Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02061

 

 

  2023         11           27                                        210/МА2023/02061

                                      

 А-, Б-ь, В-, Г-, Д-, Е-, Ё-, Ж-, З-, И-, К- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б-ь, В-, Г-, Д-, Е-, Ё-, Ж-, З-, И-, К- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох,

Цалин, ээлжийн амралтын зөрүүнд А-д 7,587,932 төгрөг, Б-ьт 7,615,000 төгрөг, В-д 5,141,000 төгрөг, Г-д 6,204,133 төгрөг, Д-т 1,978,526 төгрөг, Е-д 8,596,421 төгрөг, Ё-д 7,622,275 төгрөг, Ж-т 2,009,688 төгрөг, З-т 5,691,603 төгрөг, И-д 3,416,415 төгрөг, К-т 5,121,334 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, шүүгчийн цалингийн нэмэгдэлтэй холбоотой зохицуулалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулиар нэр бүхий 11  шүүгчийн цалингийн хэмжээ сард тодорхой хэмжээгээр буурсан нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэж заасан заалтыг зөрчсөн.

Цалин хөлсний хэмжээ буурсан шүүгчдийн цалингийн зөрүүгийн асуудлыг хуульд заасан байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлээгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0932 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА/2023/0099 дугаар магадлалаар шүүгчийн цалин хөлс буурч эрх ашиг зөрчигдсөн үндэслэлээр нэр бүхий шүүгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас шүүгчид учирсан хохирлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс цалингийн зөрүүг олгосон.

Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд өөрийн эс үйлдэхүйг засаж, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаар тогтоол гарган, цалин буурсан нэр бүхий шүүгчдийн цалинг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бууруулахгүйгээр олгож эхэлсэн.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буурсан хэмжээгээр олгогдож байсан цалингийн зөрүү болох хохирлыг нэхэмжилж байна.

Тодруулбал, А-д 6,031,319 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 1,072,520 төгрөг, нийт 7,103,848 төгрөг, Б-ьт 6,243,500 төгрөг, амралтын зөрүү 1,371,500 төгрөг, нийт 7,615,000 төгрөг, В-д 4,768,000 төгрөг, амралтын зөрүү 373,000 төгрөг, нийт 5,141,000 төгрөг, Г-д цалингийн зөрүү 6,204,130 төгрөг, Д-т цалингийн зөрүү 1,978,526 төгрөг, Е-д 7,483,663 төгрөг, амралтын зөрүү 1,112,758 төгрөг, нийт 8,596,421 төгрөг, Ё-д 1,573,964 төгрөг, амралтын зөрүү 8, 9, 10 дугаар сарын 774,974 төгрөг, нийт 2,348,938 төгрөг, Ж-т 1,562,275 төгрөг, амралтын зөрүү 7, 8, 10 дугаар сарын 447,413 төгрөг, нийт 2,009,688 төгрөг, З-т 5,184,092 төгрөг, амралтын зөрүү 507,511 төгрөг, нийт 5,691,603 төгрөг, И-д 3,192,320 төгрөг, амралтын зөрүү 224,095 төгрөг, нийт 3,416,415 төгрөг, К-т 4,868,361 төгрөг, амралтын зөрүү 385,682 төгрөг, нийт 5,254,043 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

            Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 46.3 “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасан байна.

Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор “Шүүгчийн шүүн таслах ажлын, онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам", "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг тус тус шинэчлэн баталсан. Дээрх хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгчдийн цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэхээр нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 146 дугаар тогтоолыг шүүхийн шийдвэр биелүүлэх хүрээнд гаргасан. Үүнийг эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлахгүй.  

Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлсний маргааны хөөн хэлэлцэх хугацаа 90 хоног гэж заасан. Энэ хугацаанд цалин хөлс буурсантай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаагүй.

Иргэний хуульд заасан эрхийг зөрчиж, гэм хор учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол захиргааны хэргийн шүүх буруутай эс үйлдэхүйг тогтоох ёстой. Түүний дараа хохирлын асуудал яригдана. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь зөвхөн С- шүүгчийн тохиолдол юм. Үүнийг нийтлэг байдлаар хэрэглэхгүй. Шүүхийн шийдвэр нь хэм хэмжээний акт биш. Энэ магадлалд Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид цалин хөлс буурсантай холбоотой асуудлаар холбогдох арга хэмжээг авах буюу хууль санаачлагчид санал болгох, төсвийн байнгын хороо гэх мэт эрх бүхий байгууллагад тодорхой санал, санаачилга явуулах талаар заасан тул Шүүхийн ерөнхий зөвлөл 146 дугаар тогтоол гаргаж, цалин хөлс буурсан шүүгчдийн цалинг нэмэгдүүлсэн.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэг бүрчлэн дурдаж хуульчилсан байдаг. Тус жагсаалтад хохирлоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах агуулга бүхий заалт, зохицуулалт байхгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1.1 дэх хэсэг, 73.1.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цалин, ээлжийн амралтын зөрүүд 7,615,000 төгрөг гаргуулж Б-ьт, 7,103,848 төгрөг гаргуулж А-д, 5,141,000 төгрөг гаргуулж В-д, 6,204,133 төгрөг гаргуулж, Г-д, 1,978,526 төгрөг гаргуулж Д-т, 8,596,421 төгрөг гаргуулж, Е-д, 2,348,944 төгрөг гаргуулж Ё-д, 2,009,688 төгрөг гаргуулж Ж-т, 5,691,603 төгрөг гаргуулж З-т, 3,416,415 төгрөг гаргуулж И-д, 5,121,334 төгрөг гаргуулж К-т тус тус олгож,

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч А-, Б-ь, В-, Г-, Д-, Е-, Ё-, Ж-, З-, И-, К- нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр цалин хөлснөөс тооцон, суутгаж, нөхөн төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,790 төгрөг, В-аас төлсөн 97,203 төгрөг, А-гаас төлсөн 136,357 төгрөг, Г-эс төлсөн 114,216 төгрөг, Д-ээс төлсөн 46,606 төгрөг, Е-гаас төлсөн 152,492 төгрөг, Ё-гээс төлсөн 52,544 төгрөг, Ж-аас төлсөн 47,105 төгрөг, К-ээс төлсөн 98,891 төгрөг, И-гаас төлсөн 69,613 төгрөг, З-ээс төлсөн 106,016 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 136,790 төгрөг гаргуулж Б-ьт, 97,203 төгрөг гаргуулж В-д, 136,357 төгрөг гаргуулж А-д, 114,216 төгрөг гаргуулж Г-д, 46,606 төгрөг гаргуулж Д-т, 152,492 төгрөг гаргуулж, Е-д, 52,544 төгрөг гаргуулж Ё-д, 47,105 төгрөг гаргуулж Ж-т, 98,891 төгрөг гаргуулж К-т, 69,613 төгрөг гаргуулж И-д, 106,016 төгрөг гаргуулж З-т тус тус олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс А- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ" гэжээ.

Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ", 46.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно" гэж заасан.

Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор "Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам", "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг шинэчлэн баталсан.

Дээрх хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын цалин хөлсөд өөрчлөлт орсон.

Нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөл хохирол төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэг бүрчлэн дурдаж хуульчилсан байдаг. Тус жагсаалтад хохирлоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах агуулга бүхий заалт, зохицуулалт байхгүй тул Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх боломжгүй юм.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгч нарт хохирол учруулаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлсэн учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыгн хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэр бүхий 11 нэхэмжлэгч нар нь хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор хариуцагч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс цалин хөлс буурсан гэх үндэслэлээр дутуу олгосон цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0932 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0099 дугаар магадлалаар С-ын нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэргийг шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын дээд шүүхээс бусад шүүхийн төсвийг төлөвлөн хүргүүлэхдээ хууль шинэчлэн батлагдсантай холбоотой цалин хөлс нь буурахад хүрсэн шүүгчийн цалин хөлсийг эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлж, бууруулахгүйгээр төсөвт тусгаагүй нь хууль, зарчмыг зөрчсөн гэж дүгнээд шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

3.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тогтоолоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.2.4-т заасныг баримтлан Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдаж хэрэгжсэнтэй холбоотойгоор цалин хөлс нь буурсан зарим шүүгчид буюу нэхэмжлэгч нарт 2021 онд авч байсан цалин хөлсний зөрүүг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож шийдвэрлэжээ.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, энэ талаар зохигч маргаагүй.

 

4. Хариуцагчийн зүгээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал зөвхөн шүүгч С-ад хамааралтай, нэхэмжлэгч нарын асуудлыг шийдвэрлээгүй тул уг хэрэг нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус, харин захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

4.1. Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар шүүгч С-ад холбогдох асуудлыг хянан шийдвэрлэсэн хэдий ч уг шийдвэрийг биелүүлэх зорилгоор гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаар тогтоолд шүүгч С-аас гадна цалин хөлс нь буурсан бусад шүүгчийн буюу нэр бүхий 11 нэхэмжлэгчийн цалин хөлсний асуудлыг шийдвэрлэсэн байна.   

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл ийнхүү тогтоол гаргаснаараа Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдахад нэхэмжлэгч нарын цалин хөлсийг урьд авч байсан хэмжээнээс бууруулахгүй олгох арга хэмжээг өмнө аваагүйгээ хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж дүгнэх ба хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэгч нар шүүхэд хандах шаардлагагүй, хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол төлүүлэхээр нэхэмжилснийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь хэргийн харьяалал зөрчихгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4.2. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарч нэхэмжлэгч нарын цалин хөлс буурсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2-т зааснаар шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах, шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг аваагүй байна.

 

5. Дээр дурдсанаар хариуцагч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэр бүхий шүүгчдийн цалин хөлсийг бууруулахгүй олгох арга хэмжээг аваагүй эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгч нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс буурч хохирол учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

5.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын  эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нар гэм хорыг арилгахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, ээлжийн амралтын цалингийн зөрүүд А-д 7,103,848 төгрөг, Б-ьт 7,615,000 төгрөг, В-д 5,141,000 төгрөг, Г-д 6,204,130 төгрөг, Д-т 1,978,526 төгрөг, Е-д 8,596,421 төгрөг, Ё-д 2,348,938 төгрөг, Ж-т 2,009,688 төгрөг, З-т 5,691,603 төгрөг, И-д 3,416,415 төгрөг, К-т 5,254,043 төгрөг тус тус тооцсон нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасанд нийцжээ.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын дээрх хугацаанд ажилласан эсэх, урьд авч байсан цалин хөлсний хэмжээ, нэхэмжилж буй цалин, ээлжийн амралтын цалингийн тооцоололд мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй, гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд үүнд дэлгэрэнгүй эрх дүгнэлт өгөөгүй болно.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг  хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

7. Нэхэмжлэгч нар нь дутуу авсан цалин хөлсний хохирлыг нэхэмжилсэн тул анхан шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр цалин хөлснөөс тооцон, суутгаж, нөхөн төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг заасан ба тус жагсаалтад хохирлоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар заагаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.  

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтийг харгалзан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2-т” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Т.БАДРАХ