Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

           

 

 

Ж.Оюуны  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 05 дугаар багт оршин суух, Шангас овогт  Жамбын Оюуны нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын сумын 07 дугаар багт оршин суух, Таргууд овогт Галсангийн  Болор-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хариуцагч болон нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт, нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 8254599 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Г.Болор-Эрдэнэ нь 2015 оны 5 дугаар сарын 05-нд намайг зодож хөнгөн гэмтэл учруулсны улмаас Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хянан хэлэлцээд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд хохирогч би өөрөө очиж оролцсоны зардал, Улсын дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээр өмгөөлөгчийн хөлсийг хасаж тооцсон тул өмгөөлөгчийн хөлсийг нэмж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Миний өмгөөлөгч Б.Гансүх нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгчийн захирамжийг Ховд аймагт хэлэлцэх үед нэг удаа, Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүх хуралдаанд нэг удаа, Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэг удаа, Улаанбаатар хотод шүүхийн шинжилгээний хүрээлэнд өвчтөний түүх, компьютер томографикийн зураг бусад нотлох баримт хүргэж өгөхөд нэг удаа, нийт дөрвөн удаагийн шүүх хуралдаанд оролцуулж, 3 удаа гомдол бичүүлсэн. Г.Болор-Эрдэнээр зодуулж гэмтэл учруулсны хохирол, түүнээс шалтгаалан гарсан эмчилгээний зардал бусад зардлууд нийт 8.254.599 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг хэргийн хамт эрүүгийн шүүх хурлаар шийдвэрлэнэ, нотлох баримт дутуу бол иргэний шүүхэд жич нэхэмжлэл гаргахаар тогтоолд зааж өгнө гэжээ. Нэхэмжлэгч Ж.Оюунаас олон сая төгрөгийн дүн бичсэн хуурамч нэхэмжлэлийг 3 шатны шүүх тус бүрдээ хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн 182 дугаар тогтоолоор 790.200 төгрөгийг надаас гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ж.Оюуны гомдол, нэхэмжлэл нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэртэй нэхэмжлэлийг дахин нотлох шаардлагагүй, эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэргийн талаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байх тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Болор-Эрдэнээс 2.091.160 /хоёр сая ерэн нэгэн мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.163.439 /зургаан сая нэг зуун жаран гурван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.024 /нэг зуун дөчин долоон мянга хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 48.408 /дөчин найман мянга дөрвөн зуун найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлын агуулга: “Төрийн албаны зарим чиг үүргийг төрийн бус байгууллага хуулиар хариуцан ажилладаг. Монголын Нотариатчдын танхим улсын хэмжээнд 300 гаруй нотариатчдаар үйл ажиллагаа явуулдаг ба сар бүр хариуцлагын даатгал төлж, өдөр бүр үйлдэл, орлогын мэдээгээ гаргаж, аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчийн тайлан холбогдох баримтаар албан ёсоор тодорхойлолт гаргаж өгснийг үндэслэн миний орох байсан орлогыг хамгийн багаар бодож, нэхэмжилснийг 20 хоногт багтааж гаргасан байсан. Миний ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй адилтгах орлого 841089 төгрөг, Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Увсаас Улаанбаатар ирж очсон зардал, өмгөөлөгчийн хөлс 888000 төгрөг, бүгд 1.729.089 төгрөгийг гаргуулахаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтад өөрчлөлт оруулна уу.” гэжээ.

 

Хариуцагчийн  давж заалдах гомдлын агуулга: “Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 15 дугаар тогтоолын 6.1.3 дахь заалтаас үзвэл ажилгүй байсан цалин түүнтэй адилтгах орлогыг Нийгмийн даатгалын болон татварын байгууллагад төлсөн татварын хувь хэмжээгээр тооцохоор байна. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа Монголын Нотариатчдын танхим гэсэн төрийн бус байгууллагын тодорхойлолтыг үндэслэсэн нь ойлгомжгүй. Учир нь Нотариатын тухай хууль тогтоомжуудаас үзэхэд татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын өмнөөс тодорхойлолт гаргаж цалин түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох эрх Монголын Нотариатчдын танхимд байхгүй.  Увс аймгийн Татварын хэлтэст нэхэмжлэгч Ж.Оюун нь жилд дунджаар 200.000 гаруй мянган төгрөг төлдөг байхад сард 2.480.000 төгрөгийн орлоготой байдлаар дүгнэжээ. Гэтэл шүүхээс Татварын тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж миний эрхзүйн байдлыг дордуулжээ. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Ж.Оюуны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:       

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулжээ.

           

Хариуцагч Г.Болор-эрдэнэ “Татварын тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж миний эрхзүйн байдлыг дордуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон гомдлыг хангаж өгөхийг хүсье” гэсэн, нэхэмжлэгч Ж.Оюун “гэм хорын хохирол 8.254.599 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин, хөлс түүнтэй адилтгах орлого 2.091.160 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн үнийн дүн дээр дутуу тооцсон ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй адилтгах орлого 841.089 төгрөг, Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Увсаас Улаанбаатар ирж, очсон зардал болон өмгөөлөгчийн хөлс 888.000 төгрөг бүгд 1.729.089 төгрөг нэмж гаргуулахыг хүссэн” давж заалдах гомдлыг тус  тус гаргажээ. 

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Болор-эрдэнэ нэхэмжлэлтэй холбогдуулан татварын хууль тогтоомж зөрчсөн гэх хүсэлт гаргаагүй ба анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй үйл баримтаар гомдол гаргасан байна. 

           

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэрэгт авагдсан нотариатчдын танхимын 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1156 дугаартай нэхэмжлэгч Ж.Оюуны сарын орлого тодорхойлсон тодорхойлолтыг шинжлэн судлуулж мэтгэлцээгүй бөгөөд уг тодорхойлолтыг үнэлэн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин, хөлс түүнтэй адилтгах орлого тооцсоныг үгүйсгэсэн үндэслэлээ хариуцагч нотлоогүй байна.

           

Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин,хөлс түүнтэй адилтгах орлогыг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа болох ажлын 20 хоногоор тооцон гаргасан болон Улаанбаатар хот ирж,буцсаны зардал, өмгөөлөгчийн хөлсийг 3 шатны шүүхээр хэлэлцсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

           

Нэхэмжлэгчийн Увсаас Улаанбаатарт ирж,буцсаны зардал нь хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа өнгөрсний дараа гарсан зардал бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйл нь төрөөс өмгөөлөгчийн зардал төлсний дараа төр гэм буруутай этгээдээс  нэхэж болох байцаан шийтгэх ажиллагааны зардал болно.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч Ж.Оюун гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 147.024 төгрөгийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж түүнд буцаан олгов. 

           

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэрийн тэмдэгтийн хураамж шийдвэрлэсэн заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг баримтлан төрийн сангийн 00150000941 дугаар данснаас 147024 /нэг зуун дөчин долоон мянга хорин дөрөв/ төгрөг гаргуулж Ж.Оюунд буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Г.Болор-Эрдэнээс 48408 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар зохигчдын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧИД                                           Н.ТУЯА

Д.ЖАМБАЛСҮРЭН