Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

   2019         02           21                                     150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Г.Ням, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямд холбогдох эрүүгийн 1805 0424 31199 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, хүргэн ах, дүү нарын хамт оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 683 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11  дүгээр сарын 03-ны өдрийн 786 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д зааснаар ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосон, Ням.

 

Шүүгдэгч Г.Ням нь 2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Гурван билэг” их дэлгүүрийн гадна иргэн Э.Жаргалын “Самсунг Эс-7” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булаан авч зугтааж 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Ням мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтэд миний үйлдсэн гэмт хэргийг үнэн зөв бичсэн тул би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Ганданд байр түрээслэдэг байсан ба байрны эзэн байрны түрээсээ нэхээд маргааш өгөхгүй бол байрнаас гараарай гэсэн. Тэгээд мөнгө олох гэж хохирогчийн гар утсыг булаасан юм. Тухайн үед би согтуу байсан. Хойшдоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өмнө нь сургуульд сурч байгаад ар гэрийн гачигдалын улмаас сургуульдаа сурч чадаагүй. Одоо сургуульдаа үргэлжлүүлэн сурна. Хохирогчийн гар утсыг буцаан өгч хохирол төлбөрийг барагдуулсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Жаргал мэдүүлэхдээ:

Би 2018 оны 8 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим нагац ах Ихбаттай уулзахаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43-08 тоот гэрээсээ гараад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Гурван билэг” их дэлгүүрийн гадаа очоод дэлгүүрийн гадаа байсан сандал дээр суугаад ах руугаа залгах гэж байтал намхавтар нуруутай, бараан өнгийн хувцастай залуу миний гараас миний эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утасыг шүүрч аваад зугтаачихаар нь би түүний араас гүйгээд 88 дугаар цэцэрлэгийн тэнд гражуудын орчим тэр залууг барьж авсан боловч тэр залуу намайг нэг удаа алгадаад хашаа даваад зугтаачихсан юм. Би гар утсаа үл таних залууд булаалгаснаас хойш сар орчмын дараа Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс намайг дуудаж утас булаасан хүнийг барьсан талаар хэлсэн. Миний бусдад булаалгасан гар утсыг Солонгос улсаас миний төрсөн ах 2018 оны 01 дүгээр сард авч өгсөн. Эдлэж хэрэглээд удаагүй, шинэвтэр утас байсан бөгөөд би гар утсаа 500 000-700 000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утсыг булаасан залуугаас цагдаагаар дамжуулан гар утсаа буцааж авсан, мөн миний гар утасны арын шилэн таг хагарсан байсан тул хохиролд 40 000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 360 000 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Ням нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 683 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11  дүгээр сарын 03-ны өдрийн 786 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д зааснаар ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосон гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Ням нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Гурван билэг” их дэлгүүрийн гадна хохирогч Э.Жаргалын “Самсунг Эс-7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Жаргалын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Э.Жаргал нь “Би гар утсаа буцааж авсан, мөн нэхэмжлэлтэй холбоотой 40 000 төгрөгийг гаргуулж авсан болохоор гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул Г.Нямг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Г.Ням нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Нямг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Нямг хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Г.Нямд оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.Ням нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар  шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Ням нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нямд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН