Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

2019             02           28                                    173

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

шүүгдэгч: Ц.Хуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуягт холбогдох эрүүгийн 1905 0044 40165 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, сард 600 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эцэг, эх, хамтран амьдрагчийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Хуяг.

 

Шүүгдэгч Ц.Хуяг нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 12-350 тоотод иргэн Л.Сарнайтай маргалдан сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Хуяг мэдүүлэхдээ:

Миний хийсэн хэрэг нь улсын яллагчийн уншиж танилцуулсан яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр жирэмсэн, хяналтанд орсон тул баяртай мэдээ дуулгая гэж бодоод эхнэрийн хамт хадам аавын гэрт очихдоо хадам аавд 0.33 граммын 1 шил архи, ээжид 1 сүү аваад орсон юм. Тэгээд хохирогч Сарнайтай маргалдаад Сарнай над руу хутга барьсан. Тэгээд би түүнийг сандлаар цохисон нь үнэн. Хохирогчид эхнэрээрээ дамжуулаад 200 000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглээрэй гээд өгөх гэтэл авахгүй гэсэн. Тийм болохоор хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Хойшдоо дахин ийм үйлдэл гаргахгүй, сайхан харилцаатай байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Л.Сарнай мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би өглөө 10 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 12-353 тоотод байрлах гэртээ аав Лхагвасүрэнгийн хамт байж байсан чинь манай төрсөн эгч Мандахнар хамтран амьдрагч Хуягтай ирсэн. Тэр үед Хуяг ах өөрөө согтуу, нэг шил архи авчихсан орж ирсэн бөгөөд аав Лхагвасүрэнгийн ойролцоо суугаад архиа задлаад ганцаараа уусан. Тэр үед би чихэвчээр хөгжим сонсоод сууж байсан чинь Хуяг ах “чи чихэвчээ ав, би чамтай юм ярих гэж байна” гэхээр нь би “та юу ярих гэж байгаа юм, яриач” гэсэн чинь “чи надтай ингэж харьцдаг болсон юм уу, надтай яаж харьцаад байнаа” гэхээр нь би юм дуугарахгүй байсан чинь гэнэт “чи хэзээ ийм болчихсон юм бэ, дарвалзаад байгаарай” гэснээ гэнэт “чи найз залуудаа уурласан уураа хэнд гаргаад байгаа юм, найз залуугаа боовоо олигтойхон босго гэж хэл” гэхээр нь би “та юу яриад байгаа юм бэ, сэтгэцийн өвчтэй юм уу” гэсэн чинь гэнэт босож ирээд хараагаад, намайг багалзуурдаад авахаар нь би гарыг нь тавиулаад холдсон чинь над руу ширээний хажууд байсан хуванцар жижиг сандалнуудыг шидсэн. Эхний хоёр шидсэн сандалнаас нь бултсан чинь дахиад шидээд, тэр сандал нь миний нүд орчим оносон. Тэгээд би гэрээс гараад цагдаа дуудсан чинь Хуяг гэрт үлдээд намайг гадаа цагдаа дуудаж байсан чинь хүрч ирсэнээ “алив нүдийг чинь харъя” гэхээр нь би холд гэсэн чинь намайг “чи яасан, найз залуудаа хүчиндүүлчихсэн юм уу” гэж хэлчихээд эгч Мандахнартай хамт яваад өгсөн. Тэгээд би зодуулсан талаараа цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Би надад учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Тухайн үед Хуяг над руу сандал авч шидээд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тухайн үед би ямар ч хутга, мэс бариагүй. Хуяг ах өмнө нь бас ингэж агсам согтуу тавьж байсан. Би Хуяг ахаас агсам тавьдаг болохоор айдаг. Би айгаад өөдөөс нь үг дуугарч чаддаггүй. Харин Хуяг ах тэр үед агсам тавиад, намайг загнаад дээрэлхээд байсан. Би юм хэлсэн чинь намайг “яасан овоо болчихсон юм бэ” гээд над руу сандал шидсэн. Тэр үед аав бүгдийг харж байсан, мэдэж байгаа. Гэхдээ аав маань цус харвасан, юм ярьж бараг чаддаггүй гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Мандахнар мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би 7 дугаар төв дээр үзүүлчихээд дахиад үзүүлэх байсан болохоор нөхөр Хуягийн хамт аав, ээжтэй уулзъя гээд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 12-350 тоотод байрлах гэрт очсон. Тухайн үед манай гэрт аав Лхагвасүрэн, дүү Сарнай нар байсан. Тэгээд гэрт орохдоо жижиг сүү, аавд Стандарт нэртэй 0,33 хэмжээтэй архи нэг шилийг аваад орсон. Тэр үед дүү Сарнай нь бид хоёрыг харчихаад жаахан дургүйцсэн байдалтай байгаад байсан. Тэр үед би мах гаргаад шөл хийх гэж байж байсан чинь Сарнай хичээлээ хийгээд сууж байсан. Манай нөхөр Хуяг авчирсан архиа задлаад аавд нэг хийж өгчихөөд өөрөө нэг татсан. Тэр үед Сарнайгаас манай нөхөр “чи яагаад дугарахгүй байгаа юм бэ, найз залуутай болчихсон юм уу” гэсэн чинь Сарнай уурлаад “гөлөг минь өөртэй чинь ярих албатай юм уу” гэсэн чинь Хуяг “эгч, ахаа хүндлэхгүй” гэсэн чинь Сарнай “гөлөг минь” гээд уурлаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр “Сарнай чи яаж байгаа юм” гээд босоод ирсэн чинь Сарнай шургуулганаас жижиг хар хутга аваад зогсож байсан. Хуяг Сарнай руу жижиг хуванцар сандал аваад шидсэн чинь Сарнайгийн нүүрэнд оносон. Тэгээд би Мичидааг гар гээд гаргаад Хуягийг аваад явсан. Тэгээд гэрээс гараад нөхөрт уурлаад нөхрийг явуулчихаад буцаад гэр рүү орсон чинь ээж Отгонбаяр ирчихсэн, Сарнай уйлаад байж байсан. Тэгээд би эмнэлэгт үзүүлэх байсан болохоор тухайн үед явсан. Хуяг нь намайг зодож цохиж байгаагүй. Харин 2018 оны зун би жирэмсэн болоод хүүхэд өсөлтгүй болчихсон байсан бөгөөд авахуулсан чинь Хуяг хүүхдээ надад хэлэлгүй авахууллаа гээд маргалдаад гутал аваад над руу шидэх үед зурагт хагарч байсан. Тэр үед би цагдаад өргөдөл өгсөн чинь нөхөр зурагт төлөөд тэр асуудал хаагдсан. Тухайн үед Мичидаа их ууртай байсан бөгөөд нөхөр Хуяг маргалдах үед шургуулганаас жижиг хутга аваад зогсож байсан. Тэр үед манай нөхөр “чи ахыгаа хүндэлсэнгүй” гээд хуванцар сандал аваад шидсэн чинь Сарнайгийн нүүрэнд оночихсон гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Лхагвасүрэн мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 12-353 тоотод байрлах гэртээ төрсөн охин Сарнайтай хамт байж байсан чинь манай том охин Мандахнар нөхөр Хуягийн хамт 10-11 цагийн хооронд ирсэн. Тухайн үед Хуяг бага зэрэг согтуу байсан. Тэгээд Хуяг юм ярьж байснаа гэнэт “чи найз залуугийнхаа боовыг олигтойхон босго” гэж хэлсэн чинь Сарнай “та одоо юу яриад байгаа юм” гэсэн чинь Хуяг Сарнайг заамдаад авахаар нь би “боль” гээд гарыг нь тавиулсан. Сарнай үүдний орчим усны савны хажууд зогсож байсан чинь Хуяг ширээний хажууд байсан хуванцар сандал авснаа Сарнай руу шидсэн чинь эхний шидсэн сандал Сарнайг оноогүй хаалга оносон. Тэгээд Хуяг уурлаад дахиад хуванцар сандал аваад Сарнай руу шидсэн чинь нүүрэнд нь оносон. Тэр үед би босоод Хуягийг бариад авсан чинь Сарнай гэрээс гараад зугтаасан. Тэгээд Хуяг, Мандахнар хоёр гэрээс гараад явсан. Түүний дараа Сарнай буцаад гэрт орж ирсэн чинь баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Өмнө нь Хуяг Сарнайг зодож, цохиж байгаагүй. Харин 2018 оны 5 дугаар сард Хуяг нь согтуу ирээд агсам тавьж байсан. ...Хуяг өмнө агсам тавихдаа байнга ална, тална гэж сүрдүүлдэг. Тухайн үед Сарнай ширээн дээр байсан хутга аваад шургуулга руу далд хийсэн. Тэрнээс хутга барьж Хуяг руу дайраагүй гэжээ. (хэргийн 55-56 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1433 тоот дүгнэлтэд:

1. Л.Сарнайгийн биед зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Хуяг ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Хуяг нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 12-350 тоотод хохирогч Л.Сарнайтай маргалдан, улмаар түүнийг сандлаар цохиж, эрүүл мэндэд нь зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Сарнай, гэрч Л.Мандахнар, Ц.Лхагвасүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1433 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд Ц.Хуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Ц.Хуягийг энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Хуягийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Хуяг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Хуяг цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Сарнай хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Хуягт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН