| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0092/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 143
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04571 1490 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г.П, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, *** авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл гурав, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлт-Од төвийн дотор байрлах 888 нэртэй бааранд Б.Ц-ийг гараараа нударлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Г-ын П нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт-Од” төв дотор байрлах 888 нэртэй бааранд “гараараа нударлаа” гэсэн шалтгаанаар Б.Ц-ийн нүүр лүү гараараа цохиж, түүний бие махбодод “...хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, үүдэн дээд нэг шүдний сулрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.П-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би өөрийн найз Б, З нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлт-Од төвд байрлах 888 нэртэй бааранд орсон. Бааранд ороод бид гурав тус бүр нэг пиво захиалаад суусан. Тэгээд би ганцаараа бүжгийн талбар дээр гараад бүжиглэсэн ба манай хоёр найз тухайн үед хаана байсныг би мэдэхгүй байна, ямар ч гэсэн бүжгийн талбай дээр байгаагүй. Гэтэл нэг залуу бүжиглэж байхад араас түлхэхээр нь би эргэж хараад очиход тэр залуу шууд миний хамар болон зүүн нүд орчимд цохисон. Би манараад түүнээс хойш юу болсныг хэсэг хугацаанд санахгүй байна. Нэг мэдэхэд би тэр залуугийн сууж байсан ширээний дэргэд газар унасан байдалтай байсан ба тэр залуу миний дээр гарчихсан нүүр рүү гараараа цохисон, яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Би нүүрээ гараараа хамгаалаад тэр залуугийн хувцаснаас зуураад татсан чинь тэр угзарч миний гарыг салгаад босоод явчихсан. Би З-ийн хамт ардаас нь гарахад тэр гурван залуу булан эргэх гэж байсан ба цагдаа ирж байсан. Намайг зодсон залуу нь улаан цамцтай байсан. Сүүлд нь би нэрийг нь асуухад П гэж байсан, нөгөө хоёр залуу нь намайг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дугаар хуудас);
3. Гэрч Н.Б-ын мөрдөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Манай найз П ганцаараа босоод бүжиглэж байгаад буцаж ирээд нэг залуу намайг түлхээд байна та хоёр тэр залууг таних уу гэхээр нь Г бид хоёр тоохгүй орхисон. Тэгтэл П буцаад бүжгийн талбай руу гараад явсан, удалгүй баарны хөгжим зогсоход баарны дотор П нөгөө залуутай зодолдчихсон, нөгөө залуугийн хамраас цус гарчихсан хамраа дараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дугаар хуудас);
4. Гэрч Э.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 28-29 нд шилжих шөнө Ачит 116 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 01 цагийн орчимд 888 бааранд манай найз зодууллаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 888 нэртэй баарны гадна очиход дуудлага өгсөн гэх хүн зодуулсан гэх залуугийн хамт баарны гадна зогсож байсан. Юу болсон, хэнд зодуулсан талаар асуухад зодуулсан гэх залуу нь юм дуугарахгүй байсан ба нүүр орчим нь хавдсан байсан санагдаж байна. Ингээд дуудлага өгсөн залуугаас асуухад манай найзыг бүжиглэж байхад нэг залуу зодчихлоо, зодсон залуу нь тэр байна гээд гудамжны булан эргэх гэж байсан хоёр, гурван залууг заахаар нь дуудахад тэд хүрээд ирсэн. Юу болсон талаар шалгахаар 888 нэртэй бааранд орж камерын бичлэгийг үзэхэд “бүжгийн талбай дээр зодуулсан гэх залуугийн хажууд зодсон гэх залуу бүжиглэж байсан ба зодуулсан гэх залуу нөгөө залуугаа түлхсэн чинь нөгөө залуу нь эргэж хараад маргалдаж байгаа болоолтой харсанаа гараараа нэг удаа нүүр орчимд нь цохиж авсан, тэгтэл нөгөө цохиулсан залуу нь газар уначихсан, тэгээд хүмүүс салгаж байгаа бололтой бужигнаад эхэлсэн” бичлэг байсан. Бичлэг дээр уг хоёр залуугийн ойр орчимд хүн байгаагүй ба зодуулсан гэх залууг өөр хүн цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);
5. Гэрч П.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд би гадаа гараад тамхи татчихаад буцаад ороод ирсэн чинь Ц хүнд зодуулсан, нүүр нь цус болчихсон, хамар нь далийчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас);
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12188 дугаартай “...Б.Ц-ийн биед хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, үүдэн дээд нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 34 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Г.П-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 51 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53 дүгээр хуудас),
8. Шүүгдэгч Г.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...би тэр залууг тайзан дээр байхад нь гараараа нэг удаа цохиж унагаасан. Тэгээд намайг ширээн дээр сууж байхад тэр залуу ирээд боож авахаар нь би хавсарч унагаагаад гараараа дахин нүүр лүү нь нэг удаа цохиж авсан....Манай найз нар болон өөр хүн тэр залууг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Г.П-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Г.П-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц нь мөрдөн байцаалтын явцад нийт 600,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хохирлоо бүрэн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.П-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.П-г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Г.П-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Г.Пторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.П д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА