Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 364

 

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн Арслан цохио 18-04 тоотод оршин суух Жаамаа овогт Жамганы Алтанзагасын /РД:АЭ82080804/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн Арслан цохионы 23-32 тоотод оршин суух Боржигон овогт Найманжингийн Мөнх-Эрдэнэд /РД:АЮ79051217/ холбогдох

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Алтанзагас, хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Алтанзагас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Алтанзагас миний бие 2008 онд Н.Мөнх-Эрдэнэтэй танилцаж хамтран амьдарсан.2012 оны 09 сарын 21-нд хүү Хаш-Эрдэнэ төрсөн. Н.Мөнх-Эрдэнэ нь 2012 оны 05 сард Солонгос улс руу явж ажилласан. 2013 оны 05 сард Солонгосоос ирсэн. Ирсэнээсээ  хойш ааш зан нь хувирч агсан тавьдаг байсан. Ажил хийж байгаа болзовч хүү бид 2-т мөнгө төгрөг,эд зүйлсийн туслалцаа үзүүлдэггүй. Н.Мөнх-Эрдэнэ айлын хүргэн болсон. Ж.Алтанзагас миний бие нь эм зүйч мэргэжилтэй сард 500.000 төгрөгийн цалинтай. Цаашид хүүхдээ хүмүүжүүлээд өсгөх боломжтой. Мөнх-эрдэнэтэй цуг амьдрах хүсэлгүй байна.Иймээс хүү Хаш-Эрдэнийн эцэг Н.Мөнх-Эрдэнээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 08 сард Алтанзагастай танилцсан. Тэгээд би 2012 оны 5 сард Солонгос улс руу яваад 2014 оны 06 сард ирсэн.  Би өмнө нь амьдралдаа алдаж байсан болохоор хүүхдээ өнчрүүлье гэж бодоогүй байсан. Ж.Алтанзагас нь байранд амьдрахгүй бол чамтай амьдарч чадахгүй, хүүхдээ би өөрөө өсгөж чадна гэж байсан. Би архи дарс уудаггүй байсан. Архинд орсон шалтгаан гэвэл: Энэ хүнээс болж сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирсон. Солонгост ажиллаж байхдаа толгой дээрээсээ хавтан унагаснаас болж одоо тархи толгойны өвчтэй болсон. Мөнгө эд зүйлийн туслалцааны хувьд өгч байсан. Солонгост ажиллаж байхдаа болно бүтнэ гэж бодоод Алтанзагасыг гуйхдаа 800000 вон зарцуулсан. Хаш-эрдэнийг төрөхөд 300000  вон, Алтанзагаст 6 сард 100000 вон, 8 сард 120000 вон, 10 сард 120000 вон, 11 сард 100000 вон, 2013.01.13-нд 400000 вон, 2013.02.10-нд 130000 вон, 4 сарын 20-нд утас, 130000 вон, Хаш-эрдэнэд 5 сарын 12-нд  40000 вон хувцас авч өгч явуулсан. 8 сарын 9-нд Алтанзагаст 140000 вон утас авч явуулсан. 8 сарын 11-нд Хаш-эрдэнэд 45000 вон хувцас авч явуулсан. Мөн утас 20000 вон, 20000 вон явуулсан. 9 сарын 18-нд Хаш-эрдэнэд төрсөн өдрөөр нь 200000 вон явуулсан. 11 сарын 13-нд өөрийн барьж байсан 270000 воны үнэтэй утсаа явуулсан. Энэ бүгд Солонгост ажиллаж байхдаа мөнгө болон эд зүйлс чадлынхаа хэрээр явуулж бйсан. Солонгосоос ирээд баяр ёслол болгонд бэлэг сэлт аваад орохоор хөөж туугаад өгч байсан юмнуудыг бага байна гэдэг. 2016 оны 03 сарын 30-ны өдөр Алтанзагас нь эгчтэйгээ ирж янз бүрээр доромжилж хэд хэдэн удаа өшиглөж гар руу төмөр шугамаар цохисон. Одоо ч сорви нь байна. Алтанзагас миний картыг булаан авч дансанд байсан 70000 төгрөгийг авсан. Мөнгө авчирч өгч хүүхэддээ хувцас авч өгч байж картаа ав гэж дарамталж байсан удаатай. Дараа нь Хан-Оюутаас Хаш-эрдэнэд 80000 төгрөгөөр хувцас авч өгч байж картаа авсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Энэ хүн миний амьдралаар тоглосон. Хүүхдийн мөнгө өгч чадахгүй. Миний хувьд өгөх гээд мөнгө төгрөг байхгүй. Энэ хүнээс болж байдгаа дууссан. Архи дарсанд орж хамаг юмаараа архи уугаад дууссан. Миний эрүүл мэнд ч муу байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Алтанзагас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид хоёр 2008 онд танилцсан. Тэгээд 2012 оны 5 сард Мөнх-эрдэнэ Солонгос явсан. Би 2012 оны 09 сарын 21-ний өдөр хүүгээ төрүүлсэн. Солонгост байх хугацаандаа хүү бид хоёрт ямар нэг туслалцаа үзүүлж байгаагүй. Тэнд байхдаа өөрийнхөө ах дүү нар л мөнгө явуулдаг байсан. Энд хашаа байшин авсан гэдгийг нь сонсоод очиж үзэхэд төвөөс хол , зам муу, хүүхэд өсгөхөд хэцүү газар байсан болохоор болохоор бүгдээрээ энэ хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа хийгээд байранд амьдръя гэсэн боловч хүний газар махаа зулгааж байж олсон мөнгөөрөө авсан, чи байранд амьдрана гэсэн сонирхолтой байна гээд маргалдаад салсан. Би эмнэлгийн байгууллагад ажилладаг учир гэр орондоо зарцуулах цаг бага байдаг болохоор байранд амьдаръя гэсэн санал тавьсан. Хүүхдийнхээ ирээдүйг бодож хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Н.Мөнх-эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ...Алтанзагастай 2011 оны 9 сард танилцсан. 2012 оны 5 сар хүртэл хот, аймаг хоёрын хооронд Солонгос явах виз хөөцөлдөөд их явдаг байсан.  Тэгээд 2012 оны 5 сарын 9-ний Өдөр Солонгос улсруу яваад, 2014 оны 5 сарын сүүлээр Монголд ирсэн. Хүний газар ажил мөнгө олох гэж их хэцүү байсан. Энэ 2 жилийн хугацаандаа хүүхэддээ маш их зүйл явуулж байсан. Нэхэмжлэл дээрээ он, саруудыг дандаа худлаа бичсэн байна. Би Солонгост 2 жил болсон. Ирээд эрэгтэй хүн юм чинь орох гэр оронгоо зохицуулъя гээд нэг хашаа байшин авсан. Тэгээд хамт амьдрая гэсэн байранд амьдарна, байрны зээл гээд надаас дааж давахгүй их зүйл нэхсэн. Эгч нар ч гэсэн манай дүүг байранд амьдруулахгүй бол битгий ойртоорой гэж хэлсэн. Хүний газар ажил хийж байж олж ирсэн хэдэн төгрөгөөрөө орон гэр бэлдсэн байхад байр нэхсэн учир сэтгэл санаагаар унаад архи уудаг болсон. Би уг нь 3 жил болоод ирье гэхэд  чи одоо ир, хүүхэд чинь чиний дүр төрхийг мартлаа гэсэн учир 2 жил болоод ирсэн. Одоо би энд Дашваанжил газ түгээх цэгт ажиллаж байгаа. Солонгост байхдаа аваарт орж 1 сар гаруй  эмнэлэгт хэвтсэн. Одоо хүртэл байнга толгой өвддөг учир энэ ажлаасаа хэд хоноод гарах гэж байгаа. Тиймээс хүүхэдийн мөнгө өгөхөөс татгалзаж байна. Хамгийн сүүлд  3 сарын 28-ны өдөр манай ажил дээр эгчтэйгээ ирээд хүүхэддээ мөнгө өг гээд загнаад гар руу төмөр шугамаар цохиод судас дайрсан учраас зөндөө цус гарсан. Одоо хүртэл энэ сорви нь байна. Би сард 200 000 төгрөгийн цалинтай. Бие муутай ээжтэйгээ хамт байдаг учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Эмэгтэй, эрэгтэй хүн хоёр хуулийн өмнө тэгш эрхтэй байх.Хаш-эрдэнэ миний хүүхэд мөн. Би энэ хүнээс болж амьдралаараа хохирсон. Би хамт амьдрахыг хүссэн. Одоо би хүүхдийн мөнгө өгч чадахгүй. Би гэр орноо бэлдээд хамт амьдаръя гэсэн боловч надтай цуг амьдрахгүй гэсэн.  Тэгээд сэтгэл санаагаар унаагаад архи уудаг болсон гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Алтанзагас нь хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч Ж.Алтанзагас, хариуцагч Ж.Мөнх-эрдэнэ нарын хүү Хаш-эрдэнэ 2012 оны 09 сарын 21-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төрөх газар төрсөн, одоо эрүүл өсөж бойжиж байгаа бөгөөд эх Ж.Алтанзагасаар овоглосон, хариуцагч Ж.Мөнх-эрдэнэ нь хүү Хаш-эрдэнийг өөрийн хүү болохыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, А.Хаш-эрдэнийн 0000812291, Г-451 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрсөнөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 26 , 35 дугаар зүйлд эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тодорхойлжээ. Хариуцагч Н.Мөнх-эрдэнэ өөрөө эдийн засгийн боломжгүй учир хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн тайлбар шүүхэд гаргаж байгаа боловч насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 09 сарын 21-нд төрсөн хүү Алтанзагасын Хаш-Эрдэнийг эцэг Н.Мөнх-Эрдэнээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Алтанзагасын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгон хариуцагч Н.Мөнх-эрдэнээс 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 09 сарын 21-ний өдөр төрсөн Алтанзагасын Хаш-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 настай /суралцаж байгаа бол 18 нас/  болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанзагасын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж түүний улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанзагаст буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН