Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00897

 

З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00043 дугаар магадлалтай,

З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарын нэхэмжлэлтэй,

“Файн ноос” ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговорт 4.042.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дорждэрэмийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: бид “Файн ноос" ХХК-д самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчаар ажилладаг байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халагдсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж Заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00017 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоосон юм. Иймд бид ажлаас үндэслэлгүй халагдсан 2016 оны 01 дүгээр сарын 25-наас одоо хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг Засгийн газрын тогтоолоор тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.500 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 7 сарын  цалинд тус бүр 1.347.500 төгрөг нийт 4.042.500 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь “Файн ноос” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дорждэрэм шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоосон. Манай компанийн зүгээс нэр бүхий ажилтнуудыг өмнө эрхэлж байсан ажилд нь томилохоор удаа дараа дуудсан. Гэвч эдгээр 3 ажилтнуудаас зөвхөн Ш.Ердибек л ажилдаа ирж, 5 удаа ээлжийн машин баригчийн ажил хийсэн. Ингэж ажиллах явцдаа хариуцлага алдсан, ээлжийн мастерын шаардлагыг үл тоосон, ажлаас зугтаасан, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулж, нэлээдгүй зардал гаргасан.

“Файн ноос” ХХК-ийн Самнах үйлдвэр ээлжит ба шаардлагатай их засварт орсон, энэ нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд үйлдвэрт зөвхөн их засвар хийсэн тодорхой буюу нарийн ур чадвар бүхий цөөн тооны ажилтнууд ажилласан. Харин бусад ажилтнуудын хувьд ажиллаагүй тул огт цалин аваагүй. Компанийн зүгээс үйлдвэрт их засвар хийсэн хугацаанд нэхэмжлэгч нарт бусад ажилтнуудын мөн адил зөвхөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжтой. “Файн ноос" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №08/04 тоот, №08/07 тоот, №08/09 тоот тушаалын дагуу нэхэмжлэгч нарын тус бүрт 200.000 төгрөгийн тэтгэмж олгосон. 2016 оны 02 дугаар болон 3 дугаар сар бүтэн их завсартай байсан тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 54.857.15 төгрөг болж байна.

1. Нэхэмжлэгч Ш.Ердибекийн сүүлийн гурван сарын дундаж болох 81.189.4 төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 3.866,16 төгрөг байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд нэхэмжлэгч Ш.Ердибекийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 375.017,81 төгрөг ба нөхөн олговрын 200.000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 175.017,81 төгрөгийг олгохоор тооцоолов.

2. Нэхэмжлэгч Т.Майрагийн цалингийн дундаж болох 113.987.4 төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 5.427,98 төгрөг. Их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног. Иймд нэхэмжлэгч Т.Майрагийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 526.513,34 төгрөг ба нөхөн олговрын 200.000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 326.513,34 төгрөгийг олгохоор тооцоолов.

3. Нэхэмжлэгч З.Айнагүлийн цалингийн дундаж болох 87.305.4 төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 4.157,36 төгрөг ба ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд 403.263,28 төгрөг болох бөгөөд нөхөн олговрын 200.000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 203.263,28 төгрөгийг олгохоор тооцоолов.

Дээрх нэхэмжлэгч нар огт ажил хийхгүйгээр цалин авах санаатайгаар шүүхэд хандаж байгаа нь бусад үнэнчээр хөдөлмөрлөж ажиллаж буй хүмүүст маш ноцтой буруу үлгэр дууриалал болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Файн Ноос” ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.288.537 төгрөг гаргуулан үүнээс нэхэмжлэгч З.Айнагүлд 925.659 төгрөг, нэхэмжлэгч Т.Майрад 1.111.691 төгрөг, нэхэмжлэгч Ш.Ердибект 1.251.187 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 753.963 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79800 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Файн Ноос ХХК-иас 67567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00043 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дорждэрэм хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00043 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч тус бүр 7 сарын ажилгүй байсан хугацаанд хүн тус бүр 1.347.500 төгрөг бүгд 4.042.050 төгрөг гаргуулахыг хүссэнийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй ба нотлох баримтуудын хамт шүүхэд гаргаж өгсөн. хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримттай харьцуулан үнэлээгүй.

Нэхэмжлэгч Ш.Ердибекийн Нийгмийн даатгалын дэвтэр болон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгосон цалингийн жагсаалтад бичигдсэн бичилтээр тооцоход дундаж цалин нь 81.189 төгрөг ба 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин  568.325 төгрөг,

Нэхэмжлэгч Т.Майрагийн Нийгмийн даатгалын дэвтэр болон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгосон цалингийн жагсаалтад бичигдсэн бичилтээр тооцоход дундаж цалин нь 113.987 төгрөг ба 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин 797.911 төгрөг,

Нэхэмжлэгч З.Айнагүлийн Нийгмийн даатгалын дэвтэр болон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгосон цалингийн жагсаалтад бичигдсэн бичилтээр тооцоход дундаж цалин нь 87.305 төгрөг ба 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин 611.137 төгрөг болж байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгогдсон цалингийн жагсаалтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчид хамгийн сүүлд 2016 оны 1 дүгээр сар дуустал ажилласан байдаг. Үүнийг нэхэмжлэгчид баримтаар үгүйсгэж чадаагүй. Ажлаас чөлөөлөгдөхдөө нэхэмжлэгч нарын тус бүрт цомхтголын цалин болгож 200.000 төгрөг олгосон олохыг хариуцагч тайлбарлаж, холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул тэдний нэхэмжилж буй үнийн дүнгээс суутгагдах ёстой.

Мөн "Файнноос" ХХК-ийн Самнах үйлдвэр ээлжит ба шаардлагатай их засварт орж засвар нь 2016 оны 04-р сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Компанийн зүгээс үйлдвэрт их засвар хийсэн хугацаанд нэхэмжлэл гаргасан 3 ажилтныг бусад ажилтнуудын мөн адил зөвхөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжтой. Холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад хоёр шатны шүүх шийдвэр, магадлал гаргахдаа энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00043 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нар нь хариуцагч “Файн ноос” ХХК-с тус бүр 1.347.500 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг ажилгүй байсан хугацааны олговор гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нарыг “Файн ноос” ХХК-ийн самнах цехийн машин баригчийн ажилд эгүүлэн тогтоосон Баян-өлгий аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна /хавтаст хэргийн 4-12 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгч нарыг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр  ажилд  томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч  нар ажлаас халагдсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгч нарын ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан 3 сарын цалингийн дунджийг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн хэмжээгээр тооцон нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульд заасан тул тэтгэмжид өгсөн 200.000 төгрөгийг олговроос хасч тооцох боломжгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэр,  Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00043 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Дорждэрэмийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ