Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

  2019           02           27                                     167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баттулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир,

хохирогч: Г.Бат,

шүүгдэгч: Н.Энхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхээд холбогдох эрүүгийн 1805 0639 80107 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 800 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Энхээ.

 

Шүүгдэгч Н.Энхээ нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах гаалийн ачаа буулгах цэгийн хашаан дотор иргэн Г.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Н.Энхээ мэдүүлэхдээ:

Тухайн үед гаалийн хашаанаас гарах гээд явж байхад миний хажуугаар том машин шахаад ороод ирсэн тул би тэр машинд шахагдан нөгөө эгнээд явж байгаа машиныг шахсан юм. Тэр үед ажил тарах гээд яарч байсан. Хохирогчийг яагаад цохисноо мэдэхгүй байна. Тухайн үед миний уур хүрээд байсан юм. Нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримтаа гаргаж өгөөгүй тул миний зүгээс хохирол төлөөгүй. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Бат мэдүүлэхдээ:

Миний унаж явсан машин унтрах гээд байсан тул би зөөлхөн яваад гаалийн хашааны үүдэнд иртэл хажуунаас нэг машин шахаад урдуур ороод зогссон. Би үүдний жижүүрт нэвтрэх бичгээ үзүүлэх гээд явах замдаа нөгөө машины цонхыг нь тогшоод “яаж яваад байгаа юм бэ” гэчихээд бичгээ үзүүлээд эргээд хартал Энхээ намайг шууд цохисон. Би гэмтэл авч толгойгоо 7 хоног бариулж, хөмсгөндөө оёдол тавиулсан. Одоо тос түрхэж байгаа. Эдгэхээр нь хөмсгөө шивүүлнэ. Баримттай болон хөмсөг шивүүлэх зардалд нийт 300 000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлбөрөө авчихвал, гомдол санал байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Мөнхзул мэдүүлэхдээ:

Гаалийн ачиж буулгах цэгээс машинаа аваад гарч явсан. Хашаанаас гарах нэвтрэх хуудас бүгд Г.Батд байсан. Тухайн үед 7 машин авч гарсан. Харуул нэвтрэх хуудсаа авч ир гэсэн. Бид Бат-Эрдэнийг хүлээгээд зогсож байсан. Машинд байхад толинд хүмүүс бужигнаад би машинаас буугаад очиход Бат газар унасан байсан. Бат газраас босч чадахгүй байхаар нь би очоод босгосон. Гансүх хүмүүсийг салгаж цагдаад дуудлага өгсөн. Бат-Эрдэнийг цохисон залуу шар царайтай, туранхай залуу байсан. Хувцасыг нь санахгүй байна. Би харвал танина. Цохисон хүүхдийн ах нь иргэний үнэмлэхээ болон дүүгийнхэээ жолооны үнэмлэхийг үзүүлээд “бид хоёрын овог нэг, би ах нь байгаа юм, одоо явуулчих” гээд уучлалт гуйгаад байсан. Бат-Эрдэнийг цохисон хүүхдийг Нарантуяагийн Энхээ гэж байсан санагдана. Бат хүнд гар хүрээгүй. Бат-Эрдэнийн хөмсөг рүү тэр хүүхэд нэг удаа цохисон. Бат нэг удаа хөмсөгтөө цохиулаад унасан гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Гансүх мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бат бид нар гаалиас машин авах гээд очсон. Батд нэвтрэх бичиг байсан. Бат араас ирж байсан. Би машинтайгаа урд нь явж байсан. Бид нарыг гаргахгүй, бичгээ үзүүл гэсэн. Бат хойноос алхаад ирж байсан. Бат харуулд нэвтрэх бичгээ өгөх гээд зогсож байхад нэг залуу бууж ирээд Бат-Эрдэнийг зодох үед би машинаас буугаад очиж салгасан. Бат газар уначихсан. Би нөгөө цохисон залууг салгаад холдуулж, хашааны үүд орчимд аваачсан. Хашааны гаднаас нөгөө цохисон залуу дээр хүмүүс ирсэн. Би боль боль гэж хэлчихээд Бат рүү очсон. Бат-Эрдэнийг Мөнхзул газраас босгох гээд байсан. Бат “намайг хэн цохисон хэлээд өгөөч” гээд байсан. Цохисон залуу нь Бат дээр хүрч ирсэн. Тэгтэл “хэн нь намайг цохисон бэ” гээд манараад байсан. Бат тухайн үед ухаангүй байсан болохоор би цагдаа дуудсан. Бат бид нар машин жолоодож байсан учир архи уугаагүй байсан. Нөгөө цохисон залуу бас эрүүл байх шиг байсан. Бат хөл дээрээ тогтож чадахгүй байхад нөгөө цохисон залуу Бат-Эрдэнийг “согтуу байна” гээд байсан. Тухайн үед Бат эрүүл байсан бөгөөд цохиулсанаас болоод хөл дээрээ тогтож чадахгүй байсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 649 тоот дүгнэлтэд:

1. Г.Бат-Эрдэнийн биед зүүн хөмсөгний доор шарх, зүүн зовхи, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх зүүн хөмсөгний доорх шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Энхээ ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Энхээ нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах гаалийн ачаа буулгах цэгийн хашаан дотор хохирогч Г.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний доор шарх, зүүн зовхи, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Бат, гэрч С.Мөнхзул, Б.Гансүх нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 649 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Н.Энхээыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Г.Бат нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой дүрс оншилгоо хийлгэсэн тухай 120 000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг хийлгэсэн тухай 15 000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн тухай 8000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж, шүүгдэгч Н.Энхээ дээрх хохирлыг төлөхөө илэрхийлж байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Энхээыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Энхээыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Н.Энхээ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Энхээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Энхээаас 143 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Батд олгосугай.

 

6. Хохирогч Г.Бат нь өөрт учирсан хөнгөн хохирлын улмаас цаашид эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Энхээд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН