Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 144

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Мөнгөншагай (томилолтоор), шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00265 00376 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э.С, Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *** ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.С нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны орой 21 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 42 дугаар сургуулийн урд замд “Hyundai Grace” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: 2.7 а. “Жолооч нь согтууруулах ундааны зүйл ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.А-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Э.С нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны оройн 21 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 42 дугаар сургуулийн урд замд “Hyundai Grace” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: 2.7 а. “Жолооч нь согтууруулах ундааны зүйл ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.А-ийг мөргөж, түүний бие махбодод “...зүүн дунд чөмөгт ясны хугарал, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ослын талаар мэдэх зүйл байхгүй. Эмчилгээний баримт байхгүй, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээг тухай бүрд нь жолооч хариуцан төлсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 90 дүгээр хуудас);

3. Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.С бид хоёр 2010-2013 онуудад ”Фокус Металл” ХХК-д хамт ажиллаж, тэр үеэс хойш найзалж нөхөрлөж байна. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бид хоёр утсаар ярьж байгаад 17 цагийн үед 5 шарын Сүлжмэлийн буудал дээр уулзсан. Уулзахад С явган явж байсан, микрогоо цаана зогсоол дээр тавьчихсан гэж ярьж байсан. Бид хоёр кафед орж хоол идэж ярьж сууж байгаад тус бүр 200 грамм архи авч уугаад орой 19 цагийн өнгөрч байхад  гарсан. ...С надаас салахдаа машин хөдөлгөнө гэж яриагүй, “за баяртай” гээд л салсан. Надаас салаад машинаа унаж явж байгаад осол гаргасныг би сүүлд өөрөөс нь сонссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 92 дугаар хуудас);

4. Гэрч Б.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз М-ын гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах хашаанд нь 19 цагийн үед очсон. Тэгээд бид хоол хийж идчихээд орой 21 цаг 40 минут болж байхад гэрээс нь гараад манай гэр лүү алхаад явж байтал 42 дугаар сургуулийн яг урд замд нэг хөгшин өвөөг ногоон бил үү, саарал бил үү микро автобус мөргөчихсөн байдалтай зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирээд, өвөөг эмнэлэг рүү аваад явсан... Ослыг яг нүдээр хараагүй. Осол болсны дараа өвөө газар сууж байхад нь М бид хоёр харсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 95 дугаар хуудас);

5. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хийсэн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 82-85 дугаар хуудас), 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 8-11 дүгээр хуудас), 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 12 дугаар хуудас);

6. Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудсанд “...Жолооч Э.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс нэг жилийн хугацаагаар хассан...” (согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон) гэсэн тэмдэглэл (хх-ийн 29 дүгээр хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6450 дугаартай “...М.А-ийн биед зүүн дунд чөмөгт ясны хугарал, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 46 дугаар хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дахин шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1314 дугаартай “...М.А-ийн биед зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...." гэсэн дүгнэлт (хх-ийн 195-198 дугаар хуудас);

9. Сонгинохайрхан дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, 1 ба 2 тэнхлэгийн тоормос зогсохгүй байгаа нь осол гарахад нөлөөлнө...” гэсэн дүгнэлт (хх-ийн 37-43 дүгээр хуудас);

10. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “...Hyundai Grace загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно. 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна..” гэсэн магадалгаа (хх-ийн 99 дүгээр хуудас);

11. Шүүгдэгч Э.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 28 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 29 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103 дугаар хуудас),

12. Шүүгдэгч Э.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...найз У-тай ойрд уулзаагүй болохоор 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр утсаар ярьж 5 шарын Сүлжмэл дээр уулзсан. Бид хоёр Сүлжмэлийн арын кафед орж хоол идэн тус бүр нэг шил пиво, Улаанбаатар нэртэй архи тус бүр 200 граммыг уусан. 21 цаг өнгөрч байхад бид хоёр гараад би ганцаараа такси бариад 5 шарын цаад талын Залуус хороололд буугаад “Төгс жолоо” ХХК-ы нэр дээр байдаг өөрийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон гэр лүүгээ харих гээд явж байсан. Тэгээд Толгойтын замаар хойшоо өгсөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 42 дугаар сургуулийн урд замаар ертөнцийн зүгээр замын урдаас хойш чиглэлтэй явж байтал нэг эрэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Би тоормос гишгээд амжилгүй машиныхаа зүүн урд буфер хэсгээр нөгөө хүний баруун хөл ташаа орчимд мөргөөд унагасан. Тэгээд би шууд зогсоод машинаас буугаад сандраад байж байтал хажуугаар явсан хүмүүс эмнэлэг, цагдаа дуудах шиг болсон. Эхэлж цагдаа, дараа нь түргэн ирээд нөгөө хүнийг авч явсан, дараа нь намайг эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 111 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.А-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.С-ын үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Э.С нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвийн лавлагаагаар нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.С нь “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.

Шүүгдэгч Э.С-ын замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүх шүүгдэгч Э.С нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй буюу урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, нэг ба хоёр дугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй байгаа нөхцөл байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. Харин согтуурсан хүний самбаачлах хугацаа удааширч, аюул саадыг хянах чадвар сулардаг тул согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.С нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.С-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэглэх “тэнсэх” гэснийг тодорхойлсон зүйл, хэсэг юм. Харин гэм буруугаа зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тохиолдолд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан “зургаан сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм. Тодруулбал, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр тэнсэх шийдвэр гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэнэ. Учир нь, эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд тэнсэх нь үүнд хамаарахгүй болно.

Харин шүүгдэгч Э.С нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хууль зүйн шаардлагыг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг журамлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.С нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хэдий ч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ түр хугацаагаар хасуулсан байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ хэмээн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоох нь шүүгдэгчийг нийгэмшүүлэхэд үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Э.С-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.С-т мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.С шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.С- урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА