Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 297

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08 сарын 05                           Дугаар 297                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Баазын 8 айлын орон сууцны 2-4 тоотод оршин суух Б.Баяржаргалын /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баатарсүх/ нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багт оршин суух П.Эрдэнэбаатарт холбогдох эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2813000 /хоёр сая найман зуун арван гурван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баатарсүх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээнлдээ: Миний хүү Б.Баяржаргал нь БНХАУ-ын Хөх хотод суралцдаг юм. 2016 оны 01-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд тээврийн хэрэгсэл жолоодон Мөнххаан сумаас 2 км орчим зорчин явж байх үед /шөнийн 21 цагт/ П.Эрдэнэбаатар гэгч нь замын дагуу нэлээд олон тооны үхэр хөөж яваад өөдөөс нь гарч ирсэний улмаас миний хүүгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг үхэр мөргөж хохирол учруулсан. Тухайн үед Мөнххаан суманд байрлах Замын Цагдаагийн тасаг нь ослын шалтгаан нөхцөлийг шалгаж П.Эрдэнэбаатарыг буруутай болохыг тогтоож, хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн. Бид машины хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлсэн. Иймд эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2813000 /хоёр сая найман зуун арван гурван мянган/ төгрөгийг П.Эрдэнэбаатараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч П.Эрдэнэбаатартай харилцан ярилцаж тохиролцон 2813000 төгрөгөнд хурдан удмын бага насны хоёр адуу авахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

 

Хариуцагч П.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Баяржаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2813000 төгрөгөнд хурдан удмын бага насны хоёр адууг нэхэмжлэгч Б.Баяржаргалд төлөхөөр харилцан ярилцаж тохиролцон эвлэрлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баяржаргал нь хариуцагч П.Эрдэнэбаатараас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2813000 /хоёр сая найман зуун арван гурван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч П.Эрдэнэбаатар нь гэм хор учруулсанаа хүлээн зөвшөөрч хохирол 2813000 төгрөгөнд хурдан удмын бага насны хоёр адууг нэхэмжлэгч Б.Баяржаргалд төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Баяржаргал нь хүлээн авахаар зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баяржаргалын 2813000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60000 төгрөгний тал хувь 30000 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 30000 төгрөгийг хариуцагч П.Эрдэнэбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баяржаргалд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Баяржаргал нь хариуцагч П.Эрдэнэбаатараас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2813000 /хоёр сая найман зуун арван гурван мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагандаа хурдан удмын бага насны хоёр адуу авахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Б.Баяржаргалын 2813000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60000 төгрөгний тал хувь 30000 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 30000 төгрөгийг хариуцагч П.Эрдэнэбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баяржаргалд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА