Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01954

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01954

 

 

Ц.Г...н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29ий өдрийн 181/ШШ2023/02644 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Г...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ж...д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэг, хохирол 11,636,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Ц.Г... нь Б.Ж...тай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай, нэг сарын 500,000 төгрөгөөр, мөн барьцаа болгож 550,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцон өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Д... гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууцыг хөлслүүлсэн.

 

1.1.а. Гэвч Б.Ж... нь барьцаа мөнгөө огт өгөөгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад гэрээгээ аман байдлаар сунгасаар ирсэн. Гэрээг сунгахдаа дараах байдлаар үнийн өөрчлөлт оруулж, харилцан тохиролцож гэрээгээ сунгасан. Үүнд:

 

Түрээсийн төлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 500,000 төгрөгөөр,

 

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 550,000 төгрөгөөр,

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 650,000 төгрөгөөр,

 

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 750,000 төгрөгөөр тохирсон.

 

Энэ хугацаанд хариуцагч Б.Ж... нь сар бүрийн түрээсийн төлбөрөөс 50,000-150,000 төгрөг тогтмол дутуу өгч байсан бөгөөд дутуу мөнгөө бөөнд нь нэг өгнө гэж хэлсээр ирсэн. Иймд сар бүрийн дутуу өгсөн түрээсийн төлбөр 1,050,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

1.2. Анх гэрээ байгуулахад түрээслэгч урсгал зардлыг 100 хувь төлнө гэж тохирсон боловч Б.Ж... нь 2022 оны 3 дугаар сараас хойш Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр огт төлөөгүй тул төлбөр 210,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сараас хойш тооцогдсон орон сууцны төлбөр 60,800 төгрөг, мөн хугацааны цахилгааны төлбөр 50,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

1.3. Б.Ж... нь орон сууцыг ашиглах хугацаандаа зүй зохисгүй ашиглаж хана туурга, тааз, шал, цоо шинэ 2 ширхэг матмал сандал /нэг бүрийн үнэ 150,000 төгрөг/, цахилгаан хэрэгсэл /унтраалга, разетка, нэмэх хасах гэрэл/ сантехник, дүүш зэргийг бүгдийг эвдэж ашиглах боломжгүй болгосон байсан.

 

Орон сууцны конторт дуудлага өгч үзүүлэхэд засах юм огт алга, бүгдийг шинээр солиул гэсэн. Иймд түүний эвдэж, хэмхэлсэн эд зүйлсийг засах засварын зардал 4,115,500 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

1.4. Б.Ж... нь орон сууцанд учирсан хохирлыг арилгаагүйн улмаас сууцаа бусдад түрээслүүлэх боломжгүй байна. Хэрэв Б.Ж... сууцанд хохирол учруулаагүй байсан бол би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бусдад түрээслүүлэн орлого олох боломжтой байсан.

 

Иймд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг /750,000 х 7 сар/-ийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Мөн Б.Жаргалзаяа байрны хаалгыг эвдэлсэн тул хаалганы үнэ 900,000 төгрөг, нийт 11,636,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Нэхэмжлэгч Ц.Г...тай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн...  дугаар хороо, Дарь эхийн гудамж, ... дугаар байрны 7 тоот хаягт байрлах орон сууцыг 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон.

 

2.1.а. Гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээг сунгах талаар яриагүй. Нэхэмжлэгч Ц.Г... нь өөрийн санаачилгаар сар бүр 50,000-250,000 төгрөгийг байрны үндсэн төлбөр дээр нэмж тооцож авдаг байсан.

 

Би Ц.Г...д байрны урьдчилгаатай болтол ингээд байж байя гэхэд зөвшөөрсөн. Сүүлдээ нэхэмжлэгч байрны мөнгөө 600,000 төгрөг хүртэл нэмсэн. 3-4 сар болоод л байрны мөнгөө нэмдэг. Түрээслүүлэгч 2022 оны 10 дугаар сард түрээсийн төлбөрийг 750,000 төгрөг болгосон гэж хэлэхэд нь энэ сардаа 600,000 төгрөг өгч байя. Ярилцахгүй түрээсээ нэмээд байна гэхэд тийм бол гар гэсэн. Надад очих газар байхгүй учраас арга эвийг нь олоод явдаг байсан.

 

2.2. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн төлбөр 600,000 төгрөгөө шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Ц.Г... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэнэт ирээд манай охин дүү жирэмсэн, өнөө маргаашгүй төрөхөөр боллоо, байраа суллаж өг гэсэн. Манайх түрээсийн мөнгөө төлсөн учраас 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацаагаа дуусахаар нь гарахаар болсон. Ц.Г...  Танайх гарахдаа засвар хийж өг гэсэн. Гэнэт гарахыг шаардсан учраас бүх мөнгөө шавхаад түрээсийн төлбөрөө өгсөн.

 

2.3. Энэ хугацаанд түрээсийн төлбөр 9,190,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар, 600,000 төгрөгийг бэлнээр, нийт 9,790,000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт түрээсийн төлбөрөөс 40,000 төгрөгийг илүү төлсөн. Сар бүрийн СӨХ-ийн төлбөр болон цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан.

 

2.4. Ц.Г...ын байрыг түрээсэлж байх хугацаанд ээж маань өөд болоод би зул асаагаад байр нь тортогтой болсон. Шинээр түрээслэх байраа олоод обойгоо солиулахаар засвар хийх хүнээ дагуулаад ирэхэд хаалганы цоож сольсон байсан. Манай тавилга дотор нь байгаа.

 

Нэхэмжлэлээс СӨХ-ийн төлбөр 210,000 төгрөг, сууцны төлбөр 60,800 төгрөг, цахилгааны төлбөр 28,000 төгрөг, обой солих зардал, хана эмульсдэх зардал, нэг разетканы төлбөрийг зөвшөөрнө.

 

Хөшигний замыг бид өөрсдөө хийсэн. Гал тогооны угаалтуурыг 75,000 төгрөгөөр би өөрөө авч тавьсан ба бусад нь зүгээр байгаа. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Ж...аас 972,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,663,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Ч.Г.... нь тал цус харваж группт орсон. Мөн өөрийн ээж 80 настай хөгшин болон дүүгийн хамт амьдардаг. Дүү маань бас төрөхийн хүндрэлээс насан туршдаа группт орсон эмэгтэй байдаг. Бид 3 миний нэр дээр байдаг 1 өрөө байраа түрээсэлж амьдардаг. Гэтэл миний энэ нэг өрөө цоо шинэ байрыг Б.Ж... гэгч нь түрээсэлж ороод 1 жил 6 сар амьдрахдаа гэртээ нөхөртэйгөө архидан согтуурч, зодолдож нүдэлдээд байрыг юу ч үгүй эвдэж гэмтээн хана туурга, тааз, шал, разетка, крант, хаалга бүгдийг нь юу ч үгүй эвдэж, урж шатааж, түлсэн.

 

4.2. Түрээснийхээ үлдэгдэл, СӨХ-ны төлбөрөө өгөөгүй.

 

Сууцыг гэмтээж, эвдэлсний улмаас цаашид түрээсэлж чадаагүй хохирлыг огт авч хэлэлцээгүй. Обой эмульс, СӨХ-ны мөнгийг барагдуулаад бусдыг нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Г.... нь хариуцагч Б.Ж....д холбогдуулан 11,636,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 1, 42, 84/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Зохигч 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Байр түрээслүүлэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Ц.Г... нь 3 сарын хугацаанд орон сууц хөлслүүлэх, хөлслөгч Б.Ж... нь сарын 500,000 төгрөгийг, байрны урсгал зардлын хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн баримт хэрэгт авагджээ. /1-р хх. 4/

3.б. Б.Жа.... нь гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн...  дугаар хороо, Дарь эхийн гудамжны ... р байрны ... тоот хаягт байршилтай, 27,45 м.кв талбайтай, 1 өрөө сууцыг хөлслөн, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл суусан талаар маргаагүй. /1-р хх. 5, 115-122/

3.в. Дээрхи сууц Ц.Г...ын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогджээ./1-р хх 5/

Мөн талууд гэрээний хугацаа дууссанаас хойш харилцан тохиролцож, гэрээний үнэд өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан талаар тайлбарласан байна.

3.г. Мөн эд хөрөнгө хөлслөх гэрээг эхлэх үед эд хөрөнгийг шинэ, эвдрэлгүй хүлээлгэн өгсөн гэх баримт хавсаргажээ./1-р хх. /

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй банйа.

 

Нэхэмжлэгч Ц.Г.... нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирол, гэм хорын хохирлын алиныг шаардаж байгаа, хохирол шаардсан тохиолдолд хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар хэргийг дангаар болон бүрэлдэхүүнтэй хэлэлцэх эсэхийг ч анхаарах нь зүйтэй байжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Г....д 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан.

 

Шүүх Ц.Г... өөрийгөө бүрэн, чөлөөтэй илэрхийлж мэтгэлцсэн эсэхийг тодруулж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцох, эсхүл хууль зүйн туслалцаа авах эрхийг тайлбарлах, чиглүүлэх, тодруулах атал хуралдааны тэмдэглэлээс үзэхэд бүрэн мэтгэлцүүлсэн нь тодорхойгүй байна.

 

6. Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29ий өдрийн 181/ШШ2023/02644 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,566 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД