Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

    2019         02           12                                     123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч: Б.Сүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүрэнд холбогдох эрүүгийн 1805 0001 91020 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, дуудлагын жолоочийн ажилтай, сард 800 000 төгрөгийн орлоготой, ам бүл 1, Сүрэн.

 

Шүүгдэгч Б.Сүрэн нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Батг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Сүрэн мэдүүлэхдээ:

Хохирогч Э.Бат бид хоёр найзууд бөгөөд тухайн өдөр шинэ жилийн хүлээн авалтан дээр уулзсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиход хамраас нь цус гарсан. Түүнтэй маргах болсон шалтгаанаа тодорхой санахгүй байна. Маргааш нь түүний хамар хугарсан гэдгийг мэдсэн. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Хохирогч хамраа тэгшлүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд нь 450 000 төгрөг төлсөн. Хохирогч надтай сайн дураар эвлэрч гомдол саналгүй гэсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Бат мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай нутгийн залуучууд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан тул найз Сосорбурам, Золбоо, Дамбарагчаа, Сүрэн нарын хамт оролцоод, тэндээсээ бид нар гараад 10 дугаар хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орж, тэндээ архи уугаад бид нар их согтсон. Тэгээд баарнаас гараад харих гэж байх үедээ гудамжинд Сүрэнтэй маргалдсан. Яг юунаас болж маргалдаж, муудалцаад байснаа би сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь бид хоёр маргалдаад, хоорондоо ноцолдож байсан. Тэгээд би газарт унатал Сүрэн гараараа нүүр рүү цохиж, хамар руу хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Сосорбурам хажуунаас ирээд салгаж, Сүрэнг боль гээд аваад явсан. Миний хамраас цус гарсан учир би гэмтлийн эмнэлэг рүү очоод, цагдаад гомдол гаргасан. Надад ямар нэгэн өш хонзон, өр авлага байхгүй. Бид хоёр 2010 онд танилцсан ба нэг нутгийн, нэг сумын залуучууд, би биенээ таньдаг. Түүнээс айхтар сайн найзууд бол биш. Гэхдээ бид хоёр уг нь маргалдах ямар нэгэн шалтгаан огт байхгүй байсан. Яагаад, юунаас болж маргалдсанаа хэн, хэн нь мэдэхгүй байгаа. Бид хоёрыг маргалдах үед Сосорбурам дэргэд байсан. Золбоо цаана машин дотор сууж байсан байх. Яг бид хоёрын зодооныг харсан эсэхийг мэдэхгүй байна. Бид нар эхний шинэ жил дээр 2 шил Эдин нэртэй 0.75 граммтай архи хувааж уусан. Тэгээд караокед ирээд бас 2-3 шил архи уусан. Яг хэдэн шил архи уусныг бол мэдэхгүй байна. Сүрэн миний бүх эмчилгээний зардлыг гаргаж, хамт явж эмчлүүлсэн. Надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би Сүрэнд зодуулсан гэж гомдол гаргасан бөгөөд уг хүнтэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 8-9, 31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Золбоо мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 18-нд манай нутгийн шинэ жил болоод тэнд нэг шил Соёрхол нэртэй литрийн архи байсныг уугаад тэндээсээ гараад Содном, Бат, Сосорбурам бид дөрөв 25 дугаар эмийн сангийн замын урд талд байдаг нэрийг нь мэдэхгүй нэг караокед ороод тэнд 1 шил Эдин нэртэй архи авч уугаад явахаар болоод гарсан. Тэгээд манай найз охин Цэрэнбалжир ирж намайг авсан. Тэгээд Бат Содном хаачив гээд гадаа тамхи татаж байх үед нь дуудах гээд очсон. Тэгээд би машин дотроо эхнэртэйгээ сууж байхад Бат эхлээд Содномыг цохиод авч байгаа харагдсан. Би эхнэртээ юм хэлчихээд дахиад хартал Бат газар хөлөө жийгээд сууж байсан. Тэгээд би явлаа гээд очиход Содном намайг цохиод авлаа гээд байж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудаад эмнэлгийн машинд суугаад Бат яваад өгсөн. Би араас нь эхнэртэйгээ яваад Гэмтлийн эмнэлэгт очиход намайг Бат чамд хамаагүй, чи яв, зайл гээд байсан. Тэгээд надад ярихдаа өмнө нь хамраа хугалуулж байсан, 2 000 000 төгрөг байдаг. Одоо чамд хамаагүй гээд аргадуулахгүй агсраад байсан. Тэгээд би хаячихаад харьсан. Намайг харахад хамраас нь цус гарсан байдалтай байсан. Нүдний дунд хэсгээр жаахан хавдчихсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх сорив харагдаагүй. ...тэнд манай ангийн залуу болох Сосорбурам гэх залуу цуг байсан юм. Тэгээд тэр хоёр цуг явсан юм билээ. Би Сосорбурам гараад ирсэн, гадаа байсныг нь анзаараагүй. Энэ талаар Бат надад хэлсэн. Тэгээд тэр хоёр хаачив гэтэл хойд зүг заагаад ийшээ гэж байсан. Бат болон Содном нар караокед дуулаад л байсан. Өөр маргаан гэх зүйл болоогүй. Маргаан юунаас болсон талаар мэдэхгүй гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Сосорбурам мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нутгийн залуучуудын шинэ жилд 19 цагаас найз Батгийн хамт очиж оролцсон. Ингээд шинэ жил дээр сумын Золбоо, Дамбарагчаа, Сүрэн нартай тааралдсан. Тэгээд бид нар нэг ширээнд сууж шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон ба шинэ жилийн арга хэмжээн дээр Эдин, Чингис гэх 0.75 граммтай 4-5 шил архи авч уусан. Ингээд бид нар нийлээд халамцуу гарч ирээд 10 дугаар хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед 00 цагийн орчим Дамбарагчаа, Сүрэн, Бат, Золбоо нарын хамт орсон. Ингээд караокед 1 шил 0.75 граммтай архи авсан. Архиа уугаад байж байгаад бид бүгд нилээн их согтсон ба бүгд харихаар болсон. Тэгтэл Бат намайг хамт гэртээ авч очно гээд явъя гээд байсан. Тэгэхээр нь би чи түрүүлээд гараад яв, би гэртээ харина гэхэд надад таксины мөнгө алга байна гээд байсан. Тэгэхээр нь би Сүрэнгээс 15 000 төгрөг таксинд өг гээд авсан. Тэгтэл Бат “би Сүрэнгээс мөнгө авахгүй” гээд над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би буцаагаад Сүрэнгээс авсан 15 000 төгрөгийг өгсөн. Тэгээд караоке өрөөнд байсан хүмүүс бүгд хамт хувцасаа өмсөөд гарч ирсан. Золбоо найз охинтойгоо уулзаад цаашаа алхаад явсан. Харин Сүрэн Бат бид гурав нөгөө тал руу нь алхсан. Тэгтэл Бат Сүрэн хоёр маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Бат Сүрэнгээс мөнгө авахгүй гээд уурлаад тэр хоёр хэрэлдээд барилцаад, заамдалцаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан. Тэгтэл дахиад хоорондоо барилцаад заамдалцаад авсан ба би дундуур нь ортол намайг тэр хоёр түлхээд газар унагаасан. Тэр хооронд Бат доош тонгойтол Сүрэн Батгийн нүүр рүү өшиглөсөн. Бат Сүрэн хоёр бие биенээ тэврээд газар унах үед Бат доор нь ороод унасан. Би очоод салгах гэхэд Сүрэн Батгийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Би очиж салгаад газраас босож ирээд Сүрэнг хорьж, Батгаас холдуулсан. Тэр үед Батгийн хамраас цус гараад, тэр хоёр хэрэлдээд байсан. Батг холдуулаад Сүрэнд яах гэж ингэж байгаа юм бэ, хэрэггүй байсан юм гээд гомдож уйлсан. Тэгтэл Сүрэн намайг аргадаад тэгээд би салаад явсан. Сүрэн бид нар уг нь нэг сумын найз нөхөд бөгөөд Бат бид хоёр уулзаагүй удсан байсан. Уг шинэ жилийн арга хэмжээн дээр тааралдаад уулзаад улмаар хамт үргэлжлүүлэн баярлаж байгаад ийм зүйл болсон юм. Бат Сүрэн нарын дунд ямар нэгэн өш хонзон, өр авлага байхгүй. Бид нар бүгд л адилхан архи уусан, ер нь бол бүгд л их хэмжээний согтолттой байсан гэжээ. (хэргийн 39-40 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 383 тоот дүгнэлтэд:

1. Э.Батгийн биед хамар яс, хянга болон зүүн хажуу хана зөрөөтэй хугаралтай, дух болон хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Сүрэн ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Сүрэн нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Батг зодож, эрүүл мэндэд нь хамар яс, хянга болон зүүн хажуу хана зөрөөтэй хугаралтай, дух болон хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Бат, гэрч Д.Золбоо Ч.Сосорбурам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 383 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Сүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Э.Бат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд “бид хоёр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Сүрэн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Сүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сүрэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Сүрэн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Бат хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН