгосон. Жолоочоор ажиллаж байсан М.Бат-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-нд дууссан ба 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2015 оны гэрээг дүгнэж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийж галчаар ажиллах санал тавьсан боловч хүлээж аваагүй, галчаар ажиллах хүсэлтээ ирүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 сарын 30-ны өдөр дуусгавар болгосон. М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг Хөвсгөл аймаг дахь Гаалийн хорооны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Гаалийн хорооноос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.458.591 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бат-Эрдэний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хорооноос 140.487 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.487 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Саранхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.05-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.16-ны өдрийн 12 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь жолоочоор ажиллаж байсан бөгөөд орон тоо хасагдсан тул М.Бат-Эрдэнийг ажиллуулах боломжгүй болсон юм. Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 32 тоот тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр хүлээж авсан болох нь тогтоогдсон, шүүх нэхэмжлэгчийг хуулинд заасан хугацаанд гомдол гаргасан гэж давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн байна. Ханх дахь Гаалийн хорооны бүтэц орон тоог цөөрүүлж, жолоочийн орон тоог 1 болгосон ба хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ 6 сард мэдэж, улмаар галчаар ажиллах болсон тухайгаа ойлгоод 9 сард ажилд орохдоо галчаар ажиллахаар ирсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа учраас түүнд мэдэгдээгүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 тоот тушаалыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх ба тэрээр нэхэмжлэгчид уг тушаал гарснаас хойш мэдэгдсэн боловч угаасаа өөрөө орон тооны цомхотголд орсноо мэдээд, намайг галчийн орон тоонд оруулна гэсэн гэж тайлбар өгсөн болно. Тэгээд улирлын чанартай 9 сард орж ирэхдээ дээр бичсэнчлэн галчаар орж ирснээ хүлээн зөвшөөрч тайлбарладаг.

ГТЕГазрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/91 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл өгсөн буруутгаж байгаа боловч, удирдах ажилтны цугларалтаар орон тоо цөөрүүлэхээр жолооч Бат-Эрдэнэд мэдэгдсэн байсан учраас сүүлд дахин мэдэгдэх шаардлагагүй байсан. Хариуцагч талаас хоёр жолоочийн нэгийг чөлөөлсөн. Нэхэмжлэгч М. Бат-Эрдэнэ  өмнө нь зөрчил гаргаж, түүндээ тохирсон арга хэмжээ авагдаж байсан удаатай. Одоо нэгэнт орон тооны цомхотголоор жолоочийн орон тоо хасагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, шүүхээс хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй, хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017.01.05-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017.03.16-ны өдрийн 12 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ                                                 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хөвсгөл аймаг дах Гаалийн хорооны дарга  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж, нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.

 Гааль, татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 тогтоолоор Хөвсгөл аймгийн Ханх дах гаалийн хороог 17 орон тоотой үүнд жолооч 1 байхаар баталжээ /хэргийн 43-46 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй. Харин энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Дээрх шийдвэрийн дагуу өмнө байсан жолоочийн орон тоо нэгээр хасагдсан бөгөөд хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцлахыг мэдэгдсэн нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан шаардлагад нийцжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Саранхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 140.487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ