Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

    2019         02           21                                      149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

шүүгдэгч: У.Оюун,

хохирогч: Ө.Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орсоо овогт Уламбаярын Оюунд холбогдох эрүүгийн 1805 0639 90034 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 6, ээж, дүү, 5-10 насны 2 хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Оюун.

 

Шүүгдэгч У.Оюун нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах оёдлын газарт иргэн Ө.Өлзийтэй оёдлын хөлс дутуу өгсөн гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Оюун мэдүүлэхдээ:

Тухайн өдөр хохирогч надаар өмд оёулах гэж орж ирсэн бөгөөд би түүний өмдийг оёж өгөөд “3000 төгрөг боллоо” гэхэд тэр надад 1000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёрын дунд маргаан болоод хохирогч ээжийгээ дуудсан. Ээж нь ирээд мөн адил маргаад миний толгой руу цохиж, 1000 төгрөгөө над руу шидсэн. Би “та яаж байгаа юм бэ” гэхэд намайг цохисон. Хохирогчийн нэхэмжилсэн 120 000 төгрөгийг би төлөхөөр авч ирсэн бөгөөд энэ мөнгийг хохирогчид хүлээлгэн өгөхийг хүсч байна. Мөнгө нь хүрэхгүй учраа хэлээд өөрт байгаа мөнгөө өгөөд үйлчилгээ авдаг хүмүүс олон байдаг. Би тухайн үед адилхан хохирсон боловч хоёр хүүхдээ хардаг, нэг хүүхэд маань сэхээнд байгаа болохоор шүүх цагдаагаар явахыг хүсэхгүй байна. Хохирогчийн биед гэмтэл учруулсан нь миний буруу. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ө.Өлзий мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ах эмнэлэгт хэвтэж байсан. Ахын өмд 5 см орчим урагдсан байсан бөгөөд уг өмдийг оёулахаар оёдлын газарт очиход таньдаг оёдолчин маань байхгүй байсан. Тэгээд би Оюунээр өмдөө оёулаад 1000 төгрөг өгөхөд “талхны ч үнэ хүрэхгүй энэ мөнгөөр чинь яадаг юм бэ, 3000 төгрөг авна гэсэн. Тэгэхээр нь би “эгчээ хажуу талын эгч дээр байнга оёулдаг юм, ийм оёдол 1000 төгрөг л болдог шүү дээ” гэхэд “жаахан хүүхэд байж иймэрхүү аргаар хүн луйварддаг юм байна, би оёсон оёдлоо ханзлана” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар ээждээ хэлэхэд ээж ирсэн. Тэгээд ээж “яагаад хүүхдийг маань доромжилж байгаа юм бэ” гээд оёдлын машин дээр мөнгийг нь тавиад гарах гэхэд хойноос үсдээд авсан. Бид харилцан үсдэлцсэн юм байхгүй. Энэ эгч намайг доошоо дараад тэнд ажилладаг эгч нар ирээд тойрог болоод зогссон. Ээж ирээд салгах гэхэд ээжийг ойртуулахгүй байсан. Би аргаа бараад Оюунээс “тавиач” гээд гуйхад хашгираад үсдээд байсан. Манай аав оёдлын газарт ирэхэд аавд “наад хоёр янханаа аваад яв” гэсэн. Аав маань мэдээж эхнэр хүүхдээ доромжлуулчихаад зүгээр байхгүй маргалдсан. Энэ үед миний ухаан самуураад коридорт ухаан алдаж унасан. Тэр үед хажуу талын хоёр оёдолчин эгч надад сандал авч өгөөд, ус хийж өгсөн. Тэгээд “энэ хүүхэн угаасаа ийм ааштай, шаардлагатай бол мэдүүлэг өгнө” гэж байсан. Сарын дараа уг хоёр эгчээс “мэдүүлэг өгөөч” гэхэд “хамт ажилладаг хүнийхээ эсрэг мэдүүлэг өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүсийн мэдүүлгийг уншихад бүгд адилхан мэдүүлэг өгсөн байсан. Миний үс их унаж, маш их өвдсөн. Миний ээж энэ хүнийг үсдээгүй. Би томографийн зураг авахуулахад 120 000 төгрөг төлсөн. Мөн дээр нь сэтгэл санааны хохирлыг нэмж, нийт 500 000 төгрөг нэхэмжилж байна. Миний толгой их өвдөж байсан. Би хичээлдээ явж чадаагүй. Толгой өвдөж байсантай холбоотой эм тариа авсан боловч тэр талаар баримтаа бүрдүүлээгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ариунаа мэдүүлэхдээ:

Би 2018 оны 12 дугаар сарын 02-нд эмнэлэгт хэвтэж байгаад дүүгийнхээ өмдийг оёулах гэж төрсөн охин Ө.Өлзийт 1000 төгрөг өгөөд оёдлын газар руу өдөр 12 цагийн үед гаргасан. Тэгээд гэртээ байж байхад манай охин залгаад оёдлын төлбөрт илүү мөнгө нэхээд байна гэхээр нь би араас нь Ахуй үйлчилгээний ордоны 2 давхарт байрлах оёдлын газар очиход 10 см хүрэхгүй оёдол хийгээд 3000 төгрөг нэхээд байхаар нь 1000 төгрөг байна гээд хэсэг маргалдаж байгаад охин бид хоёр гарах гэхэд шар үстэй оёдолчин эмэгтэй араас дуудаад над руу мөнгөө ав гээд шидсэн. Тэгэхээр нь би буцаагаад шидчихээд гарах гэтэл араас манай охиныг үсдэж татаад, газар унагаагаад зодсон. Тэгээд би очоод хүүхдээ салгах гээд нөгөө эмэгтэйтэй зууралдсан. Тэр үед тэнд байсан хүмүүс орж ирж салгасан. Тэгээд би нөхрөө дуудаад байж байхад манай охин коридорт гараад ухаан алдсан. Удалгүй түргэн ирээд Гэмтлийн эмнэлэг авч явсан. Тухайн үед уг оёдолчин эмэгтэй согтууруулах ундаа хэрэглээгүй, ажлын байран дээрээ байсан. Тэр өмд оёж өгсөн, шар үстэй намхан эмэгтэй илүү мөнгө нэхэснээс маргаан болсон. Би урьд нь хажуу талын өрөөнд байдаг оёдолчингоор зөндөө юм оёулдаг байхад төлбөр бага гардаг байсан. Энэ талаар тэр эмэгтэйд хэлэхэд өөдөөс үг сонсохгүй, хэрэлдээд хашгираад байсан. Тэр үед шар үстэй намхан эмэгтэй манай охиныг үсдээд газар унагаагаад гэдэс рүү нь өшиглөөд байсан. Охин бид хоёр эсэргүүцэж харилцан зодоон хийгээгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Тунгалаг мэдүүлэхдээ:

Би 2018 ны 12 дугаар сарын 02-ны өглөө 09 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний төв дээр ажил дээрээ очсон. Тэгээд өдөр 13 цагийн үед манай 2 давхарын 205 тоотод оёдол засварын өрөөнд эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь би яваад очиход оёдолчин Оюун, нэг охинтой үснээсээ харилцан зууралдсан, хажууд нь бас нэг 40 гаруй насны эмэгтэй оёдолчин Оюунийг хажуунаас нь бас үсдэж орилолдоод байсан. Тэгээд манай хамгаалагч Ширчин, хажуу талын гуталчин хамт байсан оёдолчин Ууганаа бид нар нийлж арай гэж салгасан. Тэгэхэд ээж нь бололтой эмэгтэй оёдолчин Оюунийг хэл амаар доромжилоод охин коридорт гараад утсаараа аавыгаа дуудаад байсан. Тэгээд удалгүй аав нь гэх эрэгтэй гаднаас орж ирээд ална, тална гээд дайраад орилоод байсан. Тэгээд аав, охин хоёр коридорт гараад түргэн дууд гээд аав нь дуудсан. Бид нар ч бас дуудсан. Тэгээд удалгүй түргэн ирээд тэр гурав гараад явсан. Тэдгээр хүмүүсийг юунаас болж маргасныг мэдээгүй. Сүүлд сонсоход оёдлын мөнгө дутуу өгснөөс болж хэрүүл маргаан болж, гаднаас ээж нь орж ирээд хэрүүл маргаан болсон гэсэн гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Хүчинтөгөлдөр мэдүүлэхдээ:

Би 2018 оны 12 дугаар сарын 02-нд өглөө 10 цагийн үед өөрийн ажил болох 3, 4 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах хувцас захиалга засварын газар ажил дээрээ ирсэн. Тухайн үед хамт ажилладаг Ууганаа, Оюунаа хоёр эгч ирсэн байсан. Тэгээд гаднаас нэг охин орж ирээд өмд оёулъя гээд сул байсан Оюунаа эгчээр оёулсан. Тэгээд оёж дуусаад төлбөр нь 3000 төгрөг гарлаа гэхэд нөгөө охин “тэнэг хүнтэй юм ярьж байгаа юм шиг, иймхэн юм оёход яахаараа 3000 төгрөг болдог юм бэ, 1000 төгрөг байхад болно гээд 1000 төгрөг өгсөн. Тэгэхэд Оюунаа эгч “тэгвэл би оёсон юмаа ханзалчихъя, би чамаас илүү мөнгө авах гээгүй, манай ханш угаасаа ийм байдаг” гэхэд нөгөө охин тэгвэл ээжийгээ дуудна, жоохон болохоор нь хүн дээрэлхэж болдог гэж бодоо юу гээд ээж рүүгээ залгасан. Тэгэхэд удалгүй гаднаас нэг эгч орж ирээд аль хүн нь юм гээд ууртай орж ирээд Оюунаа эгч рүү чи яахаараа миний жоохон охиныг хулхидаж илүү мөнгө авдаг юм гээд загнаад эхэлсэн. Тэгээд тэр 3-ын хооронд маргаан болж эхэлсэн. Тэгээд ээж нь чиний хийсэн оёдолд 1000 төгрөг байхад хангалттай гээд гараад явахад Оюунаа эгч ширээн дээр байсан 1000 төгрөгийг нь аваад араас нь гараад коридорт шидэхэд нөгөө эгч газар унасан мөнгөө манай өрөө рүү өшиглөсөн. Тэгэхэд Оюунаа эгч яаж байгаа юм гэхэд нөгөө эгч Оюунаа эгчийг гар цүнхээрээ толгой руу нь түлхээд чи яаж байнаа гэхэд нөгөө охин дундуур нь ороод үсдээд Оюунаа эгч бас зөрүүлээд үсдэхэд ээж нь бас Оюунаа эгчийг үсдээд бөөгнөрөөд өрөөнд ороод ирсэн. Тэгэхэд тэр охин хамгийн доод талд нь доошоо тонгойсон байдалтай, Оюунаа эгч дээр нь Оюунаа эгчийн дээр ээж нь хагас суусан байдалтай бие биенийгээ үсдсэн байсан. Тэгээд Ууганаа эгч салгах гэж дундуур нь орсон. Хажуу талаас хамгаалагч ах, гутал засварын ах орж ирээд салгасан. Тэгээд тэр охин аавыгаа дуудаад удалгүй аав нь орж ирээд бид гуравыг хэл амаар доромжилж заналхийлээд байсан. Тэгэхэд нөгөө охин манай өрөөнд зүгээр зогсож байгаад коридорт гараад хана налаад хагас суусан байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ширчин мэдүүлэхдээ:

Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний төв дээр ажил дээрээ ирсэн. Тэгээд өдөр 14 цагийн үед бүжгийн зааланд ажлаа хийгээд сууж байхад коридорт хоёр давхарт хүмүүс орилолдоод дуу чимээ гараад байсан. Тэгэхээр нь би яваад очиход 205 тоот өрөөнд оёдол засварын газарт оёдолчин эмэгтэйтэй ээж охин хоёр бололтой үйлчлүүлэгч нар хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд ээж нь бололтой эмэгтэй оёдолчин эмэгтэйг хэл амаар доромжилоод хараагаад заналхийлээд байсан. Тэгээд удалгүй аав нь орж ирээд бас дайраад хэл хамаар доромжилоод уурлаад байсан. Тэгэхээр нь би аавд нь хандаж чи ингэж болохгүй шүү дээ гэхэд чи юу вэ, чамд хамаагүй гээд байсан. Тэгэхэд манай зохион байгуулагч Тунгалаг ирээд намайг холдуулаад салгасан. Тэгээд би гараад явсан. Удалгүй цагдаа нар ирж харагдсан. Намайг өрөөнд яваад ороход хоорондоо салаад зогссон, зодоон болоод дууссан байдалтай, охин нь уйлсан зогсож байсан. Тухайн үед уг өрөөнд 3 оёдолчин, 1 үйлчлүүлэгч, тэр ээж, охин хоёр байсан гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14281 тоот дүгнэлтэд:

1. Ө.Өлзийийн биед тархи доргилт, зулай, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

У.Оюун ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч У.Оюун нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах оёдлын газарт хохирогч Ө.Өлзийтэй “оёдлын хөлс дутуу төллөө” гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг үсдэж зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Өлзий, гэрч Н.Ариунаа, Ж.Тунгалаг, С.Хүчинтөгөлдөр, Н.Ширчин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14281 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд У.Оюунийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 120 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн тул У.Оюунийг энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хохирогч Ө.Өлзий нь сэтгэл санааны хохирол 380 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Оюунийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Оюунийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Оюун нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Оюун цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Өлзийт 120 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар сэтгэл санааны хохиролд 380 000 төгрөг У.Оюунээс гаргуулах үндэслэлгүй тул Ө.Өлзийийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Оюунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН