| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/01122/И |
| Дугаар | 210/МА2023/01879 |
| Огноо | 2023-10-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2023/01879
2023 10 20 210/МА2023/01879
Г.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02440 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* ******* ХХК-д холбогдох,
Алданги болон хохиролд 68,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.Г.******* 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Хан Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 7 дугаар байрны 707 тоот 32.6 м.кв 1 өрөө орон сууц, 12 дугаар давхарт байрлах 32.6 м.кв талбай орон сууцыг захиалсан. Орон сууцны үнэд нийт 61,940,000 төгрөг төлсөн. ******* ******* ******* ХХК орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтааж Улсын комисс хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2022 оны 12 дугаар capыг хүртэл энэ үүргээ биелүүлээгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/0******* дугаар шийдвэрээр ... орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, шаардагдах баримт, бичиг гаргаж өгөхийг даалгах тухай Г.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ******* ХХК-аас 61,940,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.
1.2. Г.******* дээрх 2 орон сууцыг худалдан авахдаа нэг өрөө орон сууцны төлбөрийг өөрөө төлж, нөгөө орон сууцны төлбөр 30,970,000 төгрөгийг Г.*******аас зээлж хүүд 37,164,000 төгрөг төлж хохирсон.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ******* ******* ХХК-аас алданги 30,970,000 төгрөг, хохирол 37,164,000 төгрөг, нийт 68,134,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Г.******* нь ******* ******* ******* ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 орон сууц захиалсан. Г.******* орон сууцны үнэд 61,940,000 төгрөг төлсөн. ******* ******* ******* ХХК орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах байсан боловч цар тахлын улмаас барилгын материалын үнийн хөөргөдөл бий болсон. ******* ******* ******* ХХК нь Г.*******тай байгуулсан гэрээний үнээр орон сууцыг худалдах нь алдагдалтай байснаас талуудын хооронд маргаан үүсч шилжүүлсэн 61,940,000 төгрөгийг буцаан авч, алдангиас татгалзсан.
******* ******* ******* ХХК алданги, хохиролд 61,940,000 төгрөг төлөх боломжгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх талуудыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэн орон сууцны үнэ 61,940,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-аас буцааж олгож шийдвэрлэсэн.
2.2. Г.******* ******* ******* ******* ХХК-тай орон сууцыг нэмэгдсэн үнээр худалдан авах боломжгүй учраас төлсөн төлбөрөө буцаан авч цаашдын ажилд саад болохгүй хамтран ажиллана. Алданги нэхэмжлэхгүй, үндсэн төлсөн төлбөрөө яаралтай гаргуулж авна гэж тохиролцсон.
2.3. Г.******* орон сууцны үнэ 30,970,000 төгрөгийг Г.*******аас зээлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан. Дээрх төлбөрийг төлөхгүй байсаар хүүд 37,000,000 төгрөг төлсөн байна. Г.******* болон Г.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нотариатаар баталгаажуулаагүй. Г.*******ийн эзэмшлийн 5040026774 тоот данснаас мөнгөн хөрөнгө шилжүүлж ... Г.*******гийн орон сууцны төлбөр, 707 тоот гэх утга бичсэн. Зээл гэж бичээгүй. Хэрэгт авагдсан Г.*******гийн эзэмшлийн дансны хуулгад 4 удаа гүйлгээний утга нь Тука Тука гэх утгаар 10,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 600,000 төгрөгийг Г.*******ийн данс руу шилжүүлсэн нь зээлийн гэрээний хүү төлснийг нотлохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 18,582,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,552,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 498,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 250,860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
4.1. Шүүх ... ******* ******* ******* ХХК орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс Г.******* гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж зөв дүгнэсэн хэдий ч хохиролд 18,582,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Г.******* орон сууцуудыг худалдан авахын тулд Г.*******аас 30,970,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараагаар худалдан борлуулж зээлийн төлбөрийг эргүүлж төлөхөөр тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр тогтоогддог. ******* ******* ******* ХХК орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс Г.******* бусдаас зээлсэн мөнгөн хөрөнгийг төлж чадахгүй cap бүр зээлийн хүүг төлж, хохирч байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон дансны хуулгаар тогтоогдоно.
Хариуцагчийн буруугаас гэрээнээс татгалзаж нэхэмжлэгч зээлийн хүү төлж хохирсон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс гэрээнээс татгалзсан 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаанд зээлийн хүүд 37,164,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хохиролд 37,164,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
6.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж ******* ******* ******* ХХК-аас 18,582,000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй. Г.******* ******* ******* ******* ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан ба 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцалж, эрх, үүргээс татгалзсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* ******* ******* ХХК-аас 61,940,000 төгрөг гаргуулж Г.*******д олгож шийдвэрлэсэн. Г.******* гэрээнээс татгалзсан үйл баримттай холбогдуулан ******* ******* ******* ХХК-аас алданги 30,970,000 төгрөг, хохирол буюу зээлийн хүүд төлбөр төлбөр 37,164,000 төгрөг, нийт 68,134,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Г.******* болон Г.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Зээлийн хүүд сар бүр 1,548,500 төгрөг төлж байсан гэх баримтгүй.
6.2. Мөн Г.*******гийн эзэмшлийн данснаас Тука гэх утгаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 12,200,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,032,140 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн хүү гэх утгаар шилжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 37,164,000 төгрөг, алданги 30,970,000 төгрөг, нийт 68,134,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс зээлийн хүү төлж хохирол учирсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол нэхэмжилж байна гэж тайлбарласан байна.
Хэргийн нотлох баримтаас үзвэл, талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбогдон үүссэн маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/0******* дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Г.*******, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нар 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан, ... учир гэрээний үүргийн гүйцэтгэл буюу орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхээ Г.******* алдсан гэж дүгнээд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээний дагуу төлсөн 61,940,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.*******д буцаан олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
1.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд гэрээнээс татгалзах үндэслэл нь гэрээний нэг талын үүргийн зөрчилтэй холбоогүй тул хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардах эрхгүй тул хариуцагчаас хохиролд 18,582,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
1.3.Талууд нэгэнт орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээнээс татгалзсан тул гэрээний нэмэлт үүрэг болох алданги шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, алдангид 30,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар зохигч гомдол гаргаагүй.
1.4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/02440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан алданги болон хохиролд нийт 68,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн төлсөн 250,860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД