Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

   2019           3             06                                      199

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч: С.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нямд холбогдох эрүүгийн 1905 0084 40246 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, Херо пикчерс” компанид оператор, туслах найруулагч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, 1-8 насны 3 хүүхдийн оршин суух, ял шийтгэлгүй, Ням.

 

Шүүгдэгч С.Ням нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 06 тоотод Д.Насанг гэртээ байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хүүхэддээ хоол хийж өгч чадахгүй” гэж маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Ням мэдүүлэхдээ:

Хохирогч бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би үнэхээр арчаагүй зан гаргасан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг эмнэлэгт үзүүлж, хохирогч сайн дурын үндсэн дээр надтай эвлэрсэн. Прокурортой 500 000 төгрөгийн торгуулийн ял тохиролцсон гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Насан мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 09:30 цагийн орчим нөхөр Нямг “хүүхдүүддээ хоол хийгээд өгчих, миний бие өвдөөд байна” гэж хэлээд ажилдаа ч явж чадаагүй байсан. Тэгсэн нөхөр “би чадахгүй” гэж хэлсэн. Би ажилд орчихоод 3 хоног дадлага хийх хугацаандаа очих ёстой байсан болохоор яараад тэгж хэлсэн. Тэгээд нөхөр “гэр бүлдээ анхаарал тавьдаггүй” гэж хэлээд хэрүүл маргаан болсон. Нөхөр Ням “пизда минь би чамаас сална” гээд зүүн талын чих рүү нэг удаа алгадаж, үснээс зулгааж, толгой дарж цохиход нь газар унасан чинь баруун гараараа хоолой боогоод “алчихна шүү” гэж хэлж байхад нь миний ухаан балартсан. Тэгээд босч ирээд цагдаа дуудсан. Нөхөр Ням намайг элдвээр хэлж доромжилсон. Урд нь намайг байнга зодож, цохиж байсан. Энэ бүгдийг би тухай бүр нь цагдаад мэдэгдэж байгаагүй. Мэдэгдэж байсан ч “цагдаад битгий өгөөч” гэж байсан. Миний баруун гуяны хойд хэсэгт хөлөөрөө өшиглүүлснээс хөхрүүлж, зүүн хөлний хойд хэсэгт хөхөрсөн, мөн баруун талын духны хэсэгт хавдсан, зүүн чих ямар нэгэн чимээ сонсогдохгүй, чих дүнгэнээд байна.

...эхнэр нөхрийн хамааралтай бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамт амьдраад 9 жил болж байна. Бид урд орой нь маргалдчихсан байсан. Тэгээд өглөө нь босоод дахиж маргалдсан. Нүүр рүү нэг удаа алгадсан, дараа нь хөлний гуя хэсэг рүү өшиглөсөн, дарж шалан дээр унагаасан, намайг өшиглөхөд би хана мөргөж унасан. 2015 онд бид хоёр маргалдаад тэгээд намайг түлхэж унагаагаад нуруунд гэмтэл учруулж байсан. Тэгээд би цагдаагаас өргөдлөө буцааж авч байсан. Өөр зодож цохисон асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 7-8, 15-16 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1907 тоот дүгнэлтэд:

1. Д.Насангийн биед тархи доргилт, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн эгэмд зулгаралт, духны баруун дээд хэсэг, зүүн гуяны гадна дээд 1/3 хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Ням ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Ням нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 06 тоот гэртээ хохирогч Д.Насанг “гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, хүүхэддээ хоол хийж өгч чадахгүй” гэсан шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн эгэмд зулгаралт, духны баруун дээд хэсэг, зүүн гуяны гадна дээд 1/3 хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Насан, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1907 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд С.Нямг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Нямг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Нямг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Ням нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ням цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Нямд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН