Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

   2019         02           28                                    171

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баттулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Н.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батаад холбогдох эрүүгийн 1805 0301 70142 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 7, эхнэр, 2-21 насны 5 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Батаа.

 

Шүүгдэгч Н.Батаа нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Жаргалтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа Г.Жаргалгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Батаа мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар паласын концертын танхимд урлагийн тоглолт болж байсан. Тэгтэл “нэг хүүхэн дижи Амайтай хэл ам хийгээд салахгүй байна, очиж салга” гэж тогтолтын найруулагч надад хэлсэн. Би тухайн үед тус байгууллагад хамгаалагч ажил хийж байсан. Гэтэл тайзны ард тэр хоёр муудалцаад Амай тайзан дээрээ гарч чадахгүй байсан тул би нөгөө хүүхэнд “эндээс яв” гэсэн шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байхаар нь би хүчээр өргөөд гаргасан. Тэгээд хувцас солих өрөөнд аваачтал нөгөө хүүхэн уурлаад хөлөөрөө намайг олон удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад зүүн гараараа баруун хацар руу алгадсан. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хөдөө ажилтай тул энэ хэргээс болоод ажлаа хийж чадахгүй байгаа. Мөн 5 хүүхэдтэй тул хохирол төлж чадаагүй. Хэрвээ ажлаа хийвэл хохирол төлөх боломжтой болно. Хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Жаргал мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын концертын танхимд “Амай”-ын тоглолтыг үзэхээр үзэгчдийн суудалд сууж байсан. Тэгсэн ямар ч үр ашиг, зохион байгуулалт байхгүй, цагтаа эхлэхгүй 1 цаг 30 минутын дараа эхэлсэн боловч үзэгчдээр гимнастик хийлгэж утсан дээрээ авсан бичлэгээ үзүүлсэн. Энэ шалтгаанаас болоод би бухимдаж, тайзны ард очиж зохион байгуулагчтай нь уулзаж шаардлага тавихыг хүссэн. Тайзны ар талд зохион байгуулагч болон хамгаалагч харагдаагүй. Тэгсэн Амай өөрөө ганцаараа зогсож байхаар нь очиж уулзсан. Би шаардлага тавьж “2 цаг үр бүтээлгүй өнгөрлөө. Цаашид үзүүштэй зүйл байгуу юу, одоогийн байдлаар сэтгэл дундуур байна. Үзэгчдийн тал нь явсан байна” гэхэд “би энд ажлаа хийж байна. Танд шүүмжлэл байгаа бол миний пейж хаяг руу ороод санал хүсэлтээ бич” гээд үл тоосон. Тэр үед миний уур хүрч “та монголын үзэгчдийг хүндлэх хэрэгтэй. Дуучин Лхагвасүрэн оролцоно гэсэн. Энэ хүнээс асууж шүүмжлүүлэхгүй яасан юм бэ” гэхэд цаана байсан эрэгтэй хүнд Амай “энэ хүнд хэдэн төгрөг хэрэгтэй байгааг нь асуугаад, зайлуул” гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу миний араас хувцаснаас татаад тайзны араар чирсэн. Тэр үед нь би “тавихгүй бол ориллоо шүү” гэхэд “орил, орил” гэхээр нь орилсон чинь намайг хана руу савсан. Тайзны ард байсан хувцас солих өрөөгөөр дамжуулаад аваад гарах гэж байхад нь нэг хөлөөрөө хаалга руу жийгээд нөгөө хөлөөрөө хамгаалагчийн хөл рүү өшиглөсөн. Тэгсэн нөгөө залуу “намайг өшиглөдөг хэн бэ” гээд миний толгой руу гараа зангидаж байгаад цохисон. Тэр үед хувцас солих өрөөнд бүжиг бэлдэж байсан эрэгтэй хүмүүс намайг хамгаалж салгасан. Тэндээ хэрэлдэж байгаад цагдаа дуудсан. Намайг чирч гулдарч гарнаас зуурсан. Мөн хана руу биеийн баруун талаар савсан. Нүүрний баруун талын чихний дээд хэсэгт гараараа зангидаж байгаад цохисон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардалд 258 400 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 29-30 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6216 тоот дүгнэлтэд:

1. Г.Жаргалгийн биед тархины доргилт, зүүн чамархай, эрүүний углуургын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Батаа ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Батаа нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын концертын танхимын тайзны ард хохирогч Г.Жаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн чамархай, эрүүний углуургын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Жаргал, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6216 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Н.Батааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 258 400 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Батааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Батааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Батаа нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Батаа цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Батаагээс 258 400 төгрөг гаргуулж хохирогч Г.Жаргалд олгосугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Батаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН