Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын 2 дугаар баг, 5-р хэсэгт оршин суух, 1960 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Боржигин овогт Бариаширын Буяннэмэх /РД: МБ60010505/-ийн нэхэмжлэлтэй

 Хэлмэгдэгч Х.Лувсанд хэлмэгдлийн нөхөх олговор 1000000 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Буяннэмэх, төрийг төлөөлж Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хандын Лувсан гээд манай ээжийн төрсөн ах байсан юм. Миний ээжийг Хандын Дагва гэдэг. Ээж маань эхээс хоёулханаа байсан, амьд сэрүүндээ ахынхаа тухай лам хүн байгаад хэлмэгдсэн гэж их ярьж, уйлдаг байж билээ. Уг нь цагаатгалын номонд нэр нь гарсан. Би өмнө нь хөөцөлдөх гэсэн ч бие өвдөөд явж чадаагүй. Тэгээд энэ намраас л хөөцөлдөж эхэлсэн, надаас өөр хөөцөлдөх хүн байхгүй би өөрөө эхээс ганцаараа өөр төрсөн талын хамаатан садан байхгүй,Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул хүмүүс 5 үеэрээ энэ нутагт  мал маллан амьдарч байгаа,Би Баруунхараа САА-д малчин байгаад дараа нь хувиараа мал маллан амьдарч байна. Миний нагац ах Лувсан нь 1938 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баривчлагдан онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн ба хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн комиссийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар магадлалаар цагаатгагдсан.Тус шүүхээр садан төрлийн холбоотойг тогтоолгож сонинд зарлуулсан.Иймээс миний нагац ах Лувсанг хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговор 1000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Прүкурор Э.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу төрийг төлөөлж иргэний шүүх хуралдаанд оролцож байна. Бариашир овогтой Буяннэмэх нь шүүхэд, миний нагац ах Х.Лувсан нь 1938 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баривчлагдан Монгол улсын онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43/47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн ба комиссын дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 123 тоот магадлалаар Х.Лувсанд холбогдох хэргийг цагаатгасан. Иймээс миний нагац ах Х.Лувсангийн нөхөн олговрын 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу холбогдох хэргийн материалтай танилцахад Бариашир овогтой Буяннэмэхийг Ханд овогтой Лувсангийн зээ дүү болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дах Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 48 тоот шүүхийн шийдвэрээр нотлогддог. Ханд овогтой Лувсан нь 1938 онд Монгол улсын бүрэн эрхт комиссын 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43/47 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн байна. Үүнийг Улсын дээд шүүхээс сэргээн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 123 дугаар тоот магадлалаар Х.Лувсанд холбогдох хэргийг цагаатгасан нь хавтаст хэрэгт өгөгдсөн нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, өвлөх  эрхийн гэрчилгээ, цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс хүсэлт гаргагч Б.Буяннэмэхэд түүний нагац ах Ханд овогтой Лувсанг улсын хилс хэрэгт холбогдсон нөхөн олговор 1.000.000 төгрөгийг Улс төрийн хэлмэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төрийн сангаас түүнд олгуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

            Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Буяннэмэх нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч нагац ах Х.Лувсангийн хэлмэгдлийн нөхөх олговор 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/55 дугаартай архивын лавлагаанд Хандын Лувсан нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 8 дугаар багийн харьяат, нас 59 /1938 оны байдлаар/. Ард, Халх, ам тодорхойгүй. Хөрөнгө адуу 2, үхэр 20, гэр 1, Амарын хийдэд шавилан сууж байсан. Гавж, мяндагтай, гүрэмч Малын ажлаар амьдардаг, сургууль цэрэгт яваагүй, урьд ял шийтгэл хүлээж яваагүй. Х.Лувсаныг 1938 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баривчилсан. Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны Бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хүсэлт гаргагч Б.Буянэмэх нь хэлмэгдэгч Х.Лувсангийн нагац дүү нь буюу садан төрлийн холбоотой болох нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ¹ 48 дугаар шийдвэрээр тогтоогдож Зууны мэдээ сонины 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ¹ 65/5251/ дугаарт албан ёсоор зарласнаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Б.Буяннэмэх нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Х.Лувсанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг цагаатгасан 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ¹ 17116 дугаартай үнэмлэхийг Монгол Улсын Дээд шүүхээс олгожээ.

Хандын Лувсан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баривчилсан. Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны Бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ¹123  дугаар тогтоолоор 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Х.Лувсанд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар Шийдвэрээр “хүсэлт гаргагч  Боржигин овогт Бариаширын Буяннэмэхийг хэлмэгдэгч Ханд овогтой Лувсантай садан төрлийн холбоотой /зээ дүү/ мөн болохыг тогтоож, энэ шийдвэрийг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговорын нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-ийн в-д зааснаар Х.Лувсанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж хуулиар тооцох бөгөөд түүнд олгох нөхөх олговрын хэмжээ нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар 1000000 /нэг сая/ төгрөг байна.

Иймд хэлмэгдэгч Х.Лувсангийн хэлмэгдлийн нөхөх олговор 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах Б.Буяннэмэхийн хүсэлтийг хангаж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төрийн сангаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн  Баянгол сум дахь төрийн сангийн данснаас 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргаж, хүсэлт гаргагч  Боржигин овогт Бариаширын Буяннэмэхэд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар хэлмэгдлийн нөхөх олговор авах тухай Б.Буяннэмэхийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.АЛТАНЦЭЦЭГ