| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 106/2018/0186/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 186
2019 3 04 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч: Б.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баасанид холбогдох эрүүгийн 1905000320178 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 2 настай хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Баасан.
Шүүгдэгч Б.Баасан нь 2018 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fulldifirent” ресторанд Н.Болдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Баасан мэдүүлэхдээ:
Миний буруутай үйл ажиллагаанаас үүдэн энэ хэрэг үйлдэгдсэн. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогч цаашид миний буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжилвэл төлнө. Би хохирол төлбөрт нийт 100 000 төгрөг өгсөн. Наранзаяагийн гар утасны хохирлыг 120 000 төгрөгөөр гар утас авч өгч барагдуулсан. Би гэм буруугаа хүлээж байна гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Болд мэдүүлэхдээ:
2018 оны 12 дугаар сарын 21-ний орой манай ресторанд төмөр замын ажилчид шинэ жилээ тэмдэглэж байсан. Тэгээд манай тамхины өрөөнд хэдэн залуус ороод зодолдоод байхаар нь манай зохион байгуулагч Наранзаяа очоод салгах гэж оролдоод “больцгоо” гэж шаардалга тавиад бичлэг хийтэл Баасан гээд байгаа залуу эргэж хараад Наранзаяагийн гар утсыг цохисон. Мөн Наранзаяаг нэг өшиглөөд гар орчим нь нэг цохихоор нь би очоод Баасанийг “чи эмэгтэй хүнийг яахаараа цохидог юм бэ” гэж хэлтэл тэр “чи юу вэ” гэснээ намайг заамдаж аваад бид хоёр заамдалцаад миний уруул тус газар мөргөчихөөр нь би доошоо суутал миний эрүү рүү өвдөглөсөн. Тэгж байтал хаалганы цаанаас нэг залуу миний толгой руу 2, 3 удаа цохисон. Энэ үед манай тогооч залуу Мөнхжаргал, Наранзаяа нар намайг татаж, буцаагаад ресторан руу оруулсан. Учир нь нөгөөдүүл намайг чирч гаргах гээд байсан юм. Тэгээд би дотогш ороод 102-т дуудлага өгсөн. Ингээд цагдаа ирэх хооронд нөгөө залуу зугтсан бөгөөд ажлын хүмүүс нь нэр усыг нь танихгүй гээд хэлж өгөхгүй байсан. Миний дээд уруул дотор талдаа сэтэрсэн, үүдэн шүдний баруун талын соёо хөдөлсөн, буйланд цус хурж хөхөрсөн, тархи хөдөлсөн, цээж маш их хөндүүрлэсэн байсан. Шүүх эмнэлгийн 554 дугаартай дүгнэлттэй танилцсан, дүгнэлтийн талаар ямар нэгэн санал хүсэлтгүй. Надад учирсан гэмтлийг Баасан гэгч төмөр замын ажилтан гараараа цохиж, мөн өвдөгөөрөө өвдөглөж учруулсан. Баасан гэх тэр залуу маш их согтсон байсан. ...Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, Гурван галын ЭХО-д харуулсан 40 000 төгрөг, фудболк 100 000 төгрөгөөр авсан. Цаашид гарсан эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ.
Нямсүрэн овогтой Болд би ямар нэг гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлын 100 000 төгрөг хүлээн авсан болно гэжээ. (хэргийн 9-10, 57 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Н.Наранзаяа мэдүүлэхдээ:
2018 оны 12 дугаар сарын 21-ний орой манай ресторанд Төмөр замын Зүтгүүрийн депогийн ажилчид шинэ жилээ тэмдэглэсэн. Ингээд орой 22 цагийн орчим тамхины өрөөнд хэсэг залуучууд хоорондоо зодолдоод эд зүйл эвдсэн байхаар нь би ороод шаардлага тавиад тамхины өрөөнд хяналтын камер байхгүй учраас гар утсаараа зургийг нь дарах гэтэл тэр дунд байсан Баасан гэгч нь гар утсыг цохиж унагаасан. Тэгэхээр нь би түүний нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл тэр намайг зөрүүлээд өшиглөсөн. Би бас зөрүүлээд өшиглөсөн. Энэ үед манай зөөгч Болд гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гэтэл цаана тамхины өрөөнд байсан залуус гарч ирээд зэрэг Болд руу дайрсан. Энэ хооронд нөгөө Баасан гэгч согтуу шар залуу Болдтай заамдалцаад маргалдах гэтэл тэнд байсан Баасанийн ажлын тухайн арга хэмжээг зохион байгуулж байсан залуу түүнийг болиулах гээд татсан. Гэтэл нөгөө хэсэг залуус нь Болдыг гадаах хаалга руу чирээд фудболкыг нь урсан. Мөн нэг залуу гадаах хаалгаар түүний үснээс хойш нь татаад байсан. Тэгж байтал манай тогооч Мөнхбаяр гарч ирээд бид хоёр нийлээд хамт татаж гаргаж ирэхэд Болд цагдаа дуудахаар заал руу орсон. Гэтэл тэнд байсан залуус бүгд зугтаад явсан. Уг асуудал гарсны дараа хяналтын камерын бичлэг үзэж байхад тэр Баасан гэх шар залуу эхлээд заамдаж аваад мөргөсөн, дараа нь хаалганы өмнө шамбааралдаж байхад Баасан дахин нүүр рүү нь өвдөглөж байсан. Бас нэг танихгүй залуу хаалга дээр үснээс нь хойш нь зулгаагаад байсан гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Д.Эрдэнэсайхан мэдүүлэхдээ:
Манай ажлынхан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хорооллын “Фуллдифирент” ресторанд шинэ жилээ тэмдэглэж байтал би хамт ажилладаг Дугарсүрэнтэй тамхины өрөөнд маргалдаад, зодолдсон. Гэтэл бас манай ажилтан Баасан бид хоёрыг салгаад байж байтал уг рестораны ажилтан эмэгтэй орж ирснээ шууд бичлэг хийгээд байхаар нь “боль” гээд гарыг нь түлхтэл тэр эмэгтэй гар утастай гараараа Баасанийг цохисон, улмаар тэр гар утас нь газар унасан гэсэн. Гэтэл тэр газрын зөөгч нь уг тамхины өрөөнд орж ирээд Баасанийг “яагаад эмэгтэй хүн түлхээд байгаа юм бэ” гээд заамдаж авснаа нүүр рүү нь цохихоор нь эргээд өөрийг нь цохисон гэсэн. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн, Баасан явчихсан байсан гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 554 тоот дүгнэлтэд:
1. Н.Болдын биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1, 2 дугаар шүдний буйланд цус хуралт, 2 дугаар шүдний сулрал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Б.Баасан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Б.Баасан нь 2018 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fulldifirent” ресторанд хохирогч Н.Болдыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1, 2 дугаар шүдний буйланд цус хуралт, 2 дугаар шүдний сулрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Болд, гэрч Н.Наранзаяа, Д.Эрдэнэсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 554 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Иймд Б.Баасанийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Н.Болд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд “ямар нэг гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлын 100 000 төгрөг хүлээн авсан болно ” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 485 нэгжтэй тэнцэх хэмжээний 485 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Баасан өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баасанийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баасанийг 485 нэгжтэй тэнцэх хэмжээний 485 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Баасан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Баасан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,
улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баасан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН