Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 397

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй Ү.Нарантуяад холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8.750.80558 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

...Зээлдэгч Үл-Олдох овогтой Нарантуяа нь 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр №2015/1012 тоот гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон 2016/90 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбараас 6.250.80558 төгрөгийн үлдэгдэл дээр 2500.000 төгрөгийн зээлийг нэмж  нийт 8.750.80558 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан юм. 

Зээлдэгч нь зээлий гэрээний 2.2.1, 2.2.2 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. 

Иймд зээлийн гэрээний 6.2 дахь заалтын дагуу гэрээг цуцалж Ү.Нарантуяагаас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөр 7.882.22557 төгрөг, зээлийн хүүний төлбөр 534.80061 төгрөг нийт 8.417.02618 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. 

Иймд зээлдэгч Ү.Нарантуяагаас 8.417.02618 төгрөгийг гаргуулж Төрийн банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү.Нарантуяа нь  2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Үл-Олдох овогтой Нарантуяа надад холбогдуулан 8.417.02618 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг зээлийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэжээ. 

Үндэслэх  нь:

Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй Ү.Нарантуяад  холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8.750.80558 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ү.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Энэ нь хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуулинд нийцсэн гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.623 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 149.623 төгрөгний тал хувь болох 74.8115 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох74.8115 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

           Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2-т хэсэгт зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй Ү.Нарантуяад холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8.750.80558 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.623 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 149.623 төгрөгний тал хувь болох 74.8115 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох74.8115 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Л.СОЁЛМАА