Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02060

 

 

 

 

 

 

 

 

 

“А сургууль”

НҮТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/03223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

4,558,000 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сайнбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нийслэлийн ерөнхий боловсролын "А" сургуульд Х- нь 2019-2021 оны хичээлийн жил бүтэн, 2021-2022 оны хичээлийн жил хагас суралцсан. Сургуулийн зүгээс суралцагчийн эх Б-тай 2019 оны 08 дугаар сарын 01, 2020 оны 11 дүгээр сарын 06, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус сургалтын гэрээ байгуулсан.

Сургуулийн жилийн сургалтын төлбөр нь 4,900,000 төгрөг бөгөөд суралцагч Х- нь 2019-2020 онд 1,076,500 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 3,823,500 төгрөгийн төлбөр төлөх байснаас 2,455,000 төгрөг төлж, үлдэгдэл нь 1,368,500 төгрөг, 2020-2021 онд анхны элсэгчийн 10 хувь болон Ковидын 5 хувь нийт 710,500 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 4,189,500 төгрөг төлөх байснаас 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл нь 3,189,500 төгрөг, 2021-2022 онд анхны элсэгчийн 10 хувь эдэлж, хагас жилээр гэрээ хийсэн учраас 2,695,000 төгрөг хөнгөлөгдөж, 2,205,000 төгрөгийг төлсөн. Сургалтын төлбөрийн нийт үлдэгдэл 4,558,000 төгрөгийг төлөөгүй тул Б-гаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний хүү Х- нь 2019 оны 09 дүгээр сард 6 настай байхдаа А сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 3 жилийн хугацаанд суралцсан.

Тус сургууль нь сургалтын болон хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулаагүй. Тухайлбал, оюун ухааны хөгжлийн боловсролд хүүхэд бүрт шатрын боловсрол олгоно, багш нарын зохион байгуулж буй дугуйлан секц үнэ төлбөргүй, соробан сампингийн сургалт, шинжлэх ухааныг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ, гадаад хэлийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж танилцуулсан тул эдгээр нь миний хувьд тус сургуулийг сонгон хүүхдээ суралцуулах шалтгаан байсан. Гэтэл эдгээр хөтөлбөрүүд нь бүрэн хэрэгжээгүй, 1 дүгээр ангид англи хэл заагаагүй, сурах бичгээр хангаагүй.

Мөн  2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн цайны газар ашиглалтад ороогүйн улмаас үдийн цай хөтөлбөр хэрэгжээгүй.

2019-2022 оны хичээлийн жилүүдэд зарим хичээлийн багш нар солигдож байсан тул багш нарын арга зүй, ур чадварт эргэлзээ төрж, багш нарын баримт бичиг, туршлагын талаарх мэдээлэлтэй танилцах хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан боловч хариу өгөөгүй. Мөн сурах бичиг хүрэлцээгүйн улмаас дамжуулан хэрэглэдэг байсан.

2019-2020 онд хичээлийн жилд улс орон даяар ковид-19 өвчний цар тахал болж 5 сарын хугацаанд сургалт хүмүүжлийн үйлчилгээ авсан бөгөөд авсан хугацааны төлбөрийг төлсөн. Харин ковид-19 цар тахлын хязгаарлалтыг үед сургуулиас зөвшөөрсний дагуу ТВ хичээл үзэж, хүүхэд маань тус ангийн хөтөлбөрийг гүйцээсэн.

2020-2021 оны хичээлийн жилд сургуулиуд цахимаар хичээллэж эхэлсэн. Энэ үед тус сургууль Смарт платформ /Smart platform/ аппликейшнээр сургалтыг явуулж эхэлсэн боловч тус аппликейшн нь гацалт ихтэй, нөхөн үзэх боломжгүй, хүүхдэд маш их хичээлийн хоцрогдол бий болсон тул би 7 сарын хугацаанд бага ангийн багш хөлсөлж багшлуулсан. 

Ковид-19 өвчний цар тахлын халдвар өндөр үед тус сургуулийн ариун цэврийн өрөөнд 00-ийн цаас байхгүй, гарын саван байхгүй зэрэг хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулдаггүй байсан. Сургуулийн ойр орчимд явган хүний зам дээр машинууд байрласан байхад сургуулийн манаач, бусад ажилтнууд ямар нэгэн арга хэмжээ авдаггүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-гаас 4,558,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” НҮТББ-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 87,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.  Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2019-2020 оны хичээлийн жилд 5 сар хичээллэсэн ба 2020 оны 2 дугаар сараас эхлэн Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосон тул 2020 оны 2-5 дугаар саруудад хичээл танхимаар ороогүй. Х- нь сургуулийн цахим хичээлд хамрагдахгүй тухайгаа хэлж гэрээр телехичээл үзсэн.

Сургалтын төлбөр 4,900,000 төгрөг төлөхөөс шинэ элсэгчийн 10 хувийн хөнгөлөлт хасагдаж 4,410,000 төгрөг төлөхөөр болсон. Нэг сарын төлбөр 490,000 төгрөг буюу хичээлд хамрагдсан 5 сарын төлбөр 2,450,000 төгрөгийг төлсөн тул нэмж төлбөр төлөхгүй. 208/20 дугаартай гэрээний 2.1.7-д математикийн хичээл 7 цаг, англи хэлний хичээл 5 цаг оруулахаар тохиролцсон боловч англи хэлний хичээл ороогүй.

2019-2020 оны хичээлийн жилд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 7 сарын хугацаанд Смарт зүүм /Smart zoom/ аппликейшнээр хичээл орсон ч Х- нь сургуулиас явуулсан цахим хичээлд хамрагдаагүй тул 2 сарын төлбөр 980,000 төгрөг төлөх байснаас 1,000,000 төгрөгийг төлсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...суралцагч Х- нь сургуулиас зохион байгуулсан цахим хичээлд хамрагдаагүйд сургууль буруутай гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснээрээ хүүхдийн суралцах эрхэд ноцтой халдсан сургуулийн сургалтын чанарт хариуцлага хүлээлгэхгүй үлдээж байна. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна.

Мөн “...нэхэмжлэгч нь сургалтын гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэхдээ нэхэмжлэгч нь үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан үүргээ хэрэгжүүлээгүйг анхаараагүй.

Иймд Х- нь танхимаар хичээллэсэн сургалтын төлбөрийг бүрэн төлсөн тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Гэрээний харилцааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн аль хэсэг нь ямар шаардлага хангахгүй байгаа, шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А сургууль” НҮТББ нь хариуцагч Б-д холбогдуулан 4,558,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигч нь 2019 оны 08 дугаар сарын 01, 2020 оны 11 дүгээр сарын 06, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус сургалтын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь үндэсний цөм хөтөлбөрийг 30 хувиар баяжуулан сургалт, үйл ажиллагааг стандартын шаардлага эрүүл аюулгүй орчинд зохион байгуулж, суралцагч Х-д мэдлэг боловсрол олгох, хариуцагч  нь 1 жилийн сургалтын төлбөрт 4,900,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээний хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг харгалзан талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагч Б-гийн хүү Х- нь 2019-2020 оны хичээлийн жилээс 2021-2022 оны хичээлийн хагас жил хүртэлх хугацаанд А сургуульд суралцсан, сургалтын төлбөрт нийт 5,660,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

3.2. Хариуцагч нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ сургууль зөрчсөн, цахим хичээлд хамрагдаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч Б- нь дээрх татгалзлын үндэслэл болж буй нэхэмжлэгчийн үзүүлж буй ажил, үйлчилгээний зөрчил, дутагдлын талаар нэхэмжлэгч байгууллагад хандаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 25/20 дугаартай нууц хадгалах гэрээг байгуулж 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 30 хувийн хөнгөлөлт эдэлжээ.

2020-2021 оны хичээлийн жилийн зарим хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас сургалт цахимаар явагдсан ба сургалт явуулсан Смарт зүүм /Smart zoom/ аппликейшн гацалт ихтэй, нөхөн үзэх боломжгүй, хүүхдэд маш их хичээлийн хоцрогдол бий болгосон гэх хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй байна. Үүнээс гадна уг хугацаанд телехичээлд хамрагдсан хүүхдүүдийн сургалтын үнэлгээ хийгдэж байсан талаар телехичээлийг судлан даалгавар гүйцэтгэсэн тайлангууд, гэрч Т-гийн мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан ба анхан шатны шүүх “суралцагч Х- нь сургуулиас зохион байгуулсан цахим хичээлд хамрагдаагүйд сургууль буруутай гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилттэй холбоотой гомдлын шаардлага гаргаж байгаагүйгээс үзвэл, нэхэмжлэгчийн үзүүлж буй  ажил, үйлчилгээг хүлээн зөвшөөрч гэрээний харилцааг үргэлжлүүлсэн гэж дүгнэхээр байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээний үр дүнд суралцагч Х- нь тухай бүр анги дэвшин суралцсан байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөрийн үлдэгдэл 1,368,500 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөрийн үлдэгдэл 3,189,500 төгрөг, нийт 4,558,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.

4. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч байгууллагын оноосон нэрийг алдаатай бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцнэ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/03223 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “А НҮТББ” гэснийг “А сургууль НҮТББ” гэж,

2 дахь заалтын “7.1.2” гэснийг “7.1.1”, “56.2” гэснийг “56.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

                                 ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                     Т.БАДРАХ