Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01990

 

 

 

 

 2023 11 15 210/МА2023/01990

 

 

А.... ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02538 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.У...д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,005,102,067 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 197,421,015 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчоос гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., Л.Б., нэхэмжл.эгчийн өмгөөлөгч Ж.О.., хариуцагчийн өмгөөлөгч И.Э.. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С.. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Зээлдэгч Д.У. нь тус ..банк бус санхүүгийн байгууллагаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ04102019 тоот зээлийн гэрээ, №04102019 тоот барьцааны гэрээ байгуулан 450,000,000 төгрөгийг 1 сарын 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон.

 

1.2. Уг зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр хороолол ., 87а б..айр, 0 тоотод орших 4,096 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаалсан.

 

1.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зээлийг төлөх хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зээл төлөх дарааллыг заасан.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар Д.У... нь зээл 450,000,000 төгрөг, хүү 378,501,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,132,000 төгрөг, нийт 843,633,067 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

 

1.4. Зээлдэгч зээлийн төлөлт хийхгүй, зээлийг ашигласаар байсан тул шүүхэд анх нэхэмжлэл өгсөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 191 хоногоор тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа 89,388,000 төгрөгөөр ихэсгэж, хариуцагчаас нийт 933,030,067 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

1.5. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 154 хоногийн зээлийн хүү 60,060,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,012,000 төгрөг, нийт 72,072,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн.

 

Иймд хариуцагч Д.У...аас зээлийн үлдэгдэл 450,000,000 төгрөг, зээлийн хүү 513,051,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,042,000 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 1,005,102,067 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.6. Д.У... уг байрыг барьцаанд тавихдаа 12 давхар байшин барьж бүхэлд нь барьцаалж байна гэсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч нартай нийлж барьцаанд байсан ... байрны ... давхарт давхардуулж гэрчилгээ олгосон, хэд, хэдэн байрыг бусдад зарсан асуудал үүссэн.

 

Улсын бүртгэлийн газраас 9 сууцан дээр хууль бусаар гэрчилгээ олгосон тул шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн. Д.У... Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

 

Д.У...ийн хүсэлтийн дагуу манай байгууллагаас №ЗГ04042019 тоот зээлийн гэрээний төлөлттэй холбоотой 38 дугаар байрыг барьцаанаас чөлөөлөх бичиг өгсөн. Тэгэхээр дээрх байрнуудыг барьцаанаас хасахыг нь зөвшөөрч байна.

 

1.7. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ04102019 зээлийн гэрээтэй холбоотой, барьцаанд таарах орон сууц нь байгаа учраас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. А... ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 09-ний зээлийн гэрээ байгуулан 450,000,000 төгрөгийг 1 сарын 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол,... байранд ... м.кв талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан.

 

2.2. Зээлдүүлэгч уг 450,000,000 төгрөгийг нэг удаагийн олголтоор зээлдэгчид олгоогүй. Тодруулбал, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 350,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 62,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 32,000,000 төгрөгийг олгож, нийт 450,000,000 төгрөг болсон.

 

Улмаар зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаанд үндсэн зээл 450,000,000 төгрөг, үндсэн хүү 210,600,000 төгрөг, нийт 660,600,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан.

 

2.3. Д.У... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөгийг А... ХХК-д төлсөн. Мөн А... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н...ийн Хаан банкны 5753... тоот хувийн дансанд 25 удаагийн гүйлгээгээр 462,108,750 төгрөгийг шилжүүлснээр нийт 962,108,750 төгрөг төлсөн.

 

Зээлийн гэрээний хүү тогтоосон 18 сарын хугацаа дууссан учраас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу А... ХХК нь Д.У...ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 500,000,000 төгрөгийг үндсэн үүргээс хасаж тооцох ёстой. Д.У... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 90,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 41,000,000 төгрөг төлснөөр үндсэн зээл, хүү дууссан.

 

2.4. А... ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 42,000,000 төгрөг, 18,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 42,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг Д.У...аас авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн.

 

Д.У... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөг төлж эхлэхдээ бүгдийг нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний төлбөрт төлсөөр ирсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас уг баримтууд дээр 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний мөнгө гэж нэмж бичиж, нотлох баримтыг өөрт ашигтайгаар эргүүлэн баримтад засвар хийж, уг баримтыг үнэлэх боломжгүй болгосон.

 

 

2.5. Хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний баримтыг гаргуулахаар шийдсэн ч нэхэмжлэгч тал баримтаа ирүүлээгүй, программаас нь ч гараагүй.

 

А... ХХК 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөнгийг бодитоор олгоогүй. Д.У...ийн авсан өмнөх зээлүүдийг хаасан. Нэхэмжлэгч талын санхүүгийн анхан шатны баримт алга болсон ч жилийн эцсийн тайлангаасаа гаргаад өгөх боломжтой. Баримтаа гаргаж өгөөгүй нь зээлийг бодитоор олгоогүй гэх үндэслэл болж байна.

 

Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд Д.У....ийн төлбөр төлсөн баримтыг аль зээлд хамааруулах талаар анхаарч үзнэ үү. Д.У... өөрийн данснаас А... ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Н...ийн Хаан банкны данс руу 11 удаагийн шилжүүлэг хийсэн. А... ХХК-аас Д.У...д гүйлгээний утгыг юу гэж шилжүүлэх талаар заасан. Хэн ч зээл төлж байж барилгын материалын төлбөр гэж хийхгүй.

 

Зээлийн мэдээллийн санд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн баримт байхгүй гэж нотлох гэж оролдсон боловч чадсангүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан учраас 2021 оны 04 дүгээр сард төлсөн 500,000,000 төгрөгөөс үндсэн зээлийн 450,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 50,000,000 төгрөгийг хуримтлагдсан 282,000,000 төгрөгийн хүүгээс хасаж, үлдэх 10 удаагийн төлөлтийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцож барагдуулсан гэж үзэж байна. Ямар нэг төлбөр тооцоо байхгүй. Талууд зээлийн барьцааны зүйл, хэмжээ нь дээр маргаагүй.

 

2.6. Барьцааны байрыг 4,096 м.кв гэж анхны гэрчилгээгээр нь барьцаалсан. Зоорийн давхраас 8 давхар хүртэл м.кв нь яг таарна. Харин 2,256 м.кв нь 8-12 давхар. Энэ хэмжээгээр барьцаалагдаагүй.

 

Шүүх 4,096 м.кв-аас дээш гарсан хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Барьцаанд байхгүй зүйлсийг манай барьцаа гэж байгаа нь огт үндэслэлгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын бүртгэлтэй холбоотой маргаан байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.       Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

3.1. Д.У...ийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ04102019 тоот зээлийг Монгол банкнаас баталсан зээлийн эргэн төлөлтийг тооцох аргачлал болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан зохицуулалтыг үндэслэн тооцоход А... ХХК-д 197,421,015 төгрөгийг илүү төлсөн байна.

 

3.2. Д.У...ийн А... ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр авсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан. Энэ хугацаанд Д.У... зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн нөхцөл байдал хүндэрч эхэлсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн эхний төлөлт 500,000,000 төгрөгийг төлсөн.

 

Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу хүнд нөхцөлтэй буюу гэрээний хугацаа дуусахад биелэгдээгүй үлдсэн өр болох үндсэн зээл 450,000,000 төгрөгийг тэргүүн ээлжинд төлөх ёстой тул 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 500,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үлдэгдлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасах зарчмаар бодоход Д.У... нь 197,421,015 төгрөгийг илүү төлсөн байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар Алаг уул ган ББСБ ХХК-аас 197,421,015 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Мөн зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

4.       Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

 

4.1. А... ХХК, Д.Урантуяа нар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 450,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 450,000,000 төгрөгийн хоёр зээлийн гэрээ байгуулсан.

Хариуцагч Д.У... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагаас 450,000,000 төгрөгийн зээл аваад 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хаасан. ЗГ04042019 тоот зээлийн гэрээний төлөлтүүдийг одоо шүүх дээр хянагдаж буй ЗГ04102019 тоот зээлийн гэрээний төлөлт мэтээр тайлбарлаж, илүү төлсөн гэж нэхэмжилж байна.

 

Бид өөрсдийн Эрхэт систем, санхүүгийн программаар тооцоолол хийгээд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний төлөлтийг тус, тусад нь гаргасан байгаа.

 

4.2. Хариуцагч талаас Ковидын үед хүү төлөлтийг зогсоосон гэж тайлбарлаж байна. Хүсэлт өгсөн хүмүүсийн 7 дугаар сард төлөх төлөлтийг хойшлуулж байсан. Д.У...аас зээлийн төлөлтөө хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй.

 

Б.Н...гийн дансаар зээлээ төлсөн нь үнэн. Гэрээнд зээлийн төлөлтийг бэлнээр төлбөр төлөх зохицуулалт орсон боловч Д.У... байнга ирэх хэцүү байна гээд зээлийн төлөлтүүдээ дансаар шилжүүлээд кассын бичилт хийгээд хоёр талаасаа тооцоо нийлээд явахаар болсон.

 

4.3. Д.У... орон сууцаа барьцаанд тавихдаа тухайн нутаг дэвсгэрт байгаа 87а байрны 0 тоот гээд орон сууц, үйлчилгээний барилгыг бүхлээр нь барьцаалсан. Гэтэл 8-12 давхар дээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ давхар хууль бусаар гарсан гэж түдгэлзүүлсэн.

 

Захиргааны хэргийн шүүхээс тодорхой хэмжээнд ажиллагаа явагдсаны дараа барьцааны хөрөнгөөс хасагдах зүйлийг хасаад явах байх. Ковидын үеэс өмнө энэ байрыг улсын комисс ашиглалтад авсан байсан.

 

Хариуцагч Д.У... 197,421,015 төгрөг илүү төлснөө мэдээгүй байх боломжгүй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусгаагүй учраас барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У...гаас 699,584,535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 305,517,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул А... ХХК-аас 197,421,015 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай Д.У...ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У... нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол,... байрны, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,569,560 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,215,255 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,726,073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

6.       Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

6.1. Зээлийн төлбөрөөс 130,000,000 төгрөг хасаж тооцсон тухайд

 

Шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар Д.У...ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд төлсөн 130,000,000 төгрөгийг үндсэн үүрэг 450,000,000 төгрөгөөс хасаж зээлийн төлбөрт 320,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн.

 

Анхан шатны шүүх "Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 450,000,000 төгрөг, зээлийн хүү 214,285,057 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь зээл төлөх хуваарь, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна" гэж дүгнэж, 130,000,000 төгрөгийг хэрхэн хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Талуудын гэрээний 2.4 дэх хэсэгт "Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй", 3.1 дэх хэсэгт "Зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн төлбөрийг хийлгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ" гэж заасан.

 

Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байх тул хариуцагчийн төлсөн 130,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

6.2. Нэмэгдүүлсэн хүү 42,042,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд.

 

Шүүхийн шийдвэрт "Талуудын гэрээний 2.3-т "Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө" гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцээгүй гэж нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 42,042,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд огт маргаагүй.

 

Талуудын зарчмаар харгалзан үзэхгүй, шүүх өөрийн санаачилгаар талуудын маргаагүй зүйл дээр дүгнэлт хийсэн.

 

Шүүхээс гэрээний зүйл заалтыг хуульд нийцэхгүй байна гэж үзсэн нөхцөлд ямар хууль тогтоомжийг үндэслэл болгон 42,042,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байгааг тодорхой зааж өгөөгүй.

 

Хэргийн 9-10 талд зээлийн гэрээнүүдийн 2.3 дах хэсэгт "Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө" гэж заасан байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс техникийн алдаа болохыг зөвшөөрнө.

 

Техникийн алдаа болохыг бататгахын зэрэгцээ хамгийн чухал нь бидний зүгээс тооцооллоо хийхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 4522 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа.

 

Нэхэмжлэлээс 42,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

6.3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй тухайд.

 

Шүүхийн шийдвэрт "...нэхэмжлэгч "А..." ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул шүүх 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэв" гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр хязгаарлаж буй хүлээн зөвшөөрөхгүй.

 

Учир нь: Манайх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлага нийт 843,633,067 төгрөг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг 89,388,000 төгрөгөөр, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг 72,072,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 1,005,102,067 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч рхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байхад шүүхээс ямар хууль зүйн үндэслэлээр 72,072,000 төгрөгт холбогдох ихэсгэсэн шаардлыг хасаж гэрээний шаардах эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр хязгаарлаж байгааг хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.       Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Техникийн шинжтэй асуудлын хувьд гэрээнд юу гэж тусгасан шүүх тэгж шийдэх ёстой.

7.2. 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2023 оны 04 сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж аваагүй буюу нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж шүүгч өөрөө тайлбарлаад шүүгчийн захирамж гарсан. Нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлыг өнөөдөр шийдэх боломжгүй гэжээ.

 

8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

8.1. Шүүхийн шийдвэрт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 450,000,000 төгрөгийн зээл олгов гэх Д.Урантуяагийн гарын үсэг зурж хүлээж авсан кассын орлогын баримтаар 450,000,000 төгрөгийг Д.У....д олгосон гэж дүгнэжээ.

 

Д.У... тус зээлийг бодитоор аваагүй, өмнөх зээлийн үлдэгдлүүдийг нийлүүлээд 450,000,000 төгрөгийг зээлсэн мэт бичиж баримт үйлдэж өгсөн талаар шүүхэд тайлбарладаг.

 

Шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээл олгосон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 392,096,333 төгрөгийн зээл төлсөн баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй.

 

Хэрэв энэ зээлийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон гэж шүүхээс дүгнэж байгаа бол, зээлийг буцаан төлөх өдөр нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгаа, мөн энэ өдөр зээлээ төлөхдөө баримт дээрээ хүү, нэмэгдүүлсэн хүү гэж бичээд 392,096,333 төгрөгийн зээл төлөөд байгаад ач холбогдол өгөөгүй.

 

Хэрэв тухайн зээл олгогдсон гэж үзэж байгаа бол зээлд төлсөн 392,096,333 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой учир нь 392,096,333 төгрөгийн зээлийг бүгдийг нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл болохгүй юм.

 

Гэтэл шүүхээс зээлдэгч Д.У...ийн дээрх зээлийг төлсөн баримтыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцсон. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн төлөлтийг хэрхэн хуваарилсныг зээлдүүлэгчээс тодруулах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн буцаад 450,000,000 төгрөгөөс 392,096,333 төгрөгийн төлсөн үлдэгдэл нь 56,553,667 төгрөг үлдэж байхад үүний талаар ямар нэгэн тодорхой тайлбар хийж дүгнээгүй байна.

 

8.2. Зээлийн тооцоог нотлох баримтыг үндэслэж гаргаагүй тухайд.

 

Шүүх Д.У....ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дуагаар сарын 28-ны өдрийн хооронд төлсөн 961,054,375 төгрөгийн 831,054,375 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ04042019 гэрээний үүрэгт төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

Д.У...ийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн төлбөрт данс болон кассын баримтаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 961,054,375 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

 

Гэтэл шүүхээс дээрх зээлийн баримтуудаас зөвхөн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20,406,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,560,000 төгрөг тус тус төлсөн баримтуудыг үнэлээд зээл 450,000,000 төгрөг, хүү 378,501,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,132,000 төгрөг, нийт 843.633.067 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн төлбөрт төлсөн гэжээ.

 

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээл төлсөн 392,096,333 төгрөгийн баримтыг яагаад үнэлэхгүй зээлийн төлбөрөөс хасахгүй, нотлох баримтыг үнэлэхгүй байгаа талаараа тодорхой тайлбарыг хийгээгүй.

 

Мөн Д.У...ийн 960,054,375 төлсөн зээлийн төлбөрөөс яагаад зөвхөн энэ өдрүүдэд төлсөн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20,406,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,560,000 төгрөг, нийт 69,966,000 төгрөгийг зээл, хүү нэмэгдүүлсэн хүүгээс яаж тооцсон талаар тодорхойгүй.

 

Хэрэв дээрх зээл төлсөн 960,054,375 643,633,067 гэж үзвэл илүү 116,421,308 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үлдсэн 392,096,333 төгрөг, нийт 508.517.641 төгрөгийн зээл төлсөн баримтыг хэрхэн яаж тооцсон талаар тайлбар хийгээгүй зэргээс харахад нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаагүй.

 

Хариуцагч Д.У...ийн хувьд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 450,000,000 төгрөгийн зээлээс 392,096,333 төгрөгийн зээл төлсөн баримтаас харахад үлдэгдэл 56,553,667 төгрөг байна. Харин 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 450,000,000 төгрөгийн зээлээс нийт сөрөг нэхэмжлэлийн дагуу хүснэгтээр харуулсан тайлбараар илүү 197,421,015 төгрөгийн авлагатай. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс хангасан дүн болох 699,584,535 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

9.1. Хариуцагч Д.У... болон түүний өмгөөлөгч нар нь ЗГО4102019 тоот зээлийн гэрээг өмнө нь аваад хаасан зээл болох ЗГО4042019 тоот зээлийн төлөлттэй санаатайгаар хольж хутган шүүхэд буруу тайлбарласан.

 

Хариуцагч бодитоор аваагүй зээлдээ зээлийн үйлчилгээний шимтгэл болгож 1,340,000 төгрөгийг төлөхгүй. Мөн зээлийн кассын баримтууд дээр гарын үсгээ зурахгүй байсан.

 

Мөн манай байгууллага Д.Урантуяа нь 3Г04042019 тоот зээлийн гэрээний төлөлтөд нийт 831,054,375 төгрөг төлж хаасан, одоо шүүхэд маргаан үүсэж хянагдаж буй зээл болох ЗГ04102019 тоот зээлийн гэрээний төлөлтөд 130,000,000 төгрөг төлсөн тухай холбогдох материалуудыг бүгдийг нь шүүхэд хүргүүлсэн.

 

9.2. Манайх харилцагчтай зөвшилцөн тухайн сарын сүүлийн өдөр гэрээний эхний төлөлтийг зээлийн графикт тусгаж өгсөн. Түүнээс биш өмгөөлөгчдийн яриад байгаа шиг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр авсан зээлийн эхний төлөлт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэж огт гэрээнд байхгүй.

 

9.3. Хариуцагч хоёр зээлийн гэрээнд нийт 960,054,375 төгрөг биш 961,054,375 төгрөгийн эргэн төлөлт хийсэн.

 

Дээрх төлөлтүүд хоёр зээлд яаж хуваагдаж орсон. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дэлгэрэнгүй тооцооллыг манайх цаг тухай бүрд нь гаргаж өгдөг байсан. Харин хариуцагч талаас үндэслэл бүхий тооцоолол байхгүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдолд төлөлт хийгдсэн нийт дүн, он сар зэрэг нь хэрэгт авагдсан материал болон шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрт 130,000,000 төгрөгийг бүхлээр нь үндсэн зээлээс хасаж шийдвэрлэсэн өмгөөлөгчид шийдвэрээ ч ойлгоогүй гэж үзэхээр байна.

 

Шүүгч зээл олгосон баримт, зээлийн үйлчилгээний шимтгэл төлсөн баримт, зээлийн эргэн төлөлтүүд дээрх Д.У...ийн гарын үсэг зэрэг хөдөлшгүй нотлох баримтууд дээр үндэслэн дүгнэлт хийсэн. ЗГ04102019 тоот зээлийн гэрээтэй холбоотой шийдвэрт манай байгууллага тусдаа гомдол гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

2. Нэхэмжлэгч А... ХХК нь хариуцагч Д.У...д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ04102019 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 450,000,000 төгрөг, хүү 513,051,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,042,000 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 1,005,102,067 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болгосон, нийт 961,054,375 төгрөгийг төлсөн, 197,421,015 төгрөгийг илүү төлсөн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн 197,421,015 төгрөгийг буцаан гаргуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлнэ гэж сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ. /1-р хх 1-3, 37-39, 140, 144-147/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Зохигч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ04102019 тоот зээлийн гэрээ байгуулж, А... ХХК нь 450,000,000 төгрөгийг, 552 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, Д.Урантуяа нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх. 9-10/

3.б. Мөн талууд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04102019 тоот барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2204096052 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... байрны 0 тоот хаягт байршилтай, 4096 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар харилцан тохиролцсон. /1-р хх. 12-13/

3.в. Түүнчлэн зохигч 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ04042019 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 450,000,000 төгрөгийг, 540 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргийг хүлээсэн, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /2-р хх 50-52, 54-57/

Талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

3.г. А... ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 450,000,000 төгрөгийг тус тус зээлдэгчид шилжүүлэн өгч, үүргээ биелүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан. /1-р хх. 186-187, 193, 196, 202-208/

3.д. Хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш А... ХХК болон гүйцэтгэх захирал Б.Н...гийн дансанд зээлийн гэрээний үүрэгт нийт 961,054,375 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, хэрэгт энэ тухай баримт авагдсан. /1-р хх 1-3, 37, 61-63, 109-123, 144-147/

3.е. Зээлдэгч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үүргээ бүрэн биелүүлж дуусаагүй, гэрээний үүргийн зөрчил гаргасанд маргаагүй.

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь ... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 450,000,000 төгрөгийн зээлийг бодитоор аваагүй, авсан гэж үзвэл тухайн өдрөө 392,096,333 төгрөгийг буцаан төлсөн. Нэхэмжлэгч дээрхи 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нийт 962,108,750 төгрөг төлсөн, үүнээс тооцоход 197,421,015 төгрөгийг илүү төлөлт хийсэн гэж маргасан.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээнүүд хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.а. Зохигчийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд 2 өөр зээлийн гэрээ байгуулагдсан, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн 961,054,375 төгрөгөөс 831,054,375 төгрөгийг нь хасаж тооцсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

5.б. Анхан шатны шүүх хариуцагч Д.У...ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд төлсөн 961,054,375 төгрөгөөс 831,054,375 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцож, уг гэрээний үүргийг дуусгавар болгож, үлдэх 130,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргээс хасаж тооцсон нь үндэслэлтэй. Учир нь хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 450,000,000 төгрөгийн зээлийг бодитоор аваагүй гэх боловч зээлийг бэлнээр олгосон кассын баримтыг няцааж чадаагүй, мөн авсан өдрөө 392,096,333 төгрөгийг өмнөх зээлдээ буцаан төлж зээл хаасан үйл баримт тогтоогдсон.

Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр олгодог ажил хэргийн тогтсон харилцаатай болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

6. Харин анхан шатны шүүх хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 699,584,535 төгрөгийг гаргуулж, 305,517,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хүүгийн тооцооллыг буруу хийсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

6.а. Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардсан ба зээлийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 552 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2,6 хувийн хүүтэйгээр байгуулсан. Дээрхи 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 450,000,000 төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн болох нь баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хүүг тооцохдоо 320,000,000 төгрөгөөс тооцсон нь алдаатай байна. Учир нь энэ хүртэлх хугацааны хүүг зээл 450,000,000 төгрөгөөс тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 450,000,000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд гэрээгээр тохиролцсон сарын 2,6 хувийн хүүг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тооцоход хүү 351,000,000 төгрөг, дээрхи 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш үлдсэн зээлийн үлдэгдэл 320,000,000 төгрөгөөс хүүг тооцож, Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцоход 58,240,000 төгрөг болно. Иймд нийт 729,240,000 төгрөгийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Нэхэмжлэгч А... ХХК нь хариуцагч Д.У...аас зээл 320,000,000 төгрөг, хүү 409,240,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

7. Талуудын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн заалтыг Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан агуулагатай нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

7.а. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хуулийн хүчин төгөлдөр захирамж хэрэгт авагдсан, уг захирамжид гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэх боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй./хх/

7.б. Зохигч өмнө нь зээлийн гэрээний харилцаатай байсан, төлбөрийг бэлнээр төлдөг, зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн авдаг байсан талаар хэн аль нь тайлбар гаргадаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээл авч тухай өдрөө зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 392,096,333 төгрөгийг буцаан төлсөн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчийн гаргасан өмнөх зээлээ хаасан талаархи тайлбар үндэслэл бүхий байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7.в. Талууд хэд хэдэн удаагийн зээлийн гэрээний харилцаатай байсан тул гэрээний бус үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02538 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 699,584,535 төгрөгийг гэснийг 729,240,000 төгрөгийг гэж, 305,517,532 төгрөгт гэснийг 275,862,067 төгрөгт гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын 3,726,073 төгрөгийг гэснийг 3,804,150 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,655,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,685,540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД