Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

   2019          02          15                                     134

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч: У.Туяа, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /0229/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туяад холбогдох эрүүгийн 1803 0092 90001 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, сард 680 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, 4 настай хүүхдийн хамт оршин суух,

-2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Туяа.

Шүүгдэгч У.Туяа нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн конторын үйлчлэгч ажилтай ба иргэн Ч.Чимэг ээс түүний хүүхэд Х.Эрдэнэбатад мэргэжил сургалт үйлдвэрлэлийн үнэмлэх гаргаж өгөхөөр 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 650 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг буюу нийт 1 350 000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэж, залилах гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Туяа мэдүүлэхдээ:

   Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Хойшдоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Чимэг  мэдүүлэхдээ:

2016 онд би Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед манай палатад Туяа цуг хэвтэж байсан. Манай хүүхдүүд намайг эмнэлэгт эргэж ирэх үед нь Туяа манай хүүхдүүдийг таниад байсан. Туяа өөрийгөө Замын 2 дугаар ангид диспечер хийдэг, нөхрийгөө замчин хийдэг, танай хүргэнтэй нэг төгсөлт гэж ярьж байсан. Эмнэлэгт хэвтэж байх үедээ утсаараа байнга ажил яриад байдаг байсан. Тийм орон тоон дээр ажилд оруулж өгнө, талыг нь урьдчилж авна, талыг нь ажилд оруулж өгснийхөө дараа авна гээд л хүмүүстэй яриад байдаг байсан юм. Тухайн үед надад Туяатай харьцах шаардлага гараагүй учраас яриаг нь сонсоод өнгөрч байсан. Би эмнэлгээс гарсныхаа дараа Туяатай хааяа нэг холбоотой байдаг байсан юм. Над руу ч ярьдаг байсан. Манай бага хүү Биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаагүй тул төмөр замд замчинаар ажилд оруулах гэтэл замчин гэсэн мэргэжлийн үнэмлэхийг нь аваад ир гэсэн шаардлага тавихаар нь Сайншандын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн захирал Баяраа гэдэг хүнтэй утсаар ярихад “ажилладаг нь үнэн гэсэн байгууллагын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 1 350 000 төгрөг тушаасан баримтын хамт санхүүд үлдээчихээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тодорхойлолт хайгаад олон хүн рүү ярьсан боловч бүтэхгүй байсан тул Туяа руу залгаад “танайх түр замчин хэзээ авдаг юм бэ, би хүүхдээ ажилд оруулах гэсэн чинь тодорхойлолт хэрэг болоод байна” гэж хэлтэл “юун тодорхойлолт, яг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ” гэхээр нь “хүүхэддээ МСҮТ-ийн үнэмлэх Сайншандаас авах гэсэн юм” гэж хэлтэл “юу гэж тэнэгтээд байгаа юм, та надтай харьцаач, надаас аваач, би гаргаж байгаа шүү дээ, над руу мөнгөө явуулаач” гэхээр нь “үнэн юм уу” гэж асуутал “1 350 000 төгрөг” гэхээр нь “хаанаас гардаг юм бэ” гэж асуухад “Сайншандаас гардаг” гэж хэлсэн. Би “надад тийм их хэмжээний мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “өнөө маргаашгүй өгөхгүй бол хоцорлоо, эхнийх нь материалууд явчихсан, та 650 000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь мөнгөнийхөө үлдэгдэлийг харчихаад эргэж залгая гэж хэлээд утсаа тасалсан. Би мөнгөнийхөө үлдэгдэлийг үзчихээд буцаад Туяа руу залгаад “надад 650 000 төгрөг л байна, өөр мөнгө алга” гэж хэлтэл “та 650 000 төгрөгөө явуулчих, үлдэгдэл мөнгийг нь удахгүй явуулаарай, тэгээд хүүхдийнхээ иргэний үнэмлэхийг бас явуулаарай, би тань руу данс явуулъя” гэхээр нь би “юун данс юм бэ” гэж асуутал “үнэмлэх гаргадаг хүний данс” гэж хэлэхээр нь дэвтэр дээрээ бичиж авсан. Тэгээд Туяагийн өгсөн данс руу интернет банкаар 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 650 000 төгрөгийг шилжүүлэхэд Мөнхбат гэдэг хүний нэр гарч ирэхээр нь би явуулчихаад хэсэг хугацааны дараа залгаад “мөнгийг чинь явуулчихлаа, Мөнхбат гэдэг хүний нэр гарч ирж байна, хүүгийн маань материалыг хоцроовоо” гэж хэлтэл “мэдэж байнаа, машинаа засуулаад завгүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Үүнээс хойш би Туяа руу залгаад “манай хүүхдийн материал юу болсон бэ” гэж асуутал “та үлдэгдэл мөнгө өгчих юм бол үнэмлэх нь гарах гээд байна. Таны өгсөн 650 000 төгрөг дээр 700 000 төгрөгийг чинь нэмээд 1 350 000 төгрөг болоод банкинд тушаагаад баримтыг нь үнэмлэх гаргадаг хүн рүү явуулаад хүүхдийн чинь үнэмэх гараад ирнэ, ганцахан танай хүүхдийн мөнгө дутуу байна” гэж хэлэхээр нь би охин Урантогос руу залгаад 700 000 төгрөг дүүгийнхээ төлөө нэг хүний данс руу хийгээд өгөөч гэж гуйж үзсэн, аргадаж үзсэн, загнаж үзэж байж нэг юм 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг шилжүүлсэн. Би Туяа руу залгаад “мөнгийг чинь хийчихлээ шүү, 1 350 000 төгрөг тушаасан гэсэн баримтаа явуулаарай” гэж хэлсэн боловч өгөөгүй. Надад ирэх 7 хоногоос ирээд үнэмлэхийг нь аваарай гэж хэлэхээр нь “эгч нь очиж чадахгүй, охин юм уу хүргэнийг явуулна” гэж хэлсэн. Манай хүргэн Баттөгс “би замын мэргэжлээр ажилладаг хүн. Албанд Мөнхбат гэдэг замын мэргэжлээр ажилладаг хүн байхгүй, та ямар хүнд мөнгө өгчихсөн талаараа яриадах” гэж хэлэхээр нь би болсон явдлын талаар ярьсан чинь “яг хэн гэдэг хүнд мөнгө өгсөн юм бэ” гэж асуухаар нь “замын 2 дугаар ангид диспетчер хийдэг Уранчимэг гэдэг хүнд мөнгөө өгсөн” гэж хэлтэл “тэр хэзээдээ диспетчер болчихдог юм бэ” гэж асуухаар нь диспетчер л хийдэг гэсэн гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа манай хүргэн “нөгөө хүүхэн чинь нөхрийнхөө дансаар мөнгийг чинь авчихсан байна, нөхөр нь манай ангийг төгссөн Мөнхбат гэдэг залуу байна. Мөнхбатаас дансыг нь асуусан чинь данс нь мөн байна гэж хэлсэн. 2018 оны наадмын өмнө Туяа руу залгаад “манай хүүхдийн материал ирсэн үү гэж асуухад “эхний 5 хүүхдийнх нь ирсэн, танай хүүхдийнх байхгүй” гэхээр нь “хэзээ ирэх юм бэ” гэж асуутал “дараагийн 7 хоногт ирнэ” гэж хэлсэн. Тэгээд наадмын дараа дахиад ярихад “үнэмлэх гарчихсан байгаа, нөгөө хүн нь цүнхлээд яваад байна” гэхээр нь “үнэмлэх гаргасан хүнийхээ утасны дугаарыг нь өгчих” гэтэл “би өөрөө аваад өгнө” гэж хэлээд утсны дугаарыг нь өгөхгүй байсан. Тэгснээ хэсэг хугацааны дараа Туяа над руу залгаад “би үнэмлэхийг нь өөртөө авчихлаа, миний гар дээр байна, та маргааш хүүхдээ албан дээр байж бай гэж хэл, би өмнөөс нь өргөдөл бичээд цохолт хийлгээд ажилд оруулах гэж байна, та хахуулийн мөнгө өгөх юм байгаа биз дээ” гээд байхаар нь би хүү рүүгээ залгаад “миний хүү маргааш хүрээд ирээч, ажил чинь бүтэх гэж байх шиг байна” гэж хэлээд хүү маань маргааш нь ирсэн. Тэгээд албан дээр үүдэнд суулгаж байгаад дарга нь байхгүй байна гэж хэлээд дагуулаад гарч ирээд юмыг нь бүтээгээд залгая гэж хэлээд явуулчихсан байсан. Үүнээс хойш удаа дараа залгахаар утсаа авахгүй, утсаа авахаараа Борхүү даргаар цохолтыг нь хийлгэчихсэн, хүүхдээ Дарханд бэлэн байлгаж бай гэж хэлсэн. Би эмнэлэгт хэвтэхээр 2018 оны 10 сард ирээд Туяа руу залгаад “үнэмлэхийг нь авъя” гэж ярьсан чинь “нэгдэх өдөр эмнэлэг дээр чинь аваачаад өгье” гэхээр нь хүү рүүгээ залгаад “галчаар ажилд орох уу” гэж асуутал “юу гэж галчаар ажилд орж байдаг юм, үнэмлэхээ авъя, эсвэл мөнгөө авъя, өчнөөн сар болчихлоо” гээд уурлаад байхаар нь би Дарханы харъяа Салхитын үе угсрах автобаазын дарга Батнасан руу залгаад “замын хоёр дугаар ангийн жижүүр Туяа хүн ажилд оруулна гээд материал өгсөн үү” гэж асуутал “надад ямар ч Туяа материал өгөөгүй” гэж хэлсэн. Би эмнэлгээс гарахаас өмнө Замын 2 дугаар ангийн дарга Дашравдан гэдэг хүнтэй уулзаад Туяаг өрөөнд нь дуудуулсан, дарга нь та хоёр өөрсдөө учраа ол гэж хэлээд гаргасан. Туяа “үнэмлэх гаргадаг хүн тусгай кодоор гаргадаг, танай хүүхэд хоцорчихоод байхад нууц код олгож гаргасан, гаргаж байгаа хүн нь асуудалд орно, албан дээгүүр бөөн юм болно, та аягүй бол олон хүнийг хэрэгт хийчихлээ” гэхээр нь “гаргасан үнэмлэхээ аваад ир, би хянуулъя, хуурамч байх юм бол би хуулийн байгууллагаар шалгуулна” гэж хэлээд цэвэрлэгчийн өрөөнөөс нь гарч яваад цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хандсан. 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Долоодын хөндийн зөрлөгийн 2-1 тоотод амьдардаг гэрээсээ интернет банкаар өөрийнхөө 5050004907 дугаарын данснаас үнэмлэх гаргадаг хүний дансны дугаар гэж Туяагийн өгсөн Хаан банкны 5015272632 дугаарын данс руу 650 000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр охин Урантогосын данснаас Хаан банкны 2015372632 дугаарын данс руу 700 000 төгрөг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 7-9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Урантогос мэдүүлэхдээ:

Ч.Чимэг  нь миний төрсөн ээж маань байгаа юм. Туяа нь манай ээжтэй эмнэлэгт хамт хэвтэж байсан. Ээжийг эргэж очих үед намайг танилцуулж байсан. Сүүлд сонсоод байсан чинь манай нөхрийн найзынх нь салчихсан эхнэр нь байсан юм билээ. Харин Өлзийжаргал гэдэг хүнийг танихгүй. Манай ээж миний төрсөн дүү Эрдэнэбатад “замчины үнэмлэх авч ажилд оруулахаар тохирчихсон байгаа юмаа, эхлээд 650 000 төгрөгийг нь өгчихсөн. Одоо яаралтай 700 000 төгрөг данс руу нь шилжүүлэхгүй бол үнэмлэх нь хэвлэлтээс хоцрох гээд байна” гэж хэлэхээр нь би 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг өнгөрөөгөөд 24 цагаар ажилладаг хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн Голомт банкаас 700 000 төгрөгийг Мөнхбат гэх хүний 5015272632 дугаарын данс руу шилжүүлчихээд ээж рүүгээ залгаад мөнгө шилжүүлсэн гэдгээ хэлсэн гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Өлзийжаргал мэдүүлэхдээ:

Би Чимэдцэрэнгийн Чимэг  гэдэг хүнийг танихгүй, харин 2016 оны 6 дугаар сард Замын 2 дугаар ангид зам тосолгооны вагоны үйлчлэгчээр ажилд ороход Улаанхүүгийн Туяа нь Замын 2 дугаар ангид зам тосолгооны вагоны үйлчлэгчээр ажилладаг байсан. Тэр цагаас хойш таньдаг болсон. Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1 жил сурсан, үнэмлэх ерөөсөө гаргаж байгаагүй, хэн нэгэнд 1 жил сурсан гаргуулж өгнө гэж мөнгө төгрөг авч байгаагүй. Туяа надад мөнгө өгсөн гэж мэдүүлэг өгсөн талаар өнөөдөр л сонсож байна. Би Туяагаас үнэмлэх гаргаж өгнө гэж нэг ч төгрөг аваагүй. Танаас сонсоод Туяа руу “юун 1 350 000 төгрөгийн яриа гаргаад байгаа юм бэ” гэж асуухад Туяа “би аваагүй гэдгээ хэлэхгүй” гэж надад хэлсэн. Туяа нь ажил дээр Өлзийжаргал эгч цагдаа дээр шалгагдаад тэрнийх нь балгаар би дуудагдаад байна гэсэн яриа гаргасан байна лээ. Би ажлаа хийж байгаад нуруугаа хугалаад хэвтэрт ороод ажлаасаа гарчихсан, одоо хаана байгаа нь олдохгүй, ор сураггүй алга болчихсон гээд яриад яваад байгааг нь ойлгохгүй байна гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Мөнхбат мэдүүлэхдээ:

У.Туяатай 2012 онд Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид ажиллаж байхдаа танилцаад 2013 оны 9 сараас хамт амьдраад охин Мөнхбатын Ундрах нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Туяа бид хоёр 2016 оны 3 дугаар сараас тусдаа амьдардаг болсон. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Би Хаан банкны 5015272632 дугаартай данс эзэмшдэг, би 2018 оны 9 сард Туяагаас виза картаа авчихсан. 2017 оны 10 дугаар сарын үед Туяа вагон буулгахдаа цалингаа авах гэсэн юм гэж хэлээд надаас миний Хаан банкны виза картыг авсан. Вагон буулгасан ханшаараа л мөнгө орж ирдэг байсан. Нэг вагон буулгахад 50 000 төгрөг авдаг байсан. Миний Хаан банкны данснаас орлого орж, зарлага гарахад мессеж ирдэг. Туяа надад “мөнгө орж ирэх байх  шүү, буцаад хүн рүү шилжүүлнэ, битгий аваарай” гэж хэлсэн. Тэгээд шилжиж орж ирсэн мөнгөнөөс яг хэдэн төгрөгийг нь авсныг санахгүй байна. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Туяа “виза картыг чинь алдчихлаа, дансанд хүний мөнгө байгаа юм, мөнгийг нь алдчихаж магадгүй дансаа хаалгачих” гэхээр нь би дансаа хаалгасан. Дансаа хаалгаснаас хойш 6 сарын дараа багтаагаад үлдэгдэл мөнгө болох 500 000 орчим төгрөгийг бэлнээр аваад Туяад өгсөн. Туяа “хүн мөнгө шилжүүлэх байх шүү, буцаагаад шилжүүлэнэ шүү” гэж л хэлсэн. Тэрнээс надад нарийн ширийн юм яриагүй. 2018 оны 7 сард буюу наадмын дараа Тээврийн дээд сургуульд нэг ангид хамт сурч төгссөн Баттөгс над руу залгаад “танай эхнэр чинь бичиг баримт гаргадаг нь үнэн юм уу” гэж асуухаар нь би замчины улаан үнэмлэх гаргуулах гэж байгаа юм байна гэж ойлгоод “Туяа хичээгээд явах юм бол бичиг баримтыг гаргаад өгчих боломжтой” гэж хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Баттөгс над руу залгаад “танай эхнэр манай хадам ээжтэй ярилцаад манай хадам дүүд мэргэжлийн үнэмлэх гаргуулж өгнө гээд манай эхнэр 2 хуваагаад чиний данс руу мөнгө шилжүүлсэн байна” гэж хэлэхээр нь би замчины үнэмлэх биш мэргэжилийн үнэмлэх гаргуулана гээд мөнгө өгснийг ойлгосон гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Я.Долгормаа мэдүүлэхдээ:

Төмөр замын байгууллагад замчин албан тушаалд томилогдохын тулд бүрэн бус дундаас дээш боловсролтой, төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Дорноговь аймгийн Сайншанд дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Барилга технологийн коллежийг төмөр замын замчин мэргэжлээр төгссөн үнэмлэхтэй хүн замчинаар ажилд орохдоо ажил олгогчид ажилд орох хүсэлт гаргасны дагуу эмнэлгийн үзлэгт оруулж тэнцэх юм бол мэргэжлийн шалгалт аваад зэргийг нь тодорхойлоод шалгалтандаа тэнцсэн тохиолдолд ангийн даргын тушаал гаргаж ажилд томилдог болсон. Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дугаар тушаалд төмөр замын байгууллага түүний салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын, тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана гээд жагсаалтынн 3.8-д замчин гэж тусгаж өгсөн байна. ...мэргэжил сургалт үйдвэрлэлийн төвийг замчин мэргэжлээр 1 жил сурахгүйгээр мэргэжлийн үнэмлэх гаргуулах боломжгүй. Боловсролын яам үнэмлэхийг гаргаж өгдөг учраас мэргэжлийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэх боломжгүй гэж ойлгож байна гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Эрдэнэбат мэдүүлэхдээ:

Манай ээж, эгч хоёр төмөр замд ажилладаг болохоор би төмөр замд ажиллах сонирхолтой тул ээждээ “төмөр замд ажилд ормоор байна, тэгэхийн тулд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах шаардлагатай юм байна” гэж хэлж байсан. 2018 оны 6 дугаар сарын үед манай ээж над руу залгаад “Улаанбаатар хотод ирээд нэг хүнтэй уулзаад иргэний үнэмлэхээ өгөөдөх” гэхээр нь би намайг ажилд оруулах гэж байгаа юм байлгүй гэж бодоод Баруунхараагаас ирээд Туяа гэдэг хүнтэй Улаанбаатар төмөр замын удирдах газарт уулзаад өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгөөд явсан. Надаас иргэний үнэмлэхийг аваад “ээжтэй чинь ярьчихсан байгаа” гэж хэлсэн. Би ээжээсээ ямар учраас миний иргэний үнэмлэх авч байгаа талаар асуугаагүй, намайг ажилд оруулах гэж байгаа юм байна гэж бодсон. Би мэргэжлийн үнэмлэх гаргуулах гэж байгаа талаар мэдээгүй, намайг ажилд оруулах гэж байгаа гэж бодсон. Тухайн үед ээжийг хүнд мөнгө өгсөн талаар мэдээгүй. Харин цагдаагийн байгууллагаас намайг дуудах үед би ээжээс ямар учраас цагдаагаас дуудаад байгаа талаар асуухад “чамайг ажилд оруулах гээд хүнд мөнгө өгчихсөн байсан юм, тэр хүнээсээ мөнгөө авчихсан. Тэр талаар чамаас байцаалт авах гэж байгаа юм байна” гэж хэлэхээр нь би ирж байгаа юм гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

У.Туяа нь 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

   

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч У.Туяа нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн конторын үйлчлэгч ажилтай атлаа “би тус ангид диспечер ажилтай, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан тухай үнэмлэх гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 650 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг, нийт 1 350 000 төгрөгийг авч хуурч мэхлэж, залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Чимэг , гэрч Х.Урантогос, Г.Өлзийжаргал, Э.Мөнхбат, Я.Долгормаа, С.Эрдэнэбат нарын мэдүүлэг, Хаан банкнаас ирүүлсэн Ц.Чимэг ийн 5050004907 тоот дансны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкнаас ирүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч У.Туяагийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Чимэг  хохирлын 1 350 000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.Туяа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Туяаг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Туяаг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Туяа нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Чимэг т 1 350 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол У.Туяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Туяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН