Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Л.Н,

хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Нт холбогдох эрүүгийн 1806044461873 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Л.Н.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн хойно “Монжаргалант” ХХК-ний ажилчдын байрны гадна иргэн Ч.Золзаяатай таксины мөнгөнөөс болж маргалдан ноцолдож улмаар зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Золзаяагийн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг Н гэх залуу учруулсан ба эхлээд машин дотор сууж байхад Нтай таксины мөнгөн дээрээс болж муудалцсан. Тэгээд хойшоогоо эргэж хараад миний духны зүүн хэсэгт гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд би машинаас буугаад жолооч талын хаалгаар Н дээр очсон. Тэгтэл намайг өөртөө ойртуулахгүй цемент рүү түлхэж унагасан. Тэрнээс болж нуруунд гэмтэл үүссэн байсан. Тэгээд газар уначихсан байхад нуруун дээр гуталтай хөлөөрөө хүчтэй 4-5 удаа дэвссэн. Тэгсэн дүү Сарангарав гарч ирээд цагдаа дуудъя гээд жижүүр Саруул эгчийн утсыг гуйж “цагдаа дуудлаа” гээд байсан. Тэгээд Н машиндаа суугаад машиныхаа урд талын цонхыг хараад “хүүе ээ цонх хагарчихсан байна шүү дээ өө пизда” гэж хэлсэн. Би машины гадна талд зогсож байсан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм юун цонх хагалсан” гэж асуусан чинь Сарангарав гарч ирэхэд Н “эгч чинь цонх хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Сарангарав бид хоёр Нтай муудалцсан. Тэгтэл намайг “архичин авгай нар таксиныхаа мөнгийг өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байсан чинь цагдаа нар ирээд Ныг “машины цонхыг хагалсан” гээд намайг цагдаа нар гэрээс хувцасгүй левчик, турсиктэй авч гараад төмөр замын эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Би Н руу ойртох гэсэн чинь намайг өөр рүүгээ ойртуулахгүй гээд хоёр гарнаас хүчтэй бариад байсан. Гарны шуунаас дээшээ булчин хэсэг хүртэл хүчтэй базаад байсан. Би анх үйлчлүүлж байсан баарнаасаа гарснаа мэдээгүй. Тэгээд би өөрийнхөө байрны гадаа ирэхэд Сарангарав таксины жолоочтой муудалцаж байсан. Тэгээд би машинд суугаад унтчихсан байсан. Би ер нь бол болсон асуудлыг хагас дутуу санаж байна. Миний бие хөдөлж чадахгүй хүнд оргиод байсан. Тэгээд би эмнэлэгт үзүүлсэн чинь 2 сар гарантай жирэмсэн болчихсон байсан. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын эхээр эмчийн хяналтанд орчихсон явж байгаад тонус өгөөд 2018 оны 07 дугаар сард зулбасан. Энэ талаар баримт гаргаж өгсөн. Гомдолтой байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-28/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Сарангаравын: “...2018 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ажлын Золзаяа эгч 00 цагийн үед буугаад хамт ажилладаг Алимгүл ажлаасаа гараад хамт ажилладаг Баярцэцэг, Ариунтуяа, Золзаяа бид хэд гаргаж өгсөн юм. Баянбүрдийн хажуу талд байрлах Чикаго бааранд орсон юм. Тэгээд үйлчлүүлж байгаад Алимгүл, Баярцэцэг хоёр эрт 02 цагийн үед яваад Ариунтуяа, Золзаяа бид гурав баар хаатал суусан. Тэгээд Ариунтуяагийн танил нь ирж аваад би танил залуутай нь Ариунтуяаг өмөөрч муудалцсан юм. Тэгээд Золзаяа бид хоёрыг Бөхийн өргөөний урд буулгасан. Тэгээд би Золзаяатай хамт такси бариад замаараа АТМ орж “мөнгө авна” гэж таксины жолоочид хэлээд 13-н АТМ орсон чинь ажиллахгүй байсан. Тэгээд Жуковын АТМ орсон чинь бас ажиллахгүй байсан. Тэгээд “гэртээ хариад утсаараа таксины мөнгийг мобайлаар хийчих үү” гэсэн чинь “болно” гэхээр нь гэртээ ирсэн чинь гэрийн түлхүүр алга болчихсон байсан. Тэгтэл нөгөө жолооч уурласан. Тэгээд таксины мөнгө 8000 төгрөг гэж хэлсэн. Тэгсэн Золзаяа эгч сэргээд эргэж унтаад байснаа “таксины мөнгө 8000 төгрөг” гэж хэлэх үеэр сэргээд “яахаараа 8000 төгрөг гардаг юм” гээд муудалцсан. Тэгээд таксины жолоочтой Золзаяа эгч маргалдаж эхэлсэн. Тэгээд хоёулаа машинаас буугаад хоорондоо зууралдаад унасан. Тэгээд би салгах гэсэн чинь таксины жолооч намайг түлхэж унагаагаад ойртуулахгүй байсан. Тэгээд би байр руу гүйж ороод жижүүр эгчийн утсыг аваад цагдаад дуудлага өгөх гэтэл дуудлагаа бүрэн өгч чадаагүй Золзаяа эгчийг газар унагаачихсан зодоод байхаар нь салгах гээд гүйгээд очсон. Тэгсэн тэр жолооч “чи машины шил хагалчихлаа” гэчихсэн зогсож байсан. Гэтэл жолоочийн эсрэг талын салхины шил цуурчихсан байсан. Тэгээд таксины жолооч өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би Золзаяа эгчийн хувцас хунар нь аймаар болчихсон гэр рүү нь оруулж хувцас хунарыг нь тайлаад байж байтал гаднаас хоёр цагдаа орж ирээд саатуулах байранд авч яваад саатуулсан. Ядаж хувцас хунарыг нь өмсүүлчих гэтэл тэр чигт нь аваад явсан. Таксины жолооч Золзаяа эгчийн гар руу цохиод газар унагаагаад зодоод байсан. Яг хаана нь яаж цохиод байсныг би сайн хараагүй, би өөрөө бага зэргийн согтолттой байсан. Гэхдээ ухаанаа бол алдаагүй, ерөнхийд нь зодож байгаа үйлдлийг нь бүгдийг харсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Анхбаярын: “...2018 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн хойд талын нийтийн байранд “машины шил хагалсан согтуу хоёр эмэгтэй байна” гэсэн дуудлагыг Улиастай-10-аас аваад дуудлагын дагуу очсон чинь машины цонх хагалсан гэх хоёр эмэгтэй гэр рүүгээ орчихсон, цайвар өнгийн байсан байх аа машины урд талын салхины шилийг хагалчихсан хажуу талд нь том чулуу байсан. Толийг нь бас хугалчихсан байсан байх аа. Тэгээд гэр рүү орж цонх хагалсан гэх эмэгтэйтэй уулзах гэсэн чинь өөдөөс хүний хэл яриа ойлгохгүй хэл амаар доромжлоод, хувцсаа тайлчихсан унтах гэж байсан юм. Тэгээд аваад гарах гэсэн өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байхаар нь би гарт нь гав зүүгээд машиндаа суулгаад төмөр замын эрүүлжүүлэх байранд аваачиж хийсэн. Эрүүлжүүлэх байр руу аваачиж өгөх үед машин дотор согтуугаар танхайрч цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрч байсан. Согтууруулах хэмжигч аппаратаар үлээлгэсэн чинь 1,88%-тай согтолтын зэрэг нилээн өндөр гарч байсан. Би төмөр замын эрүүлжүүлэх байрны эмчид хүлээлгэн өгөх үед тухайн Золзаяа гэх эмэгтэйн биед энд тэндгүй хөхөрсөн байсан. Тэгээд амнаас нь бага зэрэг цус гарч байсан. Эмчид хүлээлгэн өгөөд би дараагийн дуудлагандаа явсан. Би өөрөө цагдаагийн албан хаагч тул өөрийн хийж буй ажил үүргээ сайн мэднэ. Тухайн эмэгтэйд албадлага хэрэглэхдээ хууль ёсны дагуу хэрэглэсэн, биед нь ямар нэгэн шарх бэртэл гэмтэл үүсгээгүй. Эрүүлжүүлэх байранд эмчид хүлээлгэн өгөх хүртэл тухайн эмэгтэй өөрийн гэсэн ухаантай байсан. Бүгдийг мэдэж байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

Мөрдөн байцаалтанд Л.Нын яллагдагчаар: “...2018 оны 05 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04-05 цагийн орчимд би өөрийн 78-58 УНХ улсын дугаартай ногоон өнгийн тоёота приус маркийн автомашинтай явж байгаад Бөхийн өргөөний орчмоос хоёр эмэгтэй гар өргөхөөр нь суулгасан. Тухайн үед Золзаяа нь ухаангүй согтуу, хамт явж байсан Сарангарав арай бага согтолттой байсан. Халдвартын эцэс орно гэж хэлсэн. Машинд явж байхдаа Золзаяа “эгч ээ та яаж байгаа юм бэ” гээд нуруу руу нь гараараа цохиод байсан. Баярмаа гэж эмэгтэйг яриад хоёулаа уйлаад байсан. Золзаяа нь унтаад Сарангарав надтай юм яриад АТМ оръё гэсэн. 13 дугаар хорооллын АТМ ороход аль нь ч ажиллахгүй байсан. Тэндээсээ Жуков, Сансарын тунел, колонкийн АТМ ороход мөн ажиллахгүй байсан. АТМ ажиллахгүй болохоор “гэр лүү очоод мобайлаар шилжүүлье” гэсэн. Халдвартын эмнэлгийн ард талд ажилчдын байр гээд нэг байрны гадаа очсон. Гэрийнхээ гадаа очоод Сарангарав утас гэрт байгаа гээд гэрийнхээ түлхүүрийг хайгаад олохгүй байсан. Барьцаанд юм үлдээчих, өглөө яриад авчих гэж хэлсэн. Сарангарав машинаас буугаад манай эгчийг сэрээгээд мөнгө авчих гэж хэлсэн. Золзаяаг дуудаж сэрээгээд таксины мөнгө нэхэхэд “бид хоёр хаанаас такси барьсан юм хэд гарсан юм” гэж хэлсэн. Золзаяад 4500 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгтэл Золзаяа “яахаараа тийм их мөнгө гардаг юм” гэж уурлаад хойд талын суудлаас сандалны голоор орж ирээд нүүр маажсан. Та яагаад байгаа юм бэ гэхээр “чи хүүхэн хайгаад явж байсан биз дээ” гээд хэл амаар доромжлоод байсан. Би Сарангаравыг “наад эгчийгээ аваад яв” гэж хэлсэн. Ардаас дайраад болохгүй болохоор нь би машинаас буухад араас дагаж буугаад нүүр маажих гэж дайраад байсан. Би Золзаяагийн хоёр гарыг барьж өөрөөсөө холдуулж байсан. Сарангарав голоор орж салгаж байсан. Би машиндаа суугаад цоожлоход жолооч талын цонх руу ирж гараараа нүдээд байсан. Сарангарав ирж холдуулахад Золзаяа цаанаас нь том чулуу авч шидээд урд салхины шилийг хагалсан. Сарангарав “та ингэж болохгүй” гэхэд урд талын их гэрэл хагалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа  нар ирэхэд Золзаяа урдаас нь дайрч нүүрийг нь маажаад байсан. Тэгээд цагдаа нар Золзаяаг гавлаад чирээд нүцгэн эрүүлжүүлэх байр руу аваад явсан. Золзаяаг цохиж зодсон асуудал байхгүй. Биеэ хамгаалах гэж хоёр гарнаас нь барьж өөрөөсөө холдуулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-68-69/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №6264 тоот:

1. Ч.Золзаяагийн биед духны зүүн хэсэг, хамрын уг нуруу, зүүн дээд доод зовхи, 2 гарын бугалга шууны урд ба ар дунд хэсэг, баруун ташаан толгой, зүүн гуяны урд дээд хэсэг, баруун шилбэ, ууц нурууны зүүн хэсэгт цус хуралтууд, зүүн завьжны дотор салстад язарсан шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэсэн дүгнэлт /хх-40/,

 

Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-88-96/,

Шүүгдэгч Л.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-48/ зэрэг болно.  

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н: “Хохирогч машинд анх суухдаа хүнд зодуулсан байсан. Сарангарав гэдэг хүн машинд орж ирээд эгчийгээ зодоод байсан. Цагдаа ирээд аваад явах гэтэл эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаад чирүүлсэн байгаа. Би өмнө нь хэрэгт орж, алдаж байсан. Би хүний биед ямар гэмтэл учруулвал ямар ял шийтгэл авдаг гэдгийг мэдэж байгаа. 2015 онд болсон хэргээс болж би гадаад улсад тэмцээнд оролцох эрхээ алдаж, хил дээрээс баригдаад ирж байсан. Тэр алдаанас маш их зүйл ойлгож, ухамсарласан байсан тул гэр бүлдээ чирэгдэл учуулж, хүний биед гэмтэл учруулах ухамсар тухайн үед байгаагүй” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Нт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн хойно “Монжаргалант” ХХК-ний ажилчдын байрны гадна иргэн Ч.Золзаяатай таксины мөнгөнөөс болж маргалдан ноцолдож улмаар зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Золзаяагийн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг Н гэх залуу учруулсан ба эхлээд машин дотор сууж байхад Нтай таксины мөнгөн дээрээс болж муудалцсан. Тэгээд хойшоогоо эргэж хараад миний духны зүүн хэсэгт гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд би машинаас буугаад жолооч талын хаалгаар Н дээр очсон. Тэгтэл намайг өөртөө ойртуулахгүй цемент рүү түлхэж унагасан. Тэрнээс болж нуруунд гэмтэл үүссэн байсан. Тэгээд газар уначихсан байхад нуруун дээр гуталтай хөлөөрөө хүчтэй 4-5 удаа дэвссэн....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-28/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Сарангаравын: “...Тэгээд таксины жолоочтой Золзаяа эгч маргалдаж эхэлсэн. Тэгээд хоёулаа машинаас буугаад хоорондоо зууралдаад унасан. Тэгээд би салгах гэсэн чинь таксины жолооч намайг түлхэж унагаагаад ойртуулахгүй байсан. Тэгээд би байр руу гүйж ороод жижүүр эгчийн утсыг аваад цагдаад дуудлага өгөх гэтэл дуудлагаа бүрэн өгч чадаагүй Золзаяа эгчийг газар унагаачихсан зодоод байхаар нь салгах гээд гүйгээд очсон. Тэгсэн тэр жолооч “чи машины шил хагалчихлаа” гэчихсэн зогсож байсан. Гэтэл жолоочийн эсрэг талын салхины шил цуурчихсан байсан. Тэгээд таксины жолооч өөрөө цагдаад дуудлага өгсөн...Таксины жолооч Золзаяа эгчийн гар руу цохиод газар унагаагаад зодоод байсан. Яг хаана нь яаж цохиод байсныг би сайн хараагүй, би өөрөө бага зэргийн согтолттой байсан. Гэхдээ ухаанаа бол алдаагүй, ерөнхийд нь зодож байгаа үйлдлийг нь бүгдийг харсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Анхбаярын: “...2018 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн хойд талын нийтийн байранд машины шил хагалсан согтуу хоёр эмэгтэй байна гэсэн дуудлагыг Улиастай-10-аас аваад дуудлагын дагуу очсон чинь машины цонх хагалсан гэх хоёр эмэгтэй гэр рүүгээ орчихсон цайвар өнгийн байсан байх аа машины урд талын салхины шилийг хагалчихсан хажуу талд нь том чулуу байсан. Толийг нь бас хугалчихсан байсан байх аа. Тэгээд гэр рүү орж цонх хагалсан гэх эмэгтэйтэй уулзах гэсэн чинь өөдөөс хүний хэл яриа ойлгохгүй хэл амаар доромжлоод хувцсаа тайлчихсан унтах гэж байсан юм. Тэгээд аваад гарах гэсэн өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байхаар нь би гарт нь гав зүүгээд машиндаа суулгаад төмөр замын эрүүлжүүлэх байранд аваачиж хийсэн. Эрүүлжүүлэх байр луу аваачиж өгөх үед машин дотор согтуугаар танхайрч цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрч байсан согтууруулах хэмжигч аппаратаар үлээлгэсэн чинь 1,88%-тай согтолтын зэрэг нилээн өндөр гарч байсан. Би төмөр замын эрүүлжүүлэх байрны эмчид хүлээлгэн өгөх үед тухайн Золзаяа гэх эмэгтэйн биед энд тэндгүй хөхөрсөн байсан. Тэгээд амнаас нь бага зэрэг цус гарч байсан. Эмчид хүлээлгэн өгөөд би дараагийн дуудлагандаа явсан. Би өөрөө цагдаагийн албан хаагч тул өөрийн хийж буй ажил үүргээ сайн мэднэ, тухайн эмэгтэйд албадлага хэрэглэхдээ хууль ёсны дагуу хэрэглэсэн, биед нь ямар нэгэн шарх бэртэл гэмтэл үүсгээгүй. Эрүүлжүүлэх байранд эмчид хүлээлгэн өгөх хүртэл тухайн эмэгтэй өөрийн гэсэн ухаантай байсан. Бүгдийг мэдэж байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №6264 тоот: Ч.Золзаяагийн биед духны зүүн хэсэг, хамрын уг нуруу, зүүн дээд доод зовхи, 2 гарын бугалга шууны урд ба ар дунд хэсэг, баруун ташаан толгой, зүүн гуяны урд дээд хэсэг, баруун шилбэ, ууц нурууны зүүн хэсэгт цус хуралтууд, зүүн завьжны дотор салстад язарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Л.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч Л.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Л.Н нь торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Л.Нт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Наас 8000 /найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Золзаяад олгож, Ч.Золзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Л.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн 1806044461873 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Л.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Н-аас 8000 /найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Золзаяад олгож, Ч.Золзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЛЗОД