Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

   2019           3            05                                    188

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

хохирогч: Х.Ням,

шүүгдэгч: С.Баттөмөр, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/,

шинжээч: Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баттөмөрт холбогдох эрүүгийн 1805 0645 60048 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Барс” худалдааны төвд ачигч ажилтай, сард 400 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, ээж, аав, дүү, эхнэрийн хамт оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баттөмөр.

 

Шүүгдэгч С.Баттөмөр нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны оройн 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автомашин буруу байрлуулсан” гэх асуудлаас болж үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Х.Нямг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Баттөмөр мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 22-ны оройн 18 цагийн үед “Барс” худалдааны төвийн зогсоолд машинаа тавиад, эхнэрээ авах гээд 30 минут болсон. Намайг гарч ирэхэд Ням цаана, машины хаалган дээрээ зогсож байгаад надтай хэрүүл хийгээд маргалдаж байгаад миний хажууд ирсэн. Би машиндаа гар утасаа оруулж тавих гэж байхад тэр намайг машинд оруулж суулгахгүй, хөл болон цээжин хэсгийг хаалгаар хавчаад байсан. Тэгээд би гар утасаа машинд тавиад Нямг түлхчихээд эргээд хойшоо болсон чинь Ням ирээд заамдаж аваад маргалдаад байж байхдаа миний хамар руу цохихоор нь түүнтэй зууралдаад салах гэж оролдсон боловч салж чадахгүй байхаар нь би Нямгийн дээр өвдөглөж байгаад салсан. Би тэр үед санаатайгаар өвдөглөөгүй, өвдгөөрөө дарж байгаад гарыг нь тавиулъя гэж бодсон. Намайг өвдөглөх үед Ням “нүд юм харахгүй болчихлоо” гээд орилсон. Би тухайн үед Нямг өргөөд босгосон чинь намайг дахиад цохисон. Би тэр өдөр аавынхаа машиныг түр унаад явж байсан, мөн дээр нь хоёр эгнээ зогсоол байсан болохоор утасныхаа дугаарыг үлдээгээгүй юм. Би хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надтай ноцолдож байхдаа гэмтэл авсан байх. Би хохирогчийн эмчилгээ хийлгэсэн бодит хохирлыг төлнө. Цалингаа аваад хохирол төлбөрийг төлөх боломжтой. Би буруу үйлдэл хийсэн. Би хохирогчид гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед болсон үйл явдал надаас эхлээгүй намайг эхлээд хохирогч цохисон. Би хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Х.Ням мэдүүлэхдээ:

Намайг Баттөмөр өвдөглөөгүй, хамт зууралдаад намайг заамдаж байгаад заамдсан чигээрээ хамт унасан. Би энэ хүнээс салах гэж оролдоод зүүн тийш эргэсэн чинь миний толгой руу 2 удаа өшиглөсөн. Би “миний нүд юу ч харахаа больчихлоо та нар яаж байгаа юм бэ” гэсэн чинь Баттөмөр нүүрний баруун талын хэсэг рүү дахин 2 удаа өшиглөсөн. Тухайн үед эхнэр нь гэмээр нэг хүн “юун сүртэй юм бэ” гэж хэлсэн. Манай хоёр эгч салгасан. Энэ хүн ямар үйлдэл хийснээ ойлгохгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй байна. Би залуу хүүхдэд ял өгмөөргүй байна. Одоо хүртэл миний толгой өвдөж байгаа тул цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би нүдний шинжилгээнд 90.000 төгрөг зарцуулсан. Намайг цаашид MRI-д харуулах шаардлагатай гэж хэлсэн. MRI-д харуулахад 645 000 төгрөгийн зардал гарна. Би хавтаст хэрэгт “ажил гүйцэтгэх гэрээ” гаргаж өгсөн. Учир нь энэ хэргийн улмаас ажлаа хийж чадаагүй. Гэхдээ энэ талаар нэхэмжлэхгүй. Тухайн үед энэ хүн надаас уучлалт гуйсан бол асуудал өөрөөр шийдэгдэх боломжтой байсан. Энэ хүн ухамсартай байх хэрэгтэй, би шүүгдэгчээс их хэмжээний төгрөг нэхэмжлээгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Ц.Ганболд мэдүүлэхдээ:

Тархинд цус хуралт, баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хохирогчид учирсан гэмтэл 1 сарын дотор эдгэрнэ. Хохирогчид учирсан тархины цус хуралт, баруун нүдний зовхины хөхрөлт зэрэг гэмтлүүд 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дагзанд цус хуралт үүсээд голд нь шарх үүссэн байна. Зовхинд хөхрөлт үүссэн гээд 2 удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Одонгарав мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 22-ны оройн 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вояжийн автомашины зогсоол дээр хүний машины ард нөхөр Баттөмөр машинаа зогсоосон байсан. Ингээд Барс худалдааны төв рүү нөхөр Баттөмөр намайг авах гэж ороод 30 минутын дараа Барс худалдааны төвөөс бид хоёр гарч иртэл 30 гаруй насны эрэгтэй шууд нөхөр Баттөмөр рүү “нохой минь” гэж дайрч орилсон. “Машин таглаад тавьчихлаа, хүний зовлонгоор жаргал хийлээ” гэж дайран орилж, нөхөр машины хаалга онгойлгоод зогсож байтал машин дээр ирээд нөхрийг хаалганд хавчсан. “Чи яагаад нохойгоор хүн дуудаад байгаа юм бэ” гэж нөхөр хэлээд машиндаа суух гэж байхад мөн нөхрийг машины хаалганд хавчсан. Ингээд хоёр биенийгээ заамдаж аваад уг залуу манай нөхрийн хамар руу 1 удаа цохисон. Нөхөр “хамар хугалаад хаячихлаа” гэж уурлан уг залууг газар унагаад толгойн дээр нь 1 удаа өвдөглөсөн. Босож ирээд маргалдаж байгаад мөн манай нөхрийн зүүн талын хацар руу нь 1 удаа цохисон. Зодоон дууссаны дараа уг залуутай хамт явж байсан хоёр эмэгтэй машинаасаа бууж ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирсэний дараа хамт явж байсан хоёр эмэгтэй манай нөхөр рүү дайраад мөн хэл амаар доромжилж байсан гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Нямжав мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 22-ны оройн 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ваяжийн автомашины зогсоол дээр Баттөмөрөөгийн хамтаар машин дээр нь очсон. Замдаа буух гээд, гэтэл 30 орчим насны эрэгтэй машины ард машинаа зогсоосон байна гэж хэрүүл маргаан хийсэн. Би шууд очоод Баттөмөрөөгийн машины арын суудал дээр суусан байсан. Гэтэл машины ард машинаа зогсоосон байна гээд байсан хүн Баттөмөрөөгийн машин дээр ирээд хэрүүл маргаан хийж хоорондоо зууралдаж, зодолдсон. Зууралдаад шууд Баттөмөрөөг нөгөө залуу нүүрэн тус газарт нь цохисон. Харин Баттөмөр уг залуутай зууралдаж доороо хийж унагасан. Газар унасан залуу орилоод байсан. Би очиж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Зодоон хийгээд байсан залуугийн машинд сууж байсан хоёр эмэгтэй бууж ирээд салгасан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 525 тоот дүгнэлтэд:

1. Х.Нямгийн биед дагзанд цус хуралт, шарх, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Баттөмөр нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Баттөмөр нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны оройн 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автомашин буруу байрлуулсан” гэх маргаанаас хохирогч Х.Нямтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь дагзанд цус хуралт, шарх, баруун доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Ням, гэрч Н.Одонгарав, Д.Нямжав, шинжээч Ц.Ганболд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 525 тоот дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд С.Баттөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Х.Ням нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой тархины MRI-н төлбөр 645 000 төгрөг, Амбулатори хийлгэсэн 65 000 төгрөг, үзлэг хийлгэсэн тухай 25 000 төгрөг, нийт 735 000 төгрөгийн нотлох баримтыг гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна.

 

Мөн хохирогч Х.Ням нь биедээ хөнгөн гэмтэл авсаны улмаас 15 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж чадаагүй, гэрээ цуцлагдсан тухай баримтыг хэрэгт гаргаж өгсөн боловч уг мөнгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдав.  

 

Иймд шүүгдэгч С.Баттөмөрөөс 735 000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Нямд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Х.Ням нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Нямгийн гаргасан сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Баттөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Баттөмөрийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Баттөмөр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Баттөмөр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан бичлэг бүхий, сиди 1 нэг ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар С.Баттөмөрөөс 735 000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Нямд олгосугай.

 

7. Хохирогч Х.Ням нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Баттөмөрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН