Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01955

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01955

 

 

 

Д.Б..., Д.Н...нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/03209 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б..., Д.Н... нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Н...ид холбогдох,

 

Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс болон дундын хөрөнгөөс ногдох хэсэг нийт 184,671,959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н.., хариуцагч Д.Н.., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Д..овогт Д...ы Д.. нь хүү Д.Н..., охин Д.Б... гэх хоёр хүүхэдтэй бөгөөд тэрээр Д.Б...аас төрсөн охин Д.Н...ыг төрсөн цагаас нь өөрийн нэрээр овоглож, өсгөсөн. Д.Д... нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нас барсан. Д.Д.. нь нас барахаасаа өмнө Д.Н...д зориулж хадгаламжийн данс нээлгэсэн, хадгаламжийн хоёр дэвтэр байгаа түүнийг аваарай гэж, хэлж байсан.

 

1.2. Эцэг Д.Д... нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Өнөр хороолол, .... дугаар байрны ...тоот хаягт байрлах, ... өрөө сууцанд ах Д.Н.. түүний гэр бүл, охин Д.Н..  нарын хамт амьдарч байсан.

 

Эцэг Д.Д...ийг нас барсны дараа 49 хоног ч дуусаагүй байхад Д.Н..нь Д.Н...аас охиныхоо оюутны сургалтын төлбөр төлөхөд 4,000,000 төгрөг хэрэгтэй байна, чиний дансанд байгаа мөнгийг ах нь эргэлдүүлж байгаад хүүтэй нь өгнө гэж хэлээд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны 5166... тоот дансандаа мөнгийг шилжүүлж авсан. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй.

 

1.3. Д.Д... нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны ... тоот гурван өрөө сууцыг Д.Н..., Д.Н... нарыг хувааж ав хэмээн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Өнөөдрийн байдлаар хариуцагч гэр бүлийнхээ хамт оршин суудаг тул Д.Н...ын хувьд шууд ороод амьдрах боломжгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг орон сууцанд ирж амьдар гэдэг ч ам бүл олонтой өөрөө нөхөр хүүхэдтэй учраас айлын хажуу өрөөнд амьдрах боломжгүй.

 

Тиймээс хариуцагч Д.Н...оос үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр данснаас авсан 24,312,411 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцны хөрөнгийн үнэлгээнээс өөрт ногдох хэсэг 74,575,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Н...д олгож өгнө үү.

 

1.4. Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Баянгол ... гудамж, .... тоот хаягт байршилтай 198 м.кв үл хөдлөх хөрөнгө, 547 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч нь эцэг Д.Д... байсан.

 

Д.Д... нас барснаас хойш уг газарт хүн амьдраагүй, эзэнгүй байгаа. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан газар юм.

 

Нэхэмжлэгч Д.Б..., Д.Н... нарыг уг газар, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Тодруулбал орон сууцны шинжээчийн тогтоосон үнээс нэхэмжлэгч тус бүрд 42,892,274 төгрөг, нийт 85,784,548 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Д...ы Д... нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Д.Н... нь нас барагчийн үрчлэн авсан хүүхэд биш зөвхөн аав Д.Д...ээр овоглосон Д.Б...н охин юм.

 

Өөрөөр хэлбэл нас барагчийн зээ охин тул 1 дүгээр үеийн өвлөгчийн эрх үүсэхгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмаар Д.Н...ыг үрчлэн авсан үйл баримт байхгүй. Хуульд үрчлэн авсан хүүхэд өвлөх эрхтэй гэж заасан, харин нас барагчийн нэрээр овоглосон бол өвлөх эрхтэй гэж заагаагүй.

 

2.2. Д.Д.. нь 2016 онд үйлдвэрлэлийн ослоос 2 нүд сохорч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, тахир дутуугийн группэд орж мөн үеэс эхлэн нас барах хүртлээ хариуцагч Д.Н...той хамт амьдарч, асран хамгаалалтад байсан.

 

Д.Н... нь өв нээгдсэн үеэс өвийг хүлээн авч өнөөг хүртэл эрхлэн хамгаалж байгаа ба өв хүлээн авахаас татгалзсан ямар ч хүсэлт гаргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Д.Б... нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасан өвлөгч биш байх ба тэрээр мөн хуулийн 528.2-т заасан 1 жилийн хугацаанд өвийг хүлээн аваагүй өвлөх эрхийн бичгээ авах хүсэлтийг зохих байгууллагад гаргаагүй тул 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү.

 

2.3. Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Баянгол ... гудамжны ... тоот хаягт байршилтай 547 м.кв өмчлөх эрхтэй газар, өмчлөх эрхийн Ү-22010.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 128,676,821 төгрөгийн дүнгээс Д.Б..., Д.Н... нарт ноогдох 85,784,548 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилжээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлд дурдсан хөрөнгө нь өвлөгдөх хөрөнгө бөгөөд энэ хөрөнгө одоогийн байдлаар Д.Н... надад өвлөгдөж ирээгүй болно. Надад дээрх хөрөнгийг өвлөх эрх хуулийн хүрээнд хадгалагдаж байгаа боловч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөн аваагүй байх тул өвлөх эрх үүсээгүй, өвлөх эрхийн хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан, дээрх нэхэмжлэгч нар өвлөгдөөгүй хөрөнгөөс хөрөнгө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрх үүсээгүй байна.

 

Ийм учраас нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.

 

2.4. Нэхэмжлэгч Д.Н... Төрийн банкны хадгаламжид байсан 24,312,411 төгрөгийг гаргуулна гэжээ. Энэ мөнгө нас барагч Д.Д..., зээ охин Д.Н... нарын хамтын эзэмшилд бүртгэлтэй байх тул нас барагчид ногдох 50 хувь болох 12,156,205 төгрөг нь өвийн журмаар шийдвэрлэгдэх хуультай. Энэ хэсгийг нэхэмжлэх эрх Д.Н...д үүсэхгүй. Тус мөнгийг Д.Н...ын мөнгө гэж үзэх үндэслэл байхгүй. Тэрээр нэг ч төгрөгийг өөрөө бүрдүүлж хадгаламжид байршуулсан үйл баримт, гэрээ байхгүй.

 

Миний бие дэлгүүр ажиллуулж, олсон орлогоо аавдаа өгч хадгалуулсан. Аав 2 нүд сохорсон, юм харах чадваргүй болсноос өөрийн биеэр явж банктай харилцах боломжгүй тул энэ үндэслэлээр Д.Н...ыг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн үйл баримт нотлогдож байдаг. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахгүй орхиж өгнө үү.

 

2.5. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, өнөр хороолол .... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий 3 өрөө байр нь Д.Н..., Д.Н... бид хоёрын нэр дээр бүртгэлтэй. 2013 онд миний ээж нас барсан бөгөөд тухайн үед энэ байрны гэрчилгээнд аав, ээж, миний бие болон манай эхнэр, хүүхэд, Д.Б..., Д.Н... бүгд байсан.

 

Талийгаач аав маань бүгдийг нь цуглуулж гал голомтоо миний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Д.Н...ыг тэжээгчээ алдсан, насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр үлдээсэн болно.

 

Нэхэмжлэгч өөрийнхөө нэр дээр байгаа хөрөнгөө зөвхөн хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн, эсхүл түүний өмчийг өөр этгээд хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан нөхцөлд л үүргийг, мөн хохирлоо мөнгөөр шаардах эрхтэй юм. Ийм нөхцөл байдал үүсээгүй.

Д.Н... надад Д.Н...ын өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн 74,575,000 төгрөгийн дүнг төлөх санхүүгийн боломж байхгүй. Эцэг дээдсээс уламжлагдсан гал голомтоо үрэн таран болгож, Д.Н... өөрт ногдох хэсгээ гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах нь бусад өмчлөгч, гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашгийг зөрчинө. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б..., Д.Нямлхам нарыг Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, баянгол .... дүгээр гудамж ... тоот хаягт байршилтай нэгж талбарын 186353136.... дугаартай, Г-220102... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний 547 м.кв газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэлтэй, 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, хариуцагч Д.Н....ид холбогдох өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсэг нийт 85,784,548 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н...оос нийт 98,887,411 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н...д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,081,309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н...оос улсын тэмдэгтийн хураамж 752,743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н...д, шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 500,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Баянгол .... дүгээр гудамжны ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэлтэй 547 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн 22010... дугаарт бүртгэлтэй 198 м.кв талбай бүхий дэлгүүр агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох хэсгийг хангаж, шийдвэрлэснийг үндэсгүй гэж үзэж байна.

 

Дээрхи газар, үл хөдлөх эд хөрөнгө нь Д...ийн Д...ийн нэр дээр өмчлөлийн бүртгэлтэй. Д.Д... нь 1966 онд үйлдвэрлэлийн ослоор 2 нүд сохорч 100%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтаар групптэй, энэ хэргийн хариуцагч Д.Н...ийн асрамжид амьдарч байгаад 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар мөн өдрөөр өв нээгдсэн гэж үзнэ.

 

Нас барагч төрүүлсэн 2 хүүхэдтэй, тэр нь нэхэмжлэгч Д.Б..., хариуцагч Д.Н... нар болно.

 

Энэ 2 хүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар 1-р үеийн хууль ёсны өвлөгч гэж үзнэ. Нэхэмжлэгч Д.Н... нь нас барагч Д.Д...ээр овоглосон түүний зээ охин.

 

Д.Н... нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй үед л өвлөх эрх үүсэх 2-р үеийн өвлөгч юм. Зээ охин Д.Н...ыг нэхэмжлэлд дурдсан өвлөгдөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлгүй.

 

4.2. Мөн өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч Д.Н... өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өвийг хүлээн авахаас татгалзсан татгалзлыг нотариат болон Засаг даргад гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар түүнийг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

 

4.3. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаас бусад өвлөгч нар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу Засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ. Нэхэмжлэгч Б... нь өвлүүлэгчийг нас барах үед хамт амьдарч түүнийг асарч байгаагүй, олон жилийн өмнө хөрөнгө таслуулж тусдаа гарсан хүн бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан 1 жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эрхлэн хөтлөөгүй, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг зохих газарт гаргаагүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар Д.Б...г өвлөх эрхээс татгалзсан гэж үзэх хууль зүйн үр дагавар бий болсон.

 

4.4. Өвлөх эрх зүйн харилцааг дээрх байдлаар хуулиар тодорхой зохицуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Н... нь талийгаач Д...ийн гэр бүлийн гишүүн бөгөөд хүүхдийн эцгийг захиргааны байгууллага тогтоосон гэж хуульд байхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь буруу.

 

Хуульд өвлүүлэгчээр овоглосон бол гэр бүлийн гишүүн бол өвлөнө гэсэн заалт байхгүй.

 

Нэхэмжлэгч Д.Б... Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан 1 жилийн дотор багтаж, өвөө хүлээж аваагүй өвлөх эрхийн бичгээ авах хүсэлтээ зохих газарт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр 528.2-т зааснаар өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байгаа зэргийг бодитой үнэлж чадсангүй.

 

4.5. Нэхэмжлэгч Д.Н... Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны 317 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2201.... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны өөрт ноогдох хэсэг 74,575,000 төгрөгийг хариуцагч Д.Н...оос гаргуулахаар нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 108 дугаар сарын 108.1, 108.8-д заасныг үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

Энэ хөрөнгө хэлцлийн үндсэн дээр Д.Н..., Д.На... нарын өмчлөлд шилжсэн дундын эд хөрөнгө биш.

 

Орон сууц бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл бүхий байгаа. Учир нь энэ орон сууцыг 1989 онд Эрүүл мэндийн яамнаас 2 нүд нь сохорч хараагүй болсон Д.Д...т өгсөн.

 

Сүүлд орон сууц хувьчлагдах үед гэр бүлийн бүх гишүүдэд өмчлүүлж гэрчилгээ олгосон.

 

Д.Н...ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашиг хөндөгдөнө гэж хариуцагч тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэхгүй, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5.4-т гэр бүлийн гишүүдийн хөрөнгө байна гэж тогтоосон.

 

Шүүх ашиг сонирхол нь хөндөгдөж болох гэр бүлийн бусад гишүүд гуравдагч этгээд нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оруулалгүй хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу зохих газраас гаргуулж, авалгүйгээр дээрх орон сууцны үнийг Л... ХХК-ийн үнэлгээгээр тооцож, 74,575,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Д.Н...д өгөхөөр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

 

4.6. Д.Д..., Д.Н... нарын нэр дээр төрийн банкны хадгаламжид байсан 24,312,411 төгрөгийг Д.Н... авсан тул түүнийг гаргуулж авна гэсэн Д.Н...ын нэхэмжлэлийг шүүх хянаад хариуцагч Д.Н...ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангасныг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.

 

Хариуцагч дэлгүүр ажиллуулж олсон орлого байсан гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байгаа. Мөн өөрийнх нь мөнгө болохыг нотолж чадахгүй байгаа. Ийм байхад шүүх банкнаас авч Д.Н...ид өгсөн үйл баримтаар дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай юм.

 

Харин хавтаст хэрэгт байгаа материалаас үзэхэд энэ хадгаламж нь Д.Д..., Д.Н... нарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Ийм учраас хамтран өмчлөх дундын өмч гэж дүгнэх, Д Д... нас барсан тул түүнд ногдох хэсгийг өвийн журмаар шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Д.Н... нь төрсөн цагаасаа эхлэн Д...ээр овоглосон буюу үрчлэгдсэн.

 

5.2. Нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээ нээгдээгүй.

 

Тус асуудалтай хамааралтайгаар анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэж дүгнэсэн.

 

Өнөөдрийн байдлаар өвлөгч нар өв хүлээн аваагүй, өвлөгчөөсөө татгалзаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, талууд маргаж байгаа учир шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь үндэслэлтэй.

 

5.3. Д.Д... амьд байх үедээ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Х... ХХК болон Нийслэлийн дахин төлөвлөлтийн албатай хамтарсан гурвалсан гэрээгээр дахин төлөвлөлтөд орсон боловч өнөөдрийн байдлаар тус гэрээ хэрэгжээгүй.

 

Х... ХХК-д хандахад хэн өвлөгч гэдэг асуудлаа тодруулаад ирсний дараа гэрээ байгуулах, эсхүл цуцлах асуудлын талаар ярилцъя гэж хэлсэн.

 

5.4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Д.Б... нь Д.Д... нь амьд ахуйдаа Д.Н..., болон Д.Н... нарын нэр дээр тус хөрөнгийг бүртгүүлсэн. Хөрөнгийн үнэлгээ гаргуулсан бөгөөд өөрт ногдох хэсгээ тус үнэлгээний дагуу шаардсан нь үндэслэлтэй. Д.Н...ийн гэр бүлийн гишүүд Д.Н...ийн 50 хувь дээр маргаан үүсгэх боломжтой.

 

Маргаан бүхий орон сууц, өвлөгдөх хөрөнгө, 24,312,411 төгрөгийн асуудалд Д.Н...оос нэг ч төгрөгийн орлого орж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.  

2. Нэхэмжлэгч Д.Ба... Д.Н...нар нь хариуцагч Д.На...ид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянгол ...р гудамжны ...тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 547 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй 198 м.кв талбайтай дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч тус бүрт ногдох 42,892,274 төгрөг, нийт 85,784,548 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 24,312,411 төгрөг, өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 74,575,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 1-2, 68, 190-191/

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов.

3.а. Д.Д... 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд нь Д.Н... Д.Б..., Д.Н... нарын эцэг болох нь нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбараар тус тус тогтоогдож байна. /1-р хх 5, 34/

3.б. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын ... дүгээр гудамжны .... тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18635313... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 547 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, болон эрхийн бүртгэлийн Ү-22010... дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах, 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Д... тус тус бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. /1-р хх. 61, 100/

3.в. Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ... тоот хаягт байрлах, үл хөдлөх хөрөнгийн Ү-22010... дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Н.., Д.Н.. нар бүртгэгдсэн тухай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагджээ. /1-р хх 32/

3.г. Д.Н...н нэр дээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хугацаатай хадгаламжийн данс нээж, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр уг дансан дахь 31,287,267.89 төгрөгийн дүнтэй хадгаламжийг харилцагчийн хүсэлтээр хаасан талаарх дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан. /1-р хх 48-49/

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

5.а. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгчид хамаарч байгаа Д.Б..., Д.Н..., Д.Н...нарыг шүүхийн шийдвэрээр өвлөгчөөр тогтоохгүй.

Анхан шатны шүүх Д.Б..., Д.Н... нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоож шийдвэрлэсний үр дагавар нь хууль ёсны өвлөгч Д.Н...ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр болжээ.

5.б. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийн агуулга, үзэл баримтлал нь хуулиар өв залгамжлах дарааллыг тогтоож, түүнд хамаарах хууль ёсны өвлөгчийг нэрлэн заасан ба уг хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгчид хамаарч байгаа тохиолдолд шүүхээр хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагагүй, харин иргэний бүртгэлийн баримтуудаар хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдох учиртай.

5.в. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Д.Д...ийн хүүхдүүд болох Д.Б..., Д.Н.., Д.Н... нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар тэгш эрхтэй хууль ёсны өвлөгч мөн.

6. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын ... дүгээр гудамжны ... тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18635313... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 547 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн бүртгэлийн Ү-22010... дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах, 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг дахин төлөвлөлтөд оруулахаар Д.Д... нь Х... ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.Д... болон Х... ХХК, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г тус тус байгуулсан, гэрээ хэрэгт авагдсан. /1-р хх 65-75/

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

Хэргийн баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын .... дүгээр гудамж, 12 тоот хаягт байрлах, 547 м.кв талбайтай газар, 198 м.кв талбайтай дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь гэрээний зүйл болсон байх бөгөөд гэрээний үүргийн дагуу Х... ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын шаардах эрхээр хязгаарлагдсан байна.

Нэхэмжлэгч Д.Б..., Д.Н... болон хариуцагч Д.Н... нар нь дээрх хэлцлийн хувьд Д.Д...ийн шаардах эрхийг өвлөх хууль ёсны өвлөгч болох тул нэхэмжлэгч нар нь хэлцлийн үндсэн дээр гуравдагч этгээдийн шаардах эрхээр хязгаарлагдсан хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр тооцож, өвлөгдөх хэсэг буюу 85,784,548 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Харин, хоёр талт гэрээ, гурван талт гэрээтэй холбогдуулан хууль ёсны өвлөгч нар нь гэрээг дуусгавар болгох эсхүл гэрээг үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэрлэсний дараа уг хөрөнгөд өвийн зүйлтэй холбоотой шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

7. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н... болон хариуцагч Д.Н... нарын дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө тул дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хувь 74,575,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатын шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагч Д.Н...ийн гэр бүлийн бусад гишүүдэд хуваах агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Л... ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд зааснаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны .... тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг 149,150,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн хариуцагч Д.Н...ос 74,575,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н...д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. /1-р хх 149-182/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлээр Д.Н..., Д.Н... нарын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийн ногдох хэсэг гаргуулах шаардлагыг шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

8. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 24,312,411 төгрөгийг хангаж, шийдвэрлэхдээ хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Д.Н...ид Д.Н... нь 24,312,411 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /1-р хх. 50-51/

Нэхэмжлэгч Д.Н... нь хариуцагч Д.Н...ид хэрэглүүлэх зорилгоор шилжүүлсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх тул талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н... нь 24,312,411 төгрөгийг хариуцагч Д.Н...оос шаардах эрхтэй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/03209 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 520 дугаар зүйлийн 520.1.1 гэснийг мөн нэхэмжлэгч Д.Б..., Д.Н... нарыг Сонгинохайрхан дүүргийн ....-р хороо, Баянгол ... дүгээр гудамж ... тоот хаягт байршилтай нэгж талбарын 186353136... дугаартай, Г-220102.... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний 547 м.кв газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22010... дугаарт бүртгэлтэй, 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД